Сонгуулийн хууль шинэ намуудад халгаатай болсон
Хөдөлмөрийн үндэсний намын дэд дарга С.Боргил
2016.01.19

Сонгуулийн хууль шинэ намуудад халгаатай болсон

Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус Их хурап энэ сарын 17, 18-нд болов. Үүнтэй холбогдуулан тус намын дэд дарга С.Боргилоос дараах зүйлийг тодрууллаа.

-Танай нам ээлжит бус Их хурлаараа ямар асуудлыг хэлэлцэв. Та яагаад намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх болов?

-Ээлжит бус чуулганаар хамгийн түрүүнд намын удирдлагын бүтцэд өөрчлөлт орууллаа. Миний бие намын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ХҮН-ын даргаар томилохоор манай намынхан шийдвэрлэсэн. Учир нь, олон нийтэд илүү танигдсан, улстөрчийн томоохон байр суурьтай, ХҮН-ыг сонгуульд авч орох туршлагтай, намын нүүр царай, манлайллыг авч явах хүн гэж найдаж УИХ-ын С.Ганбаатарт намын даргын үүрэгт ажлыг хариуцуулж өглөө. Манай нам 2016 оны сонгуулийн ажилд түлхүү оролцоно. Гэвч өнөөдрийн Сонгуулийн хууль бидний боломжийг багагүй хаасан. Энэ утгаараа олон талын нөхцөл байдлыг харгалзан үзээд дээрх шийдвэрийг гаргалаа.

-Сонгуулийн шинэ хууль боломжийг хязгаарлаж байна гэхээр сайн болж чадаагүй гэж үзэж байгаа хэрэг үү?

-Шинээр баталсан Сонгуулийн тухай хууль улс төрд тодорхой байр суурь олоогүй шинэ намуудад маш халгаатай болсон байна. Жишээлбэл, анх сонгуулийн сурталчилгааны хугацаа 45 хоног байсан бол өнөөдөр гурав дахь удаагаа багасгаж 18 хоног болголоо. Сурталчилгааны хугацаа олон нийтэд танигдсан улстөрчдийн хувьд нөлөөлөхгүй. Харин олон нийтэд танигдсан улстөрчгүй намуудын хувьд сурталчилгааны хугацаа маш чухал. 18 хоногт бид өөрсдийнхөө хүмүүсийг олон нийтэд таниулна гэдэг төвөгтэй. Мөн одоогийн сонгуулийн хуулиар тойрог бүрээс нэг гишүүн гарч ирж байж жагсаалт нь хүчин төгөлдөр болж ирнэ гэж байгаа. Гэтэл энэ нь нийгэмд танигдаагүй жижиг намд хүнд байгаа юм.

-Одоогоор ХҮН хэчнээн гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Одоогоор 10 мянган дэмжигч, гишүүнтэй байна. Гишүүдийг кампаничилсан байдлаар элсүүлэхийг эсэргүүцдэг. Бид тодорхой хэмжээгээр гишүүнчлэлээ нэмэгдүүлэнэ. Гэхдээ энэ нөхцөлд сонгуулийн үйл ажиллагаа руу нэлээд түлхүү орж ажиллана.

-ХҮН боловсон хүчнээ ямар шалгуураар авдаг вэ?

-Намын доторх боловсон хүчнийг шалгаж авна гэдэг төрийн албанд шалгаж байгаагаас өөр. Манай нам дотроо гурван ялгарал гэж ярьдаг. Тодруулбал, ёс зүйтэй, уураг тархитай ,буюу мэдлэгт тулгуурласан, институт нам байна. Энэ дотроо намын гишүүдийн чадвар яригдаж байгаа. Намд хэн ч гишүүнээр элсч болно, нээлттэй. Гэхдээ намын дотоод ажилд оролцож, ажиллах гэж байгаа тохиолдолд тодорхой чадвартай байх ёстой. Хамгийн гол нь намд чин сэтгэл, өөрийн хүсэл сонирхлоор оролцох нь чухал. Чадварыг намын гишүүд дээр онцгойлон авч үзэхгүй. Харин мэдээж дотроо дэвших, тодорхой албан тушаалд ахихад чадавхи зайлшгүй хэрэгтэй.