Горбачевыг ЗХУ-ыг задалсны төлөө эрүүгийн хариуцлагад татахыг шаардав
2016.03.18

Горбачевыг ЗХУ-ыг задалсны төлөө эрүүгийн хариуцлагад татахыг шаардав

Оросын коммунист намынхан ОХУ-ын Ерөнхий Прокурорт хандаж ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч М.Горбачевыг “эх орноосоо урвасан”, “ард түмнээ сонсоогүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татах хүсэлт тавьжээ. Түүнчлэн тэд М.Горбачевын хөрөнгийг хураахыг шаардаж байна.

Оросын Коммунист намын дарга Максим Сурайкин хэлэхдээ “1991 онд иргэдийн олонхи нь ЗХУ-ыг хэвээр хадгалахыг дэмжсэн. Гэвч Михаил Горбачев үүнийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байсан ч ард түмнээ үл сонсч, ЗХУ-ыг аврах ямар ч алхам хийгээгүй” гэжээ.

Коммунистууд мөрдөн байцаах ажиллагааны явцад Горбачевыг гадаадад зугтахаас сэргийлж баривчлах хэрэгтэй гэж үзэж байна.

Харин Горбачев өөрөө  “Русская служба новостей” сонинд ярилцлага өгөхдөө ЗХУ-ыг авч үлдэхийг үнэхээр хүсдэг байсан бөгөөд 1991 оны ард нийтийн санал асуулгаар ч ард түмэн үүнийг дэмжсэн гэжээ.

... Коммунистууд Ерөнхий Прокурорт хандахаас хоёр хоногийн өмнө, энэ сарын 15-нд Оросын Либерал Ардчилсан намын гишүүд “ЗХУ-ын Ерөнхийлөгч М.С.Горбачев, ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцин нарын улс төрийн үйл ажиллагааг гэмт хэрэгт тооцох тухай” хуулийн төслийг Төрийн Думд өргөн барьсан юм ...

Энэ тухай тус намын дарга В.Жириновский мэдэгдэв.

Энэхүү хуулийн төсөлд бичсэнээр 1990-иэд онд ЗХУ задарсан явдал, үндэстэн хоорондын зөрчилдөөн, олон тооны зэвсэгт мөргөлдөөн, өвчин эмгэг, нас баралт, архичид, хар тамхичдын тоо өссөн нь, сая сая хүний амьдралын түвшин унасан зэрэг нь тохиолдлын хэрэг биш. Хуулийн төсөл санаачлагчдын үзэж буйгаар энэ бол Горбачев, Ельцин хоёрын зөрчилтэй, бодлогогүй шийдвэрүүдийн үр дагавар аж.

Түүнчлэн 2014 оны гуравдугаар сард “Нэгдсэн Орос” нам, “Оросын Коммунист нам”, Либерал Ардчилсан намын төлөөллөөс бүрдсэн Төрийн Думын хэсэг гишүүд ЗХУ-ын задралыг хууль бус үйлдэлд тооцож, “зөвлөлтийн салан тусгаарлагчдыг” хариуцлагад татах саналыг Ерөнхий Прокурор Юрий Чайкад хүргэж байжээ.

Оросын олонхи иргэд одоо болтол ЗХУ задрах ёсгүй байсан гэж үздэг. 1991 оны гуравдугаар сарын 17-нд ЗХУ-д ард нийтийн санал асуулга болж  “Та ЗХУ-ыг аль ч үндэстэн, ястны эрх, эрх чөлөөг дээдэлсэн, тэгш эрх бүхий бүгд найрамдах улсуудаас бүрдсэн Холбооны улс байхыг дэмжиж байна уу” гэсэн асуултад иргэд хариулж 77 хувь нь “тийм” гэж хариулсан байна. Гэвч зарим нөхцөл байдлын улмаас ЗХУ задран унасан юм.