Сонгуулийн тов, мандатын хуваарийг энэ долоо хоногт батлахгүй бол хууль зөрчинө
Сонгуулийн тухай хуульд зааснаар бол ирэх зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдах ёстой.
Сонгуулийн ерөнхий хороо санал хураах өдрийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төсөлдөө зургадугаар сарын 29-ний лхагва гаригт санал хураалт явуулна гэж тусгажээ. Мөн Сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ хугацаанаас 150 хоногийн өмнө санал хураалт явуулах өдрийг албан ёсоор товлон зарлахаас гадна тойргуудад мандат хуваарилах тухай тогтоолын төслийг батлах ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ энэ долоо хоногт санал хураах өдрийг товлон зарлаж, тойргуудад мандат хуваарилах ёстой гэсэн үг.
Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн долоо хоногт тогтоолын төслүүдээ хэлэлцүүлэхээр оруулж ирсэн боловч АН-ын бүлэг Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлгээс тав хоногийн хугацаатай завсарлага авсан. Завсарлагын хугацаа маргааш дуусна. УИХ-д эдгээр тогтоолын төслүүдийг батлах хоёрхон хоногийн хугацаа үлдсэн гэсэн үг. Энэ бол жирийн нэг тогтоолын төсөл батлахад хангалттай хугацаа. Гэвч тойргуудад мандат хуваарилах асуудлыг зохицуулсан тогтоолын төсөл нь хэлэлцэгдэж эхлээгүй байхдаа л маргаан дагуулж эхэлсэн. Тодруулбал, хүн амын тоотой нь харьцуулан Улаанбаатар хотын мандатын тоог нэмэх саналыг нийслэлийн удирдлагууд гаргасан.
Уг саналыг нь АН дэмжсэн хандлагатай байгаа бол МАН-ынхан эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг тогтоолын төслийн хэлэлцүүлгээс завсарлага авбал хуулийн хугацаанд нь батлах боломжгүй болно. Энэ тохиолдолд яах вэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараахь тодруулгыг авлаа.
-Санал хураах өдрийг товлох, тойрог байгуулах, мандат хуваарилах зэргийг зохицуулсан тогтоолын төслүүдийг хуулийн дагуу энэ долоо хоногт батлах ёстой юу?
-Сонгуулийн санал авах өдрийг тогтоох болон тойрог, түүний нутаг дэвсгэр, мандатын тоо, тойргийн төвийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө УИХ батлах ёстой. 150-иас доошгүй хоногийн өмнө гэдэг нь зургадугаар сарын 29-нд санал хураалт явуулна гэж тооцвол энэ долоо хоногт тогтоолын төслүүдээ батлах ёстой.
-Нийслэлийн мандатын тоог нэмэх саналыг эсэргүүцэж байгаа МАН-ын бүлэг завсарлага авчихвал яах вэ?
-Хууль зөрчиж завсарлага авахгүй байлгүй дээ. Завсарлага авахгүйгээр хоорондоо ярилцаж тохиролцоод шийдэх боломж бий.
-Ер нь хуулийн хугацаанд нь багтааж тогтоолоо баталж чадахгүй бол тэгнэ гэсэн хуулийн зохицуулалт бий юү?
-Тийм зохицуулалт байхгүй.
-Тэгэхээр тойргуудын мандатын тоо хуучнаараа явна гэсэн үг үү?
-Хуучнаараа явж бас болохгүй. Хууль зөрчсөн үйлдэл болно. Яагаад гэвэл, өмнө нь 2012 баталсан тогтоол чинь сая Сонгуулийн тухай хуулийг батлахад хүчингүй болсон хуулийн дагуу батлагдсан тогтоол шүү дээ. Тэгэхээр тэр тогтоол бас хуулиа дагаад хүчингүй болсон гэсэн үг. Тиймээс ямар нэгэн аргаар хугацаанд нь багтааж тогтоолоо батлахаас өөр арга байхгүй.