Жорж Сорос: Европын холбоо мөхлийн ирмэгт байна
Германы ‘WirtschaftsWoche’ сэтгүүлд 2016 оны хоёрдугаар сарын 11-нд Жорж Соросын өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Тэд Европын холбоонд нүүрлэж буй хямрал, Украйны нөхцөл байдал, Сирийн мөргөлдөөн зэрэг олон улсад тулгамдсан асуудлаар санал солилцож, харилцан ярилцсан байна.
Тэд нэг, нэгэндээ дургүй юу?
Грегор Петер Шмитц: “Тime” сэтгүүл Германы канцлер Ангела Меркелийн зургийг нүүрэн дээрээ тавихдаа “Дэлхийн чөлөөт канцлер” хэмээн нэрлэсэн байсан. Та үүнтэй санал нийлж байна уу?
Жорж Сорос: Тийм ээ. Би өмнө нь А.Меркелийн талаар нэлээд шүүмжлэлтэй байр суурьтай байсан. Одоо ч гэсэн түүний хатуу бодлогыг шүүмжилдэг хэвээр байна. Үүнийг ч та бүхэн мэдэх байх. Гэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украйн улс руу халдахад А.Меркел ЕХ-ны мөн “Дэлхийн чөлөөт канцлер” болсон. Тэрнээс өмнөх А.Меркел бол олон нийтийн санаа бодлыг сайн уншдаг, зөв хариу үйлдэл үзүүлдэг авьяаслаг улс төрч байсан.
Шмитц: А.Меркел их хянуур, нарийн тооцоо, төлөвлөгөөний дагуу асуудалд ханддаг байсан. Хүмүүс түүнд бүрэн итгэж болохоор байсан. Тэгтэл цагаачдын хямралын асуудалд гэнэтийн шийдвэрээр гаргаж, том эрсдэлд орсон. Түүний удирдагчийн арга барил өөрчлөгдсөнд хүмүүс их тэвдэж байна?
Жорж Сорос: Энэ үнэн шүү. Гэхдээ надад энэ өөрчлөлт их таалагдаж байгаа. А.Меркел "ЕХ-г мөхлийн ирмэг дээр байна" хэмээн зөв таамагласан.
Грекийн хямрал ЕХ-ны эрх баригчдад “Цаашид нэг хямралаас нөгөө хямрал руу шилжих магадлалтай” гэдгийг харуулсан.
ЕХ одоогоор нэг биш бүр таван хямралтай нүүр тулаад байна.
Шмитц: Таван хямрал гэхээр Грек, ОХУ, Украйн, мөн Британийн ЕХ-г орхих хүсэлт, цагаачдын хямралыг хэлээд байна уу?
Жорж Сорос: Тийм ээ. Гэхдээ чи цагаачдын хямралын суурь шалтгааныг хэлсэнгүй. Үүний үндсэн шалтгаан бол Сири улсад өрнөж буй мөргөлдөөн. Мөн Парис хотод болсон террорист халдлагаас болж, Европ тивийн ард иргэдийн дунд таагүй байдал үүсээд байна.
Цагаачдын хямрал Европын Холбоог сүйрүүлнэ гэдгийг А.Меркел урьдаас харж чадсан. Тэр төсөөлөл нь биеллээ олж байна. ЕХ-г одоо л засах хэрэгтэй. А.Меркелийн аймшигт таамаг бодит болохоос сэргийлж чадах хүмүүс бол Германчууд.
...Германчууд А.Меркелийн хүчээр ноёрхогчийн сууринд заларсан гэж би хувьдаа үздэг. Тэд энэ суудлыг хямд үнээр авсан...
Өөрийн нөлөөлөл дор буй хүмүүсийн сонирхлыг бас харгалзан үздэг. Одоо бол Германчууд ‘Европын гол хүчин болж,үүрэг хариуцлагыг тээж чадах уу?’ гэдэг асуултад хариулт өгөх цаг ирсэн.
Шмитц: А.Меркел канцлерийн албыг хашаад арван жил боллоо?
Жорж Сорос: А.Меркел германчуудын тавьсан ерөнхий хүсэлт, шаардлагыг биелүүлэхдээ сайн байсан. Европыг хадгалж үлдэхийг хүссэн мөн Германы ашиг сонирхлыг хамгаалахыг хүссэн аль аль талын дэмжлэгийг авч чаддаг. Түүнийг иргэдийнх нь дийлэнх хэсэг нь дэмждэг. Гэвч цагаачдын асуудлын хувьд бүхнийг дүрмийн дагуу хийсэн боловч удирдагчийн байр сууриа дэнчинд тавьсан.
Би үүнийг хувийн үзэл бодлынхоо үүднээс дүгнэж байна.
...Би бол нээлттэй нийгмийн зарчим, үнэ цэнийг эрхэмлэгч. Учир нь Унгар улсад нацистууд еврей хүмүүсийг олноор устгах үеэр би амьд үлдэж чадсан...
Харин А.Меркелийн хувьд Зүүн Германы коммунист дэглэмийн дор өсөж торнисон. Би түүнтэй хэдэн том асуудлаар саналын зөрөлдөөнтэй байдаг ч тус шалтгаанаас болж би түүнийг дэмждэг.
Шмитц: Та хоёр жилийн өмнө А.Меркелийг өөрийн сонгогчдын сонирхлыг хэтэрхий урьтал болгож, Германы ноёрхлыг хямд үнээр авч байна хэмээн шүүмжилж байсан. Харин одоо бол А.Меркел цагаачдын асуудлаар өөр байр суурь баримталж, Сирийн цагаачдад үүдээ нээж өглөө. Ингэснээр Европын удирдагчид цагаачдыг хүлээн авах асуудлаар бодлого боловсруулж байна. Нэг жид гэхэд л нэг сая цагаачдыг хүлээн авна?
Жорж Сорос: Гэхдээ одоогоор цагаачдыг хүлээн авах нэгдсэн бодлого Европт байхгүй л байна. Европын удирдлагууд өөрсдийн хариуцлагыг хүлээн зөшөөрөх хэрэгтэй.
Цагаачдын их нүүдлийг өнгөрсөн жил зохицуулж болохоор байсан. Гэвч өнөөдөр хямрал болгосон байна.
ЕХ-ны гишүүн орон бүр дотоод ашиг сонирхолоо л урьтал болгож, хувиа хичээсээр л байна. Ингэснээрээ бусдын ашиг сонирхлын эсрэг зогсоод байгаа юм. Толгой хоргодохоор ирсэн цагаачид энэ бүхний хохирогч болж байна. Гэхдээ чиний хэлсэнчлэн Европын Холбооноос цагаачдын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх ажлыг А.Меркел ахлах хэрэгтэй.
Европт цагаачдыг чиглэсэн иж бүрэн бодлого хэрэгтэй байна . Ингэснээр цагаачдын их нүүдлийг Европын хүлээн авч чадах хэмжээнд аюулгүй, дэс дараалалтай зохицуулах боломжтой. Иж бүрэн байхын тулд Европын хилийг давах хэрэгтэй. Хөрөнгө мөнгөөр боломжтой цагаачдын хувьд өөрийн нутаг оронтой ойр газар руу дүрвэх нь илүү гарз багатай мөн мөнгөнд ч хэмнэлттэй.
Шмитц: Урт хугацааны турш Европ тивийнхэн мөн дэлхийн улс орнууд БНХАУ-ын өсөлтөд итгэж, тэднийг найдвартай хөдөлгүүр гэж үзэж байсан?
Жорж Сорос: Түүхэн үүднээс авч үзвэл БНХАУ чухал улс хэвээр л байна. Одоо ч гэсэн тэдэнд гадаад валютын асар их нөөц бий.
Шмитц: Энэ нь тэгэхээр БНХАУ-ын хуяг болж таарч байна уу?
Жорж Сорос: БНХАУ энэ нөөцөө маш хурдтайгаар хэрэглэж байна. Мөн тэдэнд ‘БНХАУ-ын ард иргэдийн итгэл’ гэсэн асар том нөөц бий. БНХАУ-ын дэглэм ямархуу маягаар өрнөдгийг олон хүн мэддэггүй. Гэхдээ л тус дэглэм маш олон асуудлыг зохицуулж ирсэн. Энэ нь тэд юу хийж байгаагаа мэддэг болохыг харуулж байгаа юм. Гэвч удирдлага нь олон алдаа гаргасан тул итгэлцлийн нөөц нь ч гэсэн хурдацтай дундарч байна.
БНХАУ-ын ерөнхийлөгч валютын бодлогоо дахиад гурван жил хангалттай авч явж чадна.
Энэ хугацаанд дэлхийн бусад орнуудад сөрөг нөлөө үзүүлэх болно. БНХАУ дэлхийн эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг. Тэд түүхэндээ ийм том нөлөөтэй байж үзээгүй. Үүний адилаар одоо тэдэнд тулгараад буй асуудлууд урьд өмнөхөөсөө илүү хүндэрч, эмчилгээ авахад улам хэцүү болсон байна.
Шмитц: БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ сорилтуудыг давж чадах уу?
Жорж Сорос: БНХАУ-ын дарга Си Жиньпин үндсэн хэдэн аргаар уг асуудалд хандаж байна. Тэр эдийн засаг, аюулгүй байдлын хяналтыг шууд гартаа оруулсан. Хэрэв тэр ‘зах зээл төвт шийдэл’-д амжилт гаргаж чадвал БНХАУ болон дэлхийн бусад орнуудад ашигтай. Гэхдээ улс төрийн өөрчлөлт хийхгүйгээр зах зээлийн асуудлыг шийдэх боломжгүй.
Бие даасан хэвлэл мэдээллийн салбаргүйгээр хээл хахуультай тэмцэх боломжгүй. Ганцхан үүнийг л БНХАУ-ын дарга Си Жиньпин хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна.
...Энэ талаас нь харахад БНХАУ-ын дарга Си Жиньпин бол нээлттэй нийгмийн туйл биш харин ОХУ-ын ерөхийлөгч В.Путинтай илүү төстэй хүн...
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны хамт
Шмитц: Украйн улсын нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна?
Жорж Сорос: Украйн улс хэний ч санаанд оромгүй үйлдлийг хийсэн. Тэр хэрээрээ олон дайсантай боллоо. Гэхдээ одоо Украйн улс их туйлдсан байгаа тул гадны тусламж хэрэгтэй байна. Украйныг санхүүгийн гинжин хэлхээнд оруулснаар ЕХ-ныхан Грек улсад гаргасан алдаагаа давтаж байгаа хэрэг юм.
Хуучны Украйн улс хуучны Грек улстай тун адилхан.
Тус хоёр улсыг олигархиуд удирдаж, төрийн албан хаагчид нь иргэдэд үйлчлэхийн оронд албан тушаалаа урвуулан ашигладаг байсан. Гэхдээ хуучин Украйны хийж байсны эсрэг зүйлийг шинэ Украйн хийхийг хүсч байна. Одоо бол Украйн улсад шинэчлэл хийхэд шаардагдах санхүүгийн нэмэлт туслалцааг үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр тус орныг хөл дээр зогсоход нь туслахаас гадна цаашид хөгжин дэвжих, хөрөнгө оруулалтыг татахад нь туслах болно.
Шмитц: АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамаг ОХУ-ын эсрэг дэндүү сул зогсож байна гэсэн шүүмжлэлд их өртдөг?
Жорж Сорос: Тэр бол үнэн. Ерөнхийлөгч В.Путин бол тактик зохиохдоо гаршсан хүн. Тэр ОХУ-ын дэлхийд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх боломжийг олж харсан учраас Сирийн мөргөлдөөнд оролцсон. Хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах хүртлээ цааш түлхээд л байж чаддаг хүн.
...Ерөнхийлөгч Б.Обама түүнтэй арай л өмнө нүүр тулах ёстой байсан юм...
ОХУ-ыг зэвсэг нийлүүлэх үед Сири улсын нутаг дэвсгэрт онгоц хөөргөхийг хориглосон бол ОХУ түүнийг нь хүндэтгэх л байсан. Гэтэл ерөнхийлөгч Б.Обама ОХУ-ын цэргийн хүчинтэй шууд нүүр тулахаас зайлсхийж байсан.