Япон улс: Ердөө л 5 жилийн дотор нэг сая хүнээр хорогдож байна
Хүүхдүүдээ алдаж буй Япон улс
Саяхныг хүртэл Япон улсын хүн амын бууралт нууцлаг байдалтай байсан. Тэгвэл хоёрдугаар сарын 29-нд олон нийтэд зарласан хүн амын тооллогын дүнгээр “Өнгөрсөн таван жилийн хугацаанд Япон улсын хүн ам нэг саяар хоргодсон” хэмээх цочирдмоор тоо гарчээ.
Энэ бол таван жилийн дотор АНУ-ын Сан-Франциско хотын нийт хүн ам үгүй болсонтой адил юм. Японы хүн амын тооллого 1920 оноос хойш анх удаа ийнхүү сөрөг үзүүлэлттэй гарч байна.
“Atlantic” сэтгүүлийн 2011 оны тоот дугаарт хэвлэгдсэн нэгэн нийтлэлд “2020 он гэхэд Япон улсын том хүний живхний эрэлт хүүхдийн живхний эрэлтийг давах болно” гэдгийг харуулсан тоон үзүүлэлт нийтлэгдсэн байдаг. Живхний зах зээлийн шилжилт 2011 оноос эхэлсэн бөгөөд одоо хүртэл явагдсаар л байна.
Хүн амын тоотой уялдан Япон улсын зарим суурин хот хоосон оргих болжээ.
Токио болон бусад үндсэн мужуудын хүн ам өссөөр байна. Харин бусад 39 мужид байдал эсрэгээрээ байна. Тухайлбал 2011 онд цунамид өртсөн Фүкүшима муж нийт 115 000 хүнээ алджээ.
Мэдээж Япон улс ганцаараа өтлөөгүй. Европ болон Ази тивийн улс орнууд тэдэнтэй зэрэгцэж байна. Ингэхээр дэлхийн хүн ам хамтдаа өтөлж байна гэж хэлж болно. АНУ-д гэхэд л нэг эмэгтэй дунджаар хоёр болон түүүнээс олон тооны хүүхэд төрүүлдэг байсан. Гэтэл уг тоо 2010 оноос хойш идэвхтэй буурсаар л байна. Гэхдээ АНУ нь бусад орнуудаас ихээхэн ялгаатай. АНУ бол цагаачдын улс. Энэ нь тус улсыг ( мөн ажиллах хүчинг) байнга залуу байлгадаг суурь хүчин зүйл юм.
Харин Япон бол үндсэрхэг үзэлтэй ард түмэнтэй улс. Японы Засгийн газраас цагаачдын тоог хатуу тогтоодог бөгөөд нийт хүн амын ердөө хоёр хувийг цагаачид эзэлдэг.
Тэд яагаад хүүхэд төрүүлэхээс цааргалж байна вэ?
Өнгөрсөн оны байдлаар Япон улсад ердөө л нэг сая илүү хүүхэд мэндэлсэн. Энэ нь тус орны хүн амыг хэвийн хэмжээнд байлгахад зохих тооны хаана нь ч хүрэхгүй. Энэ байдал цааш үргэлжилвэл 2060 онд гэхэд Япон улсын хүн ам 127 саяас 87 сая болтол буурна гэсэн тооцоолол бий.
Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хүүхэд төрүүлэхийг дэмжсэн төрөл бүрийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байна.
Үүний нэг нь эмэгтэйчүүдэд зориулсан гарын авлага. Уг гарын авлагад “Өндгөн эс хэзээ хамгийн их, бага боловсордог” болохыг залуу эмэгтэйчүүдэд энгийнээр тайлбарласан байна. Мөн тус улсын Засгийн газраас хосоо олох арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх болсон.
Хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн тоо буурах тусам хүн ам зүйн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. 2015 оны тавдугаар сарын тайланд 2040 он гэхэд 500 болон түүнээс илүү тооны суурин хотууд алга болох төлөвтэй байгааг онцолсон байдаг. Учир нь эмэгтэйчүүд том хотуудыг чиглэсэн их нүүдэл хийх болжээ Япон улсын ажиллах хүчний тоо аль хэдийн хумигдаад эхэлсэн бөгөөд одоо бол ирээдүйн өсөлтөд заналхийлэл учруулах түвшинд байна.
Төрөлт багасахад хүргэж буй үндсэн хэд хэдэн шалтгаан бий.
Төрөлт багасахад хүргэж буй үндсэн хэд хэдэн шалтгаан бий. Юуны түрүүнд Япон залуучууд гэрлэх нь цөөрч байна. Эсвэл гэрлэх насаа хойшлуулсаар байна. Япон эмэгтэйчүүдийн гуравны нэг нь ажил хийхгүйгээр хүүхдээ асарч гэртээ суухад бэлэн байгааг тоон үзүүлэлт харуулдаг. Гэвч ийм хэлбэрийн буюу уламжлалт гэр бүлийг дэмжих эр хүнийг олоход тун бэрх болсон аж. Японы эдийн засаг сайн байхад чадварлаг ажилчид ажлын байрандаа санаа зовинодоггүй байсан. Үүнийг “Насан туршийн ажил эрхлэх систем” хэмээн нэрлэдэг. Одоо бол иргэдийн дийлэнх нь хагас цагийн эсвэл түр хугацааны ажил эрхэлж, амь зуух болсон байна.
Гэрлэлт, төрөлтийг хойш татаж буй өөр нэг хүчин зүйл бол Япон улсын “Корпорацийн соёл” болон “Хүүхэд харахад хүндрэлтэй байдал” билээ. Өнөөгийн нийгэмд хүүхэд төрүүлэх л юм бол карьераасаа татгалзах хэрэгтэй болдог.
Дээрхээс гадна Япон улсын нийгмийн “Бичигдээгүй хууль” төрөлтөд хүндрэл учруулах болсон. Үүний нэг илрэл бол гэрлэлтээс гадуур төрсөн хүүхэд нийт хүүхдийн 2 хувийг эзэлдэг.
Тэгтэл энэ тоо бусад баян орнуудад 30-50 хувьтай байдаг. Ингэж үзвэл гэрлэлт болон төрөлтийн тоо шууд хамааралтай болж байна. Мөн хүүхэд өсгөх зардал өндөр тул шинэхэн гэр бүлүүд “Нэг хүүхэд бодлого”’ баримтлах болсон.
Гэхдээ тус улсын хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл нь төрөлтийн тоог нэмэх боломжтой гэж үзэж байна. Хэрэв компаниудын зүгээс шинэ, залуу ажиллагчдад тавих халамж, анхаарлаа нэмж, бусад ахмад ажиллагчдаас ирэх дарамт шахалтыг бууруулж чадвал залуучуудын дунд гэрлэх хандлага өргөн дэлгэрч, гэр бүл зохиох нь ихэснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар энэ талаар авч хэрэгжүүлэх маш олон арга зам байгааг ярьсан боловч шийдэл болгохоос цааргалсаар байна. Харин Ш.Абэгийн засгийн газар “Эмэгтэйчүүдэд карьер болон хүүхдээ өсгөхийг хослуулахад” нь туслах ажилд гар шамлан орсон. Харамсалтай нь ихэнх хүн амзүйчид Японы төрөлт нэмэгдэх нь нэгэнт оройтсон хэмээн үзэж байгаа гэж мэдэгдсэн байна.