Яагаад зарим ард түмэн инээхийн оронд хөмсөг зангиддаг вэ?
2016.05.31

Яагаад зарим ард түмэн инээхийн оронд хөмсөг зангиддаг вэ?

“Шалтгаагүйгээр инээмсэглэх бол тэнэг хэрэг”гэсэн орос ардын хэлц үг байдаг. Энэ үг ч үнэний ортой юм. Учир нь Оросын ард түмэн зураг авхуулахдаа, гадуур алхахдаа, танихгүй хүмүүстэй таарахдаа тэр бүр инээмсэглээд байдаггүй. АНУ-д анх очиж буй орос хүмүүс танихгүй хүмүүсийн инээмсэглэн зөрөхийг хараад ихэд  гайхдаг. Гэхдээ тэднийг инээдэггүй болохоор аз жаргалгүй гэж ойлгож болохгүй. Тэдэнд бусад улс үндэстнүүдийн адилаар баярлах, инээх олон шалтгаан бий. 

Ингэхэд яагаад тэр билээ? Яагаад зарим үндэстэн энгийн инээмсэглэлийг хөхүүлэн дэмждэггүй юм бол? Үүний хариултыг, үгүй ядахдаа л багахан тайллыг Польшийн Шинжлэх ухааны Академийн сэтгэл судлаач Куба Крис олжээ. Түүний судалснаар зарим орнуудад инээмсэглэх нь найрсаг харилцаа, хүндэтгэлийг илэрхийлдэггүй аж. Харин эсрэгээрээ тэнэг, хуурахад амархан хүн болохыг илтгэдэг байна. 

Крисын хувьд ‘тодорхой бус байдлаас зугтах’ хэмээн нэрийддэг соёлын сэтгэл судлалын нэгэн үзэгдэлд голлох анхаарлаа хандуулжээ. Энэ үзэгдлийг хэмжиж үзэхэд доогуур үзүүлэлттэй гарсан орнуудын нийгмийн систем болох шүүх байгууллага, эрүүл мэндийн систем, нийгмийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг институт болон бусад зүйлс нь тогтвортой бус буюу баримжаагүй байдаг байна.  Эдгээр орны хүмүүс ирээдүйг ‘төсөөлж боломгүй, хянаж боломгүй’ хэмээн үзэх аж.

Харин инээмсэглэл нь өөрөө тодорхой байдал, итгэлийн шинж тэмдэг юм. Иймээс л эдгээр орны хүмүүст шалтгаангүйгээр инээмсэглэх нь хачин жигтэй санагддаг. Таны ирээдүй тодорхойгүй байхад яагаад инээмсэглэнэ гэж вэ? Эл орнуудад магадгүй та инээмсэглэн алхаж явбал тэнэг хүн хэмээн харагдаж болох талтай.

.... Түүнчлэн Крисийн таамаглаж буйгаар авлига ихтэй орны иргэд инээмсэглэх нь бүү хэл хөмсөг зангидан явдаг байна ...

Хүн бүр нэг нэгнийхээ дээр гарах гэж оролдох тул тухайн хүн сайн санаагаар инээв үү, эсвэл таныг мэхлэх гэж инээв үү гэдгийг мэдэх аргагүй.

Энэ таамаглалаа туршихын тулд 44 орны хэдэн мянган хүмүүст инээсэн болон инээгээгүй найман хүний нүүрний зургийг үзүүлжээ. Ингээд зурган дээрх хүмүүсийн хэр шударга, ухаантай болоход нь үнэлэлт өгөх болов. Уг судалгааны үр дүнг 2004 онд 62 оронд явагдсан тухайн улсуудын  ‘тодорхой бус байдлаас зугтах’ үзэгдлийн түвшин болон авлигын түвшинтэй харьцуулжээ.

Түүний судалгаагаар Герман, Швейцарь, Хятад, Малайз гэсэн орнуудын судалгаанд хамрагдагсад инээмсэглэж байгаа хүмүүсийг инээмсэглээгүй хүмүүсээс илүү ухаантай гэж дүгнэжээ.Харин Япон, Энэтхэг, Иран, Өмнөд Солонгос гэсэн онуудын судалгаанд хамрагдагсад инээмсэглээгүй хүмүүсийг илүү ухаантай хэмээн дүгнэв.

... Ингэж үзвэл урьдаас тодорхойлоход төвөгтэй нийгэмд амьдардаг хүмүүсийн хувьд инээмсэглэж буй нэгнийг хараад ухаан муутай гэж үзэх хандлага байна  ...

Оюун ухаан ба инээмсэглэл

Харин энэтхэг, аргентин, малдивчууд инээмсэглэлийг шударга бус хүний төрхөнд хамааруулжээ. Крисийн хувьд энэ үр дүнг авлигын түвшинтэй холбоотой хэмээн дүгнэв.

Шударга төрх ба инээмсэглэл

Уг судалгаагаар нөлөө үзүүлэгч бусад хүчин зүйл байгаа нь нотлогджээ. Тухайлбал шатлан захирах ёс бүхий, эсвэл эршүүд соёл нь сэтгэл хөдлөлийн илэрхийлэлд том нөлөө үзүүлдэг. Мэдээжийн хэрэг инээмсэглэл бол үүний нэг хэсэг.

Түүнчлэн баримтуудаас харахад зарим ард түмэн аз жаргалыг өндрөөр үнэлдэггүй тул хүчээр шахуу ярзайтлаа инээдэг аж.