Сонгууль зургадугаар сарын 29-ний өдөр болно
2016.02.01

Сонгууль зургадугаар сарын 29-ний өдөр болно

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы /2016.01.29.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно." гэж, 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна." гэж, 16.6 дахь хэсэгт “Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдөр /цаашид “гадаадад санал авах өдөр” гэх/-ийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болно.” гэж заажээ.

Иймээс уг тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.4, 16.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоох, мөн Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжив.

Сонгуулийн тойрог байгуулах, мандат тогтоох төслийг батлав

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав.

Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан 2015 оны жилийн эцсийн хүн амын урьдчилсан тоог үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай саналаа ирүүлсэн байна.

Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрт ногдох Улсын Их Хурлын гишүүний мандатын тоог уг тогтоолын хавсралтаар батлахаар тусгасан байна.

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн аймаг тус бүрийг 1, нийслэлийг 6 тойрог болгож Улсын Их Хурлын сонгуулийн нийт 26 тойрог байгуулах, Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн Улсын Их Хурлын сонгуулийн нэг тойрог болгохоор тусгажээ. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрт ногдох Улсын Их Хурлын гишүүний мандатын тоог уг тогтоолын хавсралтаар батлахаар тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, байнгын хорооны дарга хариулт өгсөн юм.

Ингээд байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 47 нь буюу 72.9 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдав. Уг тогтоолын төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мандатын тоо энэ удаагийн сонгуульд хэвээр нь хадгалахаар болж байгаа юм.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга танилцуулав.

Санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхээр тусгасан

Уг тогтоолын төсөлд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхээр тусгасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Байнгын хорооны энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь дэмжсэнээр Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт танилцуулсан юм.

Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэсэн байнгын хорооны горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.6 хувь нь дэмжив. Ингээд хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 91 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Үүгээр чуулганы үдээс хойших нэгдсэн хэлэлцэх асуудлаа дуусгаж, 19 цаг 04 минутад өндөрлөлөө.