Т.Ганболд ХҮН-аас хөөгджээ
Хөдөлмөрийн Үндэсний нам энэ оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт, мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газраар хянуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн.
Гэвч тус намыг дөрвөн үндэслэлээр УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг СЕХ-ноос гаргаад буй. Үүнтэй холбогдуулан ХҮН-ын дарга С.Боргил тэргүүтэй намын гишүүд мэдээлэл хийлээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос тус намыг дараах дөрвөн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ. Үүнд:
- СЕХ-нд улс төрийн эвсэл, намууд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэхдээ тамгаа баталгаажуулсан байх
- СЕХ-нд гаргах хүсэлтэндээ хандивын дансны мэдээллийг тусгах
- Хүргүүлсэн намын бичиг дутуу эсвэл зөрчилгүй байх
- Улстөрийн намууд хүсэлтээ сонгуульд оролцохоос 180 хоногийн өмнө Улсын дээд шүүхээр батлуулсан байх
Энэ талаар ХҮН-ын дарга С.Боргил хэлэхдээ “Т. Ганболд өнгөрсөн гуравдугаар сард намын дарга болсон ч огцруулсан. Тэрбээр даргын тамгыг одоо болтол хүлээлгэж өгөөгүй байгаа. Улмаар дөрөвдүгээр сарын 30-нд Ганболд, Одонгуа нарын хүмүүс ХҮН-ыг сонгууль оролцуулахгүй байх 90 хувийн ажлыг хийсэн. Тийм учраас бид намын дүрмэнд заасны дагуу хуралдан ХҮН-ын гишүүн Ганболдыг хөөж явуулсан байгаа. Ер нь бид эрх баригчдын улс төрийн захиалгаар манай намын зарим нэг гишүүний оролцоотойгоор, мөн АН-ыг дэмжинэ гэх мэдээлэл гарсныг сонгуульд оролцуулахгүй байх гол шалтаг боллоо гэж үзэж байна. Анхнаасаа бид дангаар оролцоно, оролцохгүй гэдэг дээр хуваагдаж байсан. Одоо харин ХҮН нам УИХ-ын сонгуульд 20 гаруй гишүүнээ бие дааж нэр дэвшүүлнэ. Нийслэл орон нутгийн сонгуульд нам дангаар оролцоно гэдгээ мэдэгдэж байна” хэмээв.