Үнэ унасан нь үнэн бол сэргэх нь ч үнэн
Олборлолтын илүүдэл
Өндөр мөчлөгийн үед хүмүүс үнийг үүрд л өссөөр байх мэтээр бодож байсан шигээ одоо зах зээлийг дахин сэргэхгүй гэж бодож байна. Аль аль туйлшрал үнэн биш. Гагцхүү үнэн зүйл гэвэл одоогийн энэ мөчлөгийн хугацаа сунжрах нь үнэн. Одоогийн зах зээлд дасахад нэлээд хэдэн жил шаардана – гэхдээ энэ бол ердөө мөчлөг’ хэмээн Deloitte Touche Tohmatsu Limited компаний тэргүүн Филип Хопвүүд хэлсэн байдаг.
Женев дахь Deloitte компанийн офисийн барилга
Зарим тохиолдолд дийлэнх үйлдвэрлэгчид зах зээлийн байр сууриа алдахгүйн тулд тогтмол байгаа төмрийн хүдэр, нүүрсхүчлийн кали зэргийг олборлож байна. Үүний нэг жишээ бол Беларусын төрийн өмчит үйлдвэрлэгч Беларускали. Тус компани нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж, түүхий эдийн үнийг санаатай унагааж байгаа. Энэ нь Америк, Хятадад өөрийн хөлийг олох гэж буйтай холбоотой. Харамсалтай нь тус үйлдэл уул уурхайн салбарын нийлүүгч талыг хөдөлгөөнд оруулж дунд зэргийн компаниудын их хэмжээний түүхий эдийг зах зээлээс шахагдахад хүргээд байгаа. Бидний мэдэх ‘шинэ норм’ бол Хятадын бүтцийн өөрчлөлт буюу түүхий эдийн эрэлтийн тогтвортой бууралт эргээд үнийн уналтад нөлөөлөв. Сүүлийн жилүүдэд Хятад улс хөнгөн цагаан, дулааны нүүрс, алт, зэсний илүүдэл нөөцтэй болсноо зарласан. Илүүдэл нөөц нь түүхий эдийн үнийг унагахад шууд нөлөөлж байна. Хэдий энэ мэтээр эрэлтийн хүчин зүйлс сөрөг байгаа боловч түүхий эдийн үйлдвэрлэл нь эдийн засгийн хүчин зүйлсийн тооцоолол шиг хурдацтай унахгүй байна. Энэ нь нэг талаар Хятадын хямдхан ажиллах хүч нөгөө талаар юаны ханшийн уналттай холбоотой юм.
Австралийн ав эсвэл төл гэдэг гэрээ мөн л үйлдвэрлэлийн илүүдэлд хүргээд байна. Санхүүгийн хүнд байдалтай байгаа компаниудын хувьд боомт, төмөр замын төлбөрт унаж байснаас олборлолтын ажлаа хийсэн нь хамаагүй бага өртөгтэй.
Үнийн уналтын өөр нэг хүчин зүйл бол сэргээн босголтын өртөг. Компаниуд хуучин уурхайг хаах гэж ихээхэн зардал гаргасны оронд ирээдүйд болох үнийн сэргэлтийн ачаар одоо ашиглаж буй ашиггүй уурхайнуудаа үнэд орно хэмээн найдаж уурхйнуудаа хадгалж, тордож сууна.
Ирээдүйн үнийн өсөлт
Уул уурхайн салбар одоогоор хэцүүхэн үеийг туулж байгаа боловч ирээдүйн төлөв байдал тийм ч муугүй байгаа. Хотжилтын үзүүлэлт төдийгүй дэд бүтцийн үзүүлэлт нэмэгдэж байна. 2008-2017 оны хооронд шинээр гарч ирж буй эдийн засгууд нийтдээ 21,5 триллион долларын зардал гаргах төлөвтэй байна.
Мөн Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн орнуудын өсөлт нь Хятадын эрэлтийн бууралтыг балансалж чадна. Газрын тосны томоохон импортлогч Энэтхэг улсын засгийн газар шинэчлэлийг дэмжин нээлттэй зах зээлд өөрсдийгөө бэлдэж сууна. Түүнчлэн төсвийн алдагдлаа бууруулахын тулд тус улсын засгийн газраас зогсолтонд ороод байсан дэд бүтцийн төслүүдээ сэргээж, үйлдвэрийн сектороо дахин урамшуулах алхам, төлөвлөгөөг нэгэнт хийж эхлээд байна.
Энэтхэг улсын хийж буй шаардлагатай бүтцийн болон хөрөнгө оруулалтын шинэчлэлээс харахад тус улсын өсөлт Хятадыг давж гарч болзошгүй. Дараагийн 10 жилд Энэтхэгийн ДНБ ойролцоогоор 6,4% гэх урьдчилсан тооцоолол нь мөн үеийн Хятадын өсөлтийн хурдаас даруй 2 дахин их байх аж. 2030 он гэхэд хүн ам нь Хятадын хүн амыг давж гарснаар дэд бүтцийн хөгжлийн эрэлтийн шаардлагаар түүхий эдийн эрэлт төдийгүй үнийн тэсрэлтэд хүрэх нь.
Хүн ам нь зогсолтгүй өсөн нэмэгдэж буй Энэтхэг орон
Энэтхэг гэлтгүй бусад Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засаг хурдацтай өсч байгаа. Ирэх 5 жилд Филиппиний ДНБ 6% хүрэх төлөвтэй байхад Камбож, Мьянмар улсуудынх 7% давах төлөвтэй байна.
Эдгээр хүчин зүйлсийг нэгтгэн харвал уул уурхайн компаниуд ойрын хугацаанд олборлолтоо бууруулах нь тэдний ирээдүйд тустай.
Зэсийн тодорхойгүй төлөв
Томоохон эдийн засгийн хандлагыг тодорхойлогч түүхий эд бол яахын аргагүй зэс байдаг. Тиймээс ч дэлхийн эдийн засгийн хямралаас хойш үнийн хамгийн муу үзүүлэлтэнд зогсож буй зэсийн үнэ өнөөгийн зах зээлийг давалгаанд өртүүлж байна.
Хамгийн сонирхолтой нь энэ уналт нь ирээдүйд ч бас урт хугацаагаар үргэлжилж, нийлүүлэлтийн хязгаар байсаар байх бололтой. 2014 онд дэлхийн зэсийн олборлолт ердөө 0,8% өссөн нь тааварлаагүй сул зогсолт, зэсийн агуулгын уналт, ус болон эрчим хүчний хомсдол, өндөр хөрс хуулалтын хэмжээ болон хайгуулын ажлын төсвийн таналттай холбоотой байсан. Ийм шалтгаанаас болж Чили улс 2015 оны зэсийн олборлолтоо 6 сая тонноор багасгаж 5,94 тонн олборлох болсноос гадна томоохон олборлогч компаниуд зэсээс олох ашгийн хомсдолоо урьдчилсан байдлаар зарласны нэг нь Citigroup 2016 оны ашгийн алдагдлын тооцооллоо 3 дахин нэмж 284,000 тонн хэмээн зарласан.
Лондон хотод байрлах Citygroup-ийн офисийн барилга
Үүн дээр Хятад улсын эрэлтийн бууралт улам нэрмээс болов. Тус бууралт нь дэд бүтцийн хөгжүүлэлтийн төсөл хойшилсон шалтгаан, санхүүгийн талын улс төрийн хязгаарлалтаас үүдсэн асуудал, хэдэн зуугаас хэдэн сая тонн байж болох зэсийн нөөц төдийгүй Лондонгийн Металлын Биржийн нөөц ихэсч байгаа нь зэсийн ирээдүйг бүрхэг болгож байна.
Зэс олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Чили улсын хувьд байдал мөн ялгаагүй хэцүүхэн байна. Чили дэх уурхайчид хамгийн өндөр цалин, бүтээмжийн бууралт, байгалийн нөөцийн төлөөх өрсөлдөөнөөс гадна байгаль орчны төлөөх идэвхтэй тэмцэлтэй нүүр тулав. Тус улсын төрийн өмчит олборлогч компани болох Codelco-ийн оршин тогтнол хүртэл ганхаж магадгүй. Хэрэв 2023 он гэхэд үйл ажиллагаагаа тэлж чадахгүй бол 2030 он гэхэд тэдний олборлолт тал хувиар буурах эрсдэлтэй. Хэрэв ийм байдалд хүрвэл Чилийн засгийн газар олон улсын зах зээлээс мөнгө зээлэхээс өөр аргагүйд хүрнэ хэмээн тус улсын сангийн сайд хэлсэн байдаг.
Codelco компанийн офис
Хэдий энэ мэт асуудал ихээр тулгарч байгаа боловч дэлхийн хамгийн том хөгжиж буй орон – Хятад, Энэтхэгийн хувьд зэс чухал хэвээр байх нь тодорхой.