Тэр 4 дэх канцлер уу, НҮБ-ын “дарга” болох уу?
Германы канцлер Ангела Меркел
2016.02.15

Тэр 4 дэх канцлер уу, НҮБ-ын “дарга” болох уу?

Ердөө л 25 жилийн өмнөх Ангела Меркел бол нөхрөөсөө салсан, 35 настай, квантын химийн технологи мэргэшсэн Зүүн Германы физикч байсан. Тэрээр Баруун Берлинд хөл ч тавих эрхгүй байснаас гадна улс төрийн санаа бодлоо олны өмнө огт хэлж үзээгүй нэгэн байжээ. Герман улс дахин сэргэнэ, Ангела Меркел ур чадварынхаа хүчээр өндөр амжилтад хүрнэ гэдэг бол санаанд багтамгүй хэрэг байлаа.

Ангела Меркел төрийн эрхийг бариад  9 жил болж байна. Тийм атал олон Германчууд түүнийг “Зүүн Германаас ирсэн” гэх нүдээр харсан хэвээр л байна. Тэд дэлхийн тавцанд Ангела Меркелийг хүчтэй тоглогч гэдгийг хэнээс ч илүү сайн мэддэг. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимар Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин мөр зэрэгцэн алхалж Европын Холбооны түншүүдээ цуцашгүй хөдөлмөрөөрөө нэг үе байлдан дагуулж, нөгөө үе цухалдуулж явна.  

“Ангела Меркел гадны хүний дүрээр ирж, гадны хүн хэвээр үлдсэн” хэмээн Таз нэрээр олонд танигдсан Берлиний өдөр тутмын “Die Tageszeitung сонингийн редактор Инес Похл өгүүлжээ. Тэрээр цааш хэлэхдээ “Ангела Меркел бол их “аймаар” хүн. Хүн яаж тийм олон зүйлсийг амжуулж чаддаг байна? Тэр бол бусдын хайрыг татдаг эмэгтэй биш. Мэдээж хүмүүс түүнийг хүндэлж  бас бахархдаг...” гэжээ.

“Тэр бусдыг захирахдаа чимээ гаргадаггүй” гэж 2009 онд Меркелийн намтарыг бичсэн Дирк Кюрбжювейт өгүүлжээ. Тэрээр цааш үргэлжлүүлэн “Энэ бол түүний хамгийн том давуу тал бас сул тал. Меркел хэзээ ч, юуг ч хурдан хэлдэггүй. Гал тэрэг хаашаа явж байгааг харж, хүлээж байснаа гэнэтхэн л галт тэргэнд үсрэн ордог. А.Меркел үүнийг БНАГУ-д байхдаа сурсан [Коммунист Зүүн Герман улс].

Үгээ цэгнэх хэрэгтэй гэдгийг тэр сайн мэддэг. Энэ тал дээр Ангела Меркелээс илүү сайн хүн гэж байхгүй.

Үнэндээ Берлиний хана нурснаас хойш аль хэдийн  25 жил өнгөрчээ. Гэвч   Германчууд хүчтэй байна гэдгээс өөрсийн эрхгүй айдаг болж. Учир нь дэлхийн тавцан дээрх хариуцлагыг үүрэхэд тэд арай л бэлэн болоогүй байна. Хуучин үеийнхэн Гитлер, Гуравдугаар Рейхийн үеийг одоо хүртэл мартаагүй. Залуу үеийнхний хувьд 70 орчим жил АНУ болон НАТО-ын шүхрийн хамгаалалтад өсөж торнисон.

Ангела Меркел дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн тоонд ордог. Гэхдээ та энэ сэдвийг хөндөх аваас түүний ойрын хүрээллийнхэн таныг жигшсэн харцаар төөнөж ч магадгүй. Түүний ойрын албаны нэгэн эмэгтэй хэлэхдээ “Энэ бол хэвлэл мэдээллийнхний гаргасан ямар ч утгагүй жагсаалт” гэжээ.

 “Ангела Меркел Германчуудын дунд их алдартай боловч Герман хүмүүсийг өндрөөр үнэлдэггүй. Меркел тэдэнд итгэдэггүй” гэж  тус улсын өдөр тутмын тэргүүний сонин болох “Frankfurter Allgemeine Zeitung намтарч Ральф Боллмэн ярьсан байдаг. Ральф Боллмэн хэлэхдээ “Баруун Германы хүмүүс их хөдөлгөөнтэй, хоорондын байнга өрсөлдөөнтэй байдаг гэсэн ойлголт А.Меркелийн толгойд бат бэх суусан.

Германчууд тийм биш гэдгийг суралцах зам урт бөгөөд хүндхэн” гэж Боллмэний үзэж байна. А.Меркел сонгогчид гэсэн нүдээр Германчуудыг хардаг аж. Саяхны судалгаагаар Меркелийг  дэмжсэн саналын тоо 74% байх жишээтэй.

Ангела Меркелийн улс төрийн гараа

Зүүн Германы дэглэм 1989 онд нуран унасны дараагаар Ангела Меркел иргэний улс төрийн бүлгэмд элсэн орсон. Мөн 1990 онд ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхий сайд Лотар де Мезьерийн сонгуулийн кампанит ажилд сайн дураар оролцсон. Анхандаа үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан бол удалгүй Лотар де Мезьерийн депутатын Засгийн газрын төлөөлөгч тодорч, албан тушаал ахисан байдаг.

1990 оны тавдугаар сарын 18-ны өдөр Лотар де Мезьер Германы нэгдлийн гэрээнд гарын үсэг зурснаар бүх Германы канцлераар Хельмут Коль тодорчээ. Хельмут Коль нь 1982 оноос хойш Баруун Германы канцлерын албыг хашиж байжээ. Ингээд Лотар де Мезьер нь Хельмут Колийн харьяалагддаг Христийн Ардчилсан Намд нэгдэхдээ А.Меркелийг дагуулан орсон билээ.

Христийн Ардчилсан Намын хувьд А.Меркел гадны хүн байсан. Гэхдээ Хельмут Колийн өмгөөллийн ачаар А.Меркел шатаар дээш авирсаар л байсан. Коль түүнийг 1991 онд эмэгтэйчүүд болон залуучуудын сайдаар томилсон юм. Сүүлд дэлгэгдсэн нууцлал бүхий хуурцган дээр Меркелийн талаар Коль ийнхүү ярьжээ. “А.Меркел анхандаа хоол идэхдээ хутга, сэрээ зөв хэрэглэж чаддаггүй байсан. Төрийн уулзалтын үеэр энд тэндгүй хэсүүчлээд л явдаг байсан” гэж дурджээ.

Ямар ч байсан Коль түүнийг АНУ руу дагуулан явжээ. Ингэснээр А.Меркелд хүүхэд насныхаа баатар Рональд Рейгантай уулзах завшаан тохиосон аж. Зүүн Германаас гаралтайн хувьд Рональд Рейганы ЗХУ-тай харьцаж буй хатуу байр суурь А.Меркелд ихэд таалагддаг байж. Уулзалтын үеэр түүнийг сайн таньдаг болсон АНУ-ын албаны хүн А.Меркелийг их элгэсэг, хүмүүстэй чөлөөтэй харьцаж чаддаг, Америкийн талаар их сонирхож байсан гэж хуучилсан байдаг.

Ангела Меркелийн өмнө ч тэр, одоо ч тэр хөндөж байгаагүй сэдэв бол феминизм.

Зүүн Германд эмэгтэйчүүд ажил хийх нь уламжлал болоод байсан. Энэ уламжлал түүний бодлыг аль хэдийн хатжуулсан байдаг. Намтарч Стефан Корнелиусын үзэж буйгаар “А.Меркел хэзээ ч эмэгтэйчүүдийг төлөөлсөн сайд болохыг хүсэж байгаагүй. Тэр эмэгтэй гэж харагддаг гэдэгтээ ч итгэдэггүй.” Түүний өөр нэг хоч бол германаар “Das Merkel,” Энэ нь ‘хүйсийн саармаг байдал’ гэсэн утгыг агуулдаг.

Ангела Меркелийн ойрын зөвлөгчдийн нэг бол түүний нөхөр. Түүний хурц ухаантай нөхөр болох Иоахим Зауэрийн үүрэг өнөөг хүртэл нууцлаг хэвээр л байна. Түүнийг Ангела Меркелтэй хамт төлөвлөгөө зохиодог, нэлээд нөлөө бүхий хүн гэлцдэг. Стефан Корнелиусын хэслнээр: “Иоахим Зауэр нь улс төрийн хувьд эхнэрээсээ илүү хүчтэй. Тэр одоо хүртэл Ангелад зөвлөгөө өгдөг” гэж нэгэнтээ хэлсэн юм.

Хумбольдын Их сургуулийн онолын химийн профессор Иоахим Зауэр нь хаа сайгүй маш нууцаар аялдаг. АНУ-ын Вашингтон хотноо А.Меркелийг Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медал гардан авах өдрийн оройн зоогон дээр хаанаас ч юм гэнэтхэн л гараад ирсэн байна. Тэрээр эхнэртэйгээ албан ёсны айлчлал хийдэггүй. Энэ тал дээр ч ихээхэн шүүмжлэлд өртөж байдаг.

Ангела Меркел, нөхрийн хамт

Дөрөв дэх удаагаа юу?

Германы канцлераар сонгогдох тоонд хязгаар гэж үгүй. Хүмүүс түүнийг 2017 онд нэр дэвших талаар аль хэдийн мэтгэлзээд эхэлсэн. А.Меркел нэр дэвшихгүй бол түүний залгамжлагч заавал нэр дэвшинэ.

Сүүлийн үед чих дэлсэх болсон яриа бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-мүүний орыг А.Меркел залгах сонирхолтой байна.

Мөн Меркел дөрөв дэх удаагаа канцлерт нэр дэвших аваас “Том Нохой- Путиныг буулгаж авна” гэсэн яриа ч сонсогдох болсон. “Бид В.Путиныг ЕХ-г сулруулж, бутруулах гэсэн нууц стратегитай байгаа гэж бодож байна” хэмээн Германы Бундестагийн гишүүн Родерих Киесевэттер хэлж байсан удаатай.

Түүнчлэн Германы дотоодод хурцадмал асуудал олон байна. ЕХ-ны улсуудаас төрөлт хамгийн бага хувьтай байгаа орон бол Герман. Таваас доош насны нийт хүүхдүүдийн 35 хувийг цагаач хүүхдүүд эзэлж байна. Тэдгээрийн ихэнх нь Муслим гаралтай. Одоогийн хэмнэлээр цааш явах аваас Германчууд 5 жилийн хугааанд нэг сая цагаачдыг тосон авна. Тэрхүү цагаачид Германы соёлд хэрхэн шингэх бол?

Зүүн болон Баруун Герман нэгдэх үед хэдэн сая триллион евро зарцуулж, дэд бүтэц, боловсролын салбар асар их хохирол амссан байдаг.

Дөрөв дэх удаагаа сонгуульд нэр дэвших эсэх талаар Родерих Киесевэттерээс асуухад: “Меркел сонгуульд өрсөлдөж, эрсдэл хүлээхийг хүсэхгүй байгаа. Үүний оронд тус ажлыг өөрийн шилмэл залгамжлагчдаа өгөхийг илүүд үзэж байгаа” гэж хариулжээ. Киесевэттерийн үзэж буйгаар А.Меркел нэр дэвшигчтэй аль хэдийн тулж ажиллаад эхэлсэн. Гэхдээ нэрийг нь зарлахаас татгалзаад байна. “Энэ бол түүний гэнэтийн бэлэг.”