Гадаадын хөрөнгө оруулалтын соронз болсон Ирланд улс
Тэд чаддаг
2016.01.28

Гадаадын хөрөнгө оруулалтын соронз болсон Ирланд улс

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг (ГШХО) татсанаар богино хугацааанд үндэсний эдийн засгийг эрчимжүүлж, ажлын байр бий болгох, татварын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой бол урт хугацаанд капиталын хөрөнгийн санг бүрдүүлэх, дотоодын компаниудыг илүү өрсөлдөөнтэй болгоход тустай.

Гэхдээ ГШХО-ыг татах, нэмэгдүүлэх гэдэг амаргүй. Өнөөдрийг хүртэл ГШХО амжилттай татаж чадсан улс бол Ирланд.

“UHY Hacker Young” группийн үзэж байгаагаар Ирланд, Сингапур зэрэг нь татварын болон хууль эрх зүйн таатай орчинг өргөн хүрээнд амжилттай хэрэгжүүлж чадсанаар дэлхийн томоохон компаниуд тус орнуудад бүсийн төв байгууллагаа байршуулах болжээ.

Жишээ татахад Yahoo, Google, Apple, Paypal, Linkedn компаниудын Eвроп дахь төв байгууллага Ирланд улсад  харин  Ази дахь төв байгууллага нь Сингапурт байрладаг.

Ирландчууд 1980 оноос эхлэн ажилгүйчүүд хамгийн их мөртлөө хүн ам сийрэг суурьшдаг нутгуудаа онилж, үндэстэй дамнасан корпорациуд (ҮДК) байршуулахыг зорьсон байна. Тэд өндөр технологи бүхий хоёр салбарыг сонгосон нь электроник болон эмийн үйлдвэрлэл байв.

Электроникийн салбарын хувьд "Бид ҮДК-иудыг  дэмжиж чаддаг" гэсэн имиж бүрдүүлж чадсан бөгөөд ҮДК-уудтай харилцсаны үр дүнд алгуурхнаар өөрийн оронд кластерийн системийг хөгжүүлж байна.

Ирландчуудын хувьд дотоодын зах зээл чухал байсангүй.

Тэд Европын зах зээлийг хангах электроникийн кластер хөгжүүлэхийг зорьж байна. Бодлогын хувьд гол хөрөнгө оруулагчдыг бүхий л хүчээ дайчилж татсан бөгөөд бусад ҮДК-ыг татахдаа томоохон аж үйлдвэрүүд Ирланд улсыг өөрсийн Европ дахь баазаа болгосон гэдэг нэр нь тус улсыг хөгжихэд тодорхой түлхэц болж байна.

1920 онд Ирландчууд микропроцессор болон програм хангамжийн зах зээлд дэлхийд тэргүүлэгч Intel, Microsoft-ийг Ирландад авчирч чадсан.

Тухайн үед компьютерийн бүтээгдэхүүний кластер дэлхийд хараахан бүрэлдэж амжаагүй байхад Ирланд улс мөн л олон улсад нэр хүнд бүхий Dell, Compaq, Gateway зэрэг брэндийг өөрийн оронд татаж чадсан байдаг. Эхний ээлжинд Intel, Microsoft түүний дараагаар Hewlett Packard суурьшсанаар электрон, програм хангамжийн салбарын олон жижиг компани тэднийг даган Ирландад суурьших болсон.

Электроникийн салбарыг кластер хэлбэрээр хөгжүүлж чадсан сайн жишээ бол Ирланд.

Пол Кругманы үзснээр Ирландын эдийн засаг кластераас их ашиг хүртсэнээс гадна тэднийг бас аз дайрсан. Гэхдээ зүгээр нэг сохор аз байсангүй. Эсрэгээрээ Ирландчууд өөрсдийн гараар бүтээсэн аз байж. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын татах чадвар болон хүний нөөцийн сайн орчинг бүрдүүлэх бодлого идэвхтэй баримталж байсан.

Ирландын боловсрол, сургалтын бодлого нь тухайн салбарт тэнцэх чадварлаг ажиллах хүчнээр хангах байсан бөгөөд ингэснээр хөдөлмөрийн үнэлэмжээр бусад улстай өрсөлдөх чадвартай болох юм.

Ирландчуудын заасан хичээл

Шинээр гарч ирж буй зах зээлүүд Ирланд улсаас суралцвал зохих хэд хэдэн хичээл бий.

Үргэлжид идэвх санаачилгатай байна

ҮДК болон тэдгээрийн ГШХО-ын бодлого нь байнга хувьсан өөрчлөгдөх шинж чанартай бөгөөд тэд дэлхийн аль ч өнцөг буланд үүсэх өөрчлөлтөд түргэн хариу үзүүлэх чадвартай байдаг. Ийм тохиолдолд эзэн улсын хувьд бардам зан гаргалгүй харин эсрэгээрээ ҮДК-ийн стратeгийн өөрчлөлтийг даган хувьсах чадвартай байх хэрэгтэй.

Сонгон шалгаруулалт чухал

Шинээр гарч ирж буй олон орнуудын хувьд ҮДК-иудыг татахдаа хангалттай түвшний шалгаруулалт явуулж чаддаггүй. Ирландын жишээнээс харахад кластeр, экспортын төсөл хөтөлбөрүүдэд шалгаруулалт явуулдаг.  

Төслийн шалгаруулалтад шаардагдах зүйлс бол:

- Өртөг-ашгийн нарийвчилсан дүн шинжилгээ

- Стратeгийн тохиролцоо

- Хээл хахуулиас (ангид байх) хол орших хүчтэй засаглал

Төсөл хөтөлбөр хэрэгжих явцад авлигын асуудал үүсч болзошгүй байдаг. Өртөг ашгийн шинжилгээ ил тод байснаар авлигын асуудал харьцангуй багасдаг. ҮДК-иудын  хооронд тохиролцоо зайлшгүй өрнөх бөгөөд дахиад л энэ явцад хүчтэй засаглал хэрэг болно.

Хөрөнгө оруулагчдын хувьд бодлогын тууштай байдал чухал
Дотогш чиглэсэн ГШХО татахад бодлогын тодорхой байдал чухал нөлөөтэй.

Түргэн шилжилт, бодлогын чиглэлийн өөрчлөлтүүд асар хор уршигтай байдаг. Найдвартай байдал, урт хугацааны нэр хүнд нь хөрөнгө оруулалтыг татахад нэн чухал үүрэгтэй.

Төсвийн болон санхүүгийн үзүүлэлтэд суурилсан урамшуулал

ГШХО татахад тухайн улс болон ҮДК хоёул сайн үзүүлэлттэй байх хэрэгтэй. Тухайн улс орны зүгээс өөрт ашигтай үр дүн гаргаж чадах урамшууллыг ҮДК-иудад зориулан хэрэгжүүлэх хэрэгтэй.

Төслийг хянах шаардлагатай

Үзүүлэлтэд суурилсан урамшууллын тусламжтайгаар үр дүнг хянах хэрэгтэй. Зорилго ойлгомжтой бөгөөд ил тод байх төдийгүй шаардлагатай мэдээллийг урьдаас нарийн шалгасан байна.