ОХУ энэ оны газрын тосны үнэд хүчтэй нөлөөлөх төлөвтэй байна
Дэлхийн газрын тосны асуудал цааш үргэлжилсээр. Газрын тос олборлогч гол тоглогчид үнийн уналтын улмаас санхүүгийн хувьд хүнд байдалд орж, ОПЕК-ийн зарим тогтворгүй гишүүн орнуудад хүчирхийлэл, улс төрийн замбараагүй байдал үүсээд байна.
Ийм нөхцөл байдалд "ОХУ 2016 онд газрын тосны үнэд нөлөөлөх хамгийн том гадаад хүчин зүйл’ болох зураглал нэмэгдсээр байна" хэмээн дэлхийн 15 улсад салбартай, Канадын хөрөнгө оруулалтын банк болох "RBC Capital Market" банкны таваарын стратегийн газрын тэргүүн Хелима Крофт үзэж байна.
Өнгөрсөн хавар Саудын Арабынхан хэрэв олон орныг хамарсан уналт бий болох юм бол Орос мэтийн ОПЕК-ийн бус тоглогчид хүнд ачааг цугтаа үүрэх хэрэгтэй болно. Яг 1986 болон 1998 онууд шиг дүр зураг давтагдах болоод байна.
Гэсэн хэдий ч ОХУ-ын зүгээс дэлхийн газрын тосны ачааллыг үүрч, үүсэж болзошгүй хүндрэл бэрхшээлд ямар хариу арга хэмжээ авах мэдэгдээгүй байна. Өөр нэг зүйл гэвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Саудын удирдлагыг тийм ч таатай нүдээр хардаггүй байх гэж судлаачид үзэж байна.
Одоо байдал нэгэнт өөрчлөгдсөн
Хамгийн наад захын жишээ бол газрын тосны үнэ шалдаа бууснаас болж, эдийн засаг нь доройтохыг ОХУ болон Саудын Арабынхан өөрсдийн биеэр мэдэрлээ.
Дээр дурдсан хөрөнгө оруулалтын банкны удирдлагын үзэж байгаагаар газрын тосны уналтын улмаас ОХУ, Саудын Арабын хоёр тал харилцан зөвшилцөх магадлалтай байна. Яагаад ингэж үзэх болсон шалтгааныг хэд хэдэн баримтаар тодруулъя.
1. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Саудын Арабын Хаант улсын угсаа залгамжлах ханхүүгийн орлогч Мухаммед бен Салман (вант улсын нөлөө бүхий удирдагч) нар аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаар хоёр талын хэлэлцээрийг хэд хэдэн удаа өрнүүлсэн.
Тэр дундаа өнгөрөгч онд Путин болон Мухаммед бен Салман нар 10 тэрбум ам.долларын эдийн засгийн хэлэлцээрийг үзэглэсэн.
2. Саудын талаас Оросоос зэвсэг худалдан авахаар сонирхож буйгаа илэрхийлсэн.
3. Сирийн асуудлаар Сауд болон Оросын талууд эсрэг байр суурьтай байдаг хэдий ч Сирийн ерөнхийлөгч Ассадыг огцруулах асуудалд В.Путин нээлттэй гэсэн таамаг байна. (Зарим экспертүүд үүнийг үнэн гэдэгт эргэлзээтэй хандаж байна)
ОХУ-Саудын Араб хоёр “найзууд” болов уу?
Ямартай ч хоёр тал хамтарсан үйл ажиллагаа явуулах хэлэлцээрийн суваг нээнэ гэдэгтээ бид итгэлтэй байна гэдгээ илэрхийлээд авсан. Энэ нь нэгдүгээр сарын 28-ны газрын тосны үнэд шууд нөлөөлсөн юм.
Рейтерс агентлагиас мэдээлснээр, “ОХУ-ын Эрчим хүчний яамны сайд Александр Новак нь ОПЕК болон ОПЕК-ийн бус орнуудын хооронд уулзалт болох боломжтой гэж хэлжээ.
Саудын Арабын зүгээс ОПЕК-ийн гишүүн орнуудын олборлолтыг 5% бууруулах санал тавьсан” гэсэн мэдээллээс үүдээд газрын тосны үнэ даруй 8% өссөн билээ.
ОПЕК болон ОХУ хамтран ажиллах магадлалын талаарх нийтлэлүүд хэвлэлээр тарсан нь ОХУ энэ цаг мөчид зүгээр суухгүй гэдэг нь нотлогдов бололтой. Гэхдээ ОПЕК-ийн төлөөлөгч тус мэдэгдлийг няцааснаар газрын тосны үнэ дахин буув.
Канадын хөрөнгө оруулалтын банкны шинжээчид Оросын байр суурь зөөлрөх үндсэн шинжүүд илэрсээр байгаа бөгөөд овоо хараандаа онилох хүмүүс бол Роснефтийн гүйцэтгэх захирал Игорь Сечин мөн ерөнхийлөгч Владимир Путин. Сечин бол В.Путины дотоод тойрогт багтдаг хүмүүсийн нэг гэж үзэж байна.
Тэд юу шивнэлдэж байгаа бол?
Гэхдээ И.Сечин энэ долоо хоногт болсон ОПЕК-тай хамтрах талаар өрнөж буй хэлэлцээр, уулзалтууд оролцохгүй байгааг анхаарах хэрэгтэй болж байна.
Одоогийн байдлаар В.Путин дотны андаа хөдөлгөх, олборлолт бууруулах тушаал өгөхөд бэлэн эсэх нь тодорхойгүй байна. Дээр нь өнгөрсөн хавар боловсруулаагүй нефтийн экспортод ногдуулахаар санал болгосон татварын нэмэлт, өөрчлөлтийг цуцалснаас хойш В.Путин нь И.Сечинээс илүү Сангийн сайдтайгаа ойр байх болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Ямар ч байсан ойрын хугацаанд Орос-Саудын Араб хоёр улс хамтарна гэж баталгаатай ярьж чадахгүй байна. ОХУ-ОПЕК-ын хамтын ажиллагаа тийм ч өрнүүн биш байна. Гэхдээ одоогийн байдлаар газрын тосны том тоглогчоор ОХУ тодроод буй бодит үнэн.