Нийслэлд мандатын тоогоо нэмүүлэхээр үе, үеийн хотын дарга нар хөөцөлдөж ирсэн байдаг
НИТХ-ын дарга Д.Баттулгатай ярилцлаа.
-Та нийслэл дэх УИХ-ын сонгуулийн мандатын тоог 21 болгох хүсэлтийг УИХ-ын болон Сонгуулийн ерөнхий хорооны дарга нарт хүргүүллээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх нь зүйн хэрэг байх. Яагаад ийм үндэслэл гаргах болов?
-Өнгөрсөн оны сүүлээр Сонгуулийн тухай хууль батлагдлаа. Сонгуулийн тухай хуулийн 22.5-д УИХ, орон нутгийн сонгуулийг хүн амын тоог харгалзаж сонгуулийн тойрог, мандатын тоог тогтооно гэсэн байгаа. Энэ бол шударга заалт л даа. Үүний дагуу УИХ-ын дарга З.Энхболд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн нарт албан тоот явуулсан юм. Хуульд заасан зарчмаа баримтлаад нийслэлд оногдох мандатын тоог нэмэгдүүлээч гэж байгаа юм. 2016 оны нэгдүгээр сарын 1-ний статистик мэдээллээр Улаанбаатар хотод нэг сая 314 мянган хүн амьдарч байна. Энэ бол Монгол Улсын хүн амын 44 хувь нь. УИХ-ын 76 гишүүний 48 нь тойрогт, 28 нь намын жагсаалтаар сонгогдоно. Тойргийн 48 мандатыг хүн амд нь харьцуулбал нийслэлээс сонгогдох гишүүдийн тоо 21 болохоор байгаа. 2012 оны сонгуулиар нийслэлээс 14 гишүүн сонгогдож байсан шүү дээ. Монгол Улсын иргэн нэг бүрийн сонгох эрх, эрх ашгаа төлөөлүүлэх бодит боломжийг бүрдүүлэхэд анхаарч нийслэлд оногдох мандатын энэ тоог долоогоор нэмэгдүүлэх нь зөв юм аа гэсэн хүсэлт л тавьсан.
-Аль аль дүүрэг дээр мандатын тоог нэмэгдүүлнэ гэж харж байгаа вэ. Хүн амын тоогоо харгалзаж таарах байх даа?
-Дүүргүүдийг сонгогчдын тоогоор нь харьцуулж гаргахаар нэмэгдэж таарна. Тэгвэл хоёр том дүүрэг болох Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг мөн Баянгол дүүрэг дээр ч нэмэгдэх байх. Бусад дүүрэг дээр нэмэгдэх боломж байгаа. Ер нь мандатын тоог нэмэхээр шийдвэр гаргахаар бол УИХ-аас чухам аль дүүрэг дээр гэдгийг шийдээд явна л даа.
-Таны хүсэлтэд албан хариу өгсөн үү?
-Миний авсан мэдээллээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүсэлтийг авч хэлэлцээд дэмжсэн гэсэн. Нийслэлд оногдох мандатын тоог нэмэгдүүлэх хүсэлтийг үе, үеийн хотын дарга нар сонгууль болохын өмнө тавьж их хөөцөлддөг. Хамгийн гол нь УИХ дээр очоод хана мөргөчихдөг байсан юм билээ.
-Тантай уулзсаных нийслэлийн талаар асуухгүй өнгөрөхийн аргагүй. Өнгөрсөн гурван жил нийслэлд хийсэн гол, гол бүтээн байгуулалтуудаас та алийг нь онцлох вэ?
-Нэрлэвэл олон л юм байна. Улаанбаатар хот 2012 онд ямар байсан, 2016 онд ямар болов гэдгийг нийслэлийнхэн маань хараад мэдэж байгаа байх. Би хувьдаа нийслэл хотод нэлээд дэвшил гарсан гэж үздэг. Улаанбаатар маань өнгөө заслаа. Хогны менежментийг сайжрууллаа. Мөн ногоон байгууламжийг их хэмжээгээр нэмэгдүүллээ. Өмнө нь хотын төв нь рекламны самбар л байлаа шүү дээ. Хогондоо дарагдчихсан, ногоон байгууламж гэж бараг үгүй. Хаа сайгүй шороо тоосондоо дарагдсан орчин тойрон нүдэнд тусдаг дүр зураг байлаа. Тиймээс бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр их ажилласан.
Гол нь аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулах чиглэлээр энэ ажлыг өргөн хүрээнд хийсэн. Өнгөрсөн жил гэхэд л 44 тэрбум төгрөгийн ногоон байгууламж, тохижилтын ажлыг хувийн аж ахуйн нэгжүүдээр хийлгэсэн байна. Хотын өмнөх удирдлагуудын үед ногоон байгууламжийн ажлыг цэвэр хотын төсвөөс гаргадаг байсан. Тэгэхээр бид том дэвшил авчирч чадсан. Өнгөрсөн онд хийсэн өөр нэг томоохон ажил бол нийтийн тээвэр, замын түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдсэн явдал.
Хүмүүс норм дүрмээ барьдаг боллоо. Зогсоолын тоог нэмэх асуудлыг бүрэн шийдэж чадаагүй ч ямар ч байсан нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Нэгдүгээр эгнээнд зогссон машиныг ачдаг болсонд иргэдийн зарим хэсэг нь дургүйцэх хандлага гаргасан ч байхаас аргагүй гэдгийг мэдэрч байгаа болов уу. Аливаа зүйл дүрэм журмаар зохицуулагдаж байж эмх цэгцэнд ордог гэдгийн баталгаа болж, автомашины түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлж байгаа арга хэмжээний энэ гэдэгтэй нийслэлийн иргэд санал нийлэх болсон нь ажиглагдах болсон.
-Нийтийн тээврийн салбарт хийсэн шинэчлэл одоо ч шүүмжлэл дагуулсан хэвээр л байх шиг байна...
-Нийтийн тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлж, парк шинэчлэлтийг сайжруулсан. Энэ бол маш том өөрчлөлт. Мэдээж шинэ юм бүхэн араасаа шүүмжлэл дагуулдаг. Харин одоо энэ шинэчлэлийг Монголынхоо хөрсөнд суулгаж, улам сайжруулахын төлөө нийслэлийн шинэчлэлийн баг зүтгэж байна.
Улаанбаатар хотын замын 30 гаруй уулзварыг шинэчилсэн нь хөдөлгөөний эргэлтийг сайжруулсан арга хэмжээ боллоо. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд өмнөх жилүүдээс хурдтай байна. Зуслангийн замуудаар л жишээ аваад ярихад хангалттай шүү дээ. Үнэндээ Улаанбаатар хот зуслангийн замаа тавьж, шинэчилж чадалгүй 30-40 жил “мөлхсөн” ажлыг гурав дөрвөн жилд хийж болдгийг харууллаа. Хотын төвийн замуудаас гадна Гачуурт, Нисэх, Шувуун фабрик, Өлзийт хорооллын томоохон замуудыг шинэчиллээ. Ер нь ирэх зургадугаар сарын 1 гэхэд зуслангийн бүх замын ажил дуусч, ашиглалтад орно.
Дэд бүтцийн асуудлуудыг шийдлээ. Онцлоод хэлэхэд, өнгөрсөн зун хотын төвийн зам доогуурх дулааны шугамыг солилоо шүү дээ. Аль 1960-аад оноос өмнө тавьсан, труба нь “хүүхдийн зулай” шиг нимгэрсэн шугамуудыг сольж шинээр тавина гэдэг бол том ажил. Хэрэв энэ ажлыг хийгээгүй бол өнөөдөр Улаанбаатар хот өвлийн тэсгим хүйтэнд хөлдөх аюултай байлаа. Энэ бол нийслэл хот өвлийн бэлтгэлээ сайн базаасны баталгаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ямар шаттай яваа вэ?
-Хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтад одоогийн байдлаар 38 компани оролцож байгаа. Нийт 1500 га газрыг хамарсан ажил явж байна. Ашиглалтад орсон 800 гаруй айлын орон сууц байна. Хэдийгээр бага санагдаж байж болох ч ажил урагшилж л байна. Энэ зун гэхэд хэд хэдэн газарт 1000 айлын гаруй орон сууц ашиглалтад орно. Энэ мэтчилэнгээр яриад байвал Улаанбаатар хотод 2012 оноос хойш хийсэн ажил их байна.
-Дахин төлөвлөлтөд ороод газраа алдчихлаа, орон гэргүй боллоо гэсэн хэл ам гарах нь бий. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг бүх талдаа гацаа саадгүй төгс сайн явж байна гэж хэлэхгүй л дээ. Хүндрэл бэрхшээл байгаа нь үнэн. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороод газраа алдчихсан нэг ч иргэн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин төсөл хэрэгжүүлэгч компани иргэн хоёрын хооронд байгуулсан гэрээг зарим нэг компани хэрэгжүүлэхгүй, дутуу хэрэгжүүлснээс иргэдийг гомдоох зүйл гарч байгааг нуухгүй. Тухайлбал, иргэдийн газрыг аваад түрээсийн байранд оруулна гээд гэрээ хийчихсэн.
Иргэн газраа чөлөөлөөд түрээсийн байранд орчихоод байхад түрээсийн мөнгийг нь өгөхгүй. Сүүлд нь түрээсийн төлбөрийг бууруулж өгөх асуудал гарч байгаа. Мөн эдийн засгийн хямралаас үүдээд байраа барьж дуусаагүй компаниуд ч бий. Үүнээс болоод гомдолтой иргэд байгаа. Тиймээс бид аль болох иргэдээ хохиролгүй болгох үүднээс төсөл хэрэгжүүлэгч компаниудын дэд бүтцийн асуудал дээр дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэгчдийг гадна дотны хөрөнгө оруулагчидтай холбох ажлыг хийж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бидний анх санасанд хүрэхгүй байгаа ч огт үр дүнгүй байна гэж хэлж болохгүй л дээ.
-НИТХ тогтмолжсон тухай та их ярьдаг. Үнэндээ ч хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд явуулж, тогтмолжуулсан нь анзаарагдах болсон. Энэ бас нэг өөрчлөлт мөн үү?
-2012 онд иргэдтэй уулзаад явж байхад нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж чухам юу байдаг. Дарга нь хэн байсан бэ гэдгийг мэддэг хүн тун цөөн байлаа. Яагаад гэхээр НИТХ жилдээ үсрээд хоёр, гурван удаа хуралддаг байсан. Тэгвэл одоо сар бүр хуралдаж байна. Шаардлагатай үед ээлжит бус хуралдаан хийж байна. Тэргүүлэгчдийн хурлаа явуулж байна. Хурлыг нийслэлчүүддээ ил тод байлгах үүднээс телевизээр шууд дамжуулж байгаа. Тиймээс нийслэлийнхэн миний сонгосон төлөөлөгч юу ярьж байна гэдгийг хараад суух боломж бүрдсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурал хууль эрх зүйн хүрээнд юу шийддэг юм гэдэг дээр ахиц гарсан.
Үндсэн хуулийн 62 дугаар зүйлд хэрвээ хуулиар тодорхой заагаагүй бол ИТХ өөрийнхөө хэмжээнд тодорхой асуудлаар журам гаргаж эрхзүйн хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх үүрэгтэй гэсэн байдаг. Тиймээс бид олон журмыг баталлаа. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг зохицуулах хууль өмнө нь байгаагүй. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд үүнийг зохицуулах хуулийг УИХ баталлаа. Энэ хүрээнд НИТХ-аараа хэлэлцэж, журам гаргаад явлаа шүү дээ. Энэ мэтчилэн нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон хөтөлбөр, журмыг ИТХ баталж, нийслэлд мөрдүүлж байгаа.
-Зуны саруудад үзэгдээд өнгөрөх цэцгэнд хот асар их мөнгө зарлаа гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс их өрнүүлдэг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Улаанбаатар хотод зуны дөрөвхөн сард цэцэг тарьж яах гээд байгаа юм гэдэг. Боломжтой бол нэг сар байсан ч тарих л ёстой. Нэгдүгээрт энэ бол хотын гоо үзэмжийн асуудал. Хоёрдугаарт хүмүүсийн эрүүл мэндэд тус нэмэртэй зүйл. Хотыг цэцэгжүүлэх ажилд өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан гэж шүүмжилдэг. Гэтэл хотын төсвөөс жилдээ 250 орчим сая төгрөг зарцуулдаг. Үлдсэн мөнгийг ажил ахуйн нэгжүүд өөрсдөө гаргаж цэцэг тарьдаг шүү дээ.
-Өнгөрсөн зун соёл урлагийн олон арга хэмжээг хот зохион байгуулсан. Энэ ажлууд өнөө жил үргэлжлэх үү?
-Үргэлжлнэ. Дуурийг хүн болгон очиж үзээд байж чаддаггүй. Гэтэл “Учиртай гурван толгой” дуурийг Чингисийн талбайд тоглолоо. Дуурийн эх орон италичууд гаднаа л дууриа тоглож, олон түмнийг бишрүүлдэг биз дээ. Тэр л жишгээр явсан асуудал. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээн авна гэдэг зорилт тавьчихсан байна. Тиймээс зан заншил, өв соёлоо сэргээх үүднээс Даншиг наадам хийлээ. Энэ наадмыг өнөө жил дахиад хийнэ.
-Хуучин “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн барилга дуудлага худалдаагаар их үнэ хүрлээ. Энэ бол хотын төвийн газрын бодит үнэ цэнийг тогтоосон явдал болов уу?
-Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газар бол хэмжээгээрээ бага шүү дээ. Үүнийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахад 23 тэрбум 850 саяар зарагдлаа. Энэ бол Улаанбаатар хотын төвийн газар ямар үнэтэй юм бэ гэдгийг олон нийтэд ойлгуулсан явдал. Чингисийн талбайг тойрсон газруудыг та нар хараарай. Зам дагуу олон барилга баригдсан байгаа. Эндээс нэг ч газрыг дуудлага худалдаагаар худалдаагүй байдаг юм шүү. Өмнөх хотын удирдлагууд захирамж гаргаад л өгсөн байдаг. Хэрвээ энэ газруудыг тухайн үед дуудлага худалдаагаар худалдсан бол ямар үнэд хүрэх байж вэ, хотын төсөвт ямар хэмжээний мөнгө орж ирэх байсан бэ гэдэг нь харагдлаа.
Хоёрдугаарт нийслэлийн Засаг даргын захирамжид зурах нэг хүний гарын үсэг тэр үед ямар үнэ хүрч байсныг саяын дуудлага худалдаа харуулаад өглөө. Ямартай ч газрыг дуудлага худалдаагаар худалдах ёстой. Энэ хуулийн дагуу бид ажлаа хийлээ. Өмнөх Засаг дарга нар газрыг дуудлага худалдаагүй шууд захирамж гаргаад өгчихсөн байдаг юм. Тэр хүмүүсийн газрын эрхийг цуцалчих гэхээр бид шүүхэд очоод унаад байдаг. Тэгэхээр ямар арга хэмжээ авсан бэ гэхээр “Нэгэнт Засаг даргын захирамж гарсан бол та газраа авч болно. Харин хуулийн дагуу дуудлага худалдааны анхны үнээ л төлчих” гэж байгаа. Тэгж компаниудаас анхны үнийг авахад хоёр жилийн дотор 50 гаруй тэрбум төгрөг цугласан шүү. Дуудлага худалдаагаар орсон бол тэр газрын үнэ хоёр, гурав дахин өснө биз дээ.
Ерөөсөө бид аливаа ажил тогтоосон хэм хэмжээ тодорхой стандартын дагуу байх ёстой гэдэг л зарчим барьж ажиллаж байгаа. Аль ч нам засагласан тэр стандартын дагуу ажил явдаг байгаасай гэдэг үзлээр ажиллаж байна даа. Хуучин шигээ газраа замбараагүй олгодог, ИТХ хуралдаж байгаа нь мэдэгдэхгүй хөшигний ард шийдвэр гаргадаг байдал руу аль ч үед ордоггүй байх тэр тогтолцоог бүрдүүлэхийн төлөө зүтгэж байна. Тэгэхээр бидний өөр нэг том ололт бол хотод ажил хийх тодорхой жишгийг тогтоочихлоо. Үүнийг цааш нь аваад явах ёстой. Стандарт сайжирна гэдэг хот цаашаа хөгжинө л гэсэн үг.
-Хотын татварын талаар юу хэлэх вэ. Сүүлийн үед янз бүрийн татвар нэмэгдэх болж дээрээс нь хотын татвар гээд гараад ирлээ гэх хүмүүс бий...
-Хотын татварыг хуулийн хүрээнд 1994 онд гаргаж ирсэн юм билээ. Шинэ ойлголт биш. Хэрэгжиж эхэлсэн цаг нь өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс юм. Зөвхөн архи тамхинаас нэг хувийн татвар авч байгаа юм биш. Ресторан, баар, караоке, амралтын газарт үйлчлүүлсэн бол үйлчилгээнээс нэг хувийн татвар авна. Архи, тамхи хэрэглэх баар, ресторан, амралтын газар очих нь тэр хүний сонголт. Хоолны газар биш ресторан шүү. Улаанбаатар хотод 800 орчим ресторан байдаг юм билээ. Энэ бол өөрийн тоног төхөөрөмжтэй, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан, үйлчилгээний зэрэглэл өндөр газрууд юм. Түүнээс биш жирийн нэг монгол, солонгос, хятад хоолны газруудаас татвар авахгүй. Би зүгээр хошигнож хэлдэг юм. Та хотын татвар төлөхгүй гэх юм бол эртхэн л гэртээ харь. Тэгвэл илүү татвар төлөхгүй гэж.
-Сонгууль болоход зургаан сарын хугацаа үлдлээ. Үлдсэн хугацаанд хотод ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Энэ зургаан сард яг ийм тийм юм хийнэ гэж төлөвлөөд сонгуульд бэлдээд байхгүй ээ. Урьд нь яаж ажиллаж байсан тэр жишгээрээ ажиллаад л явна. 2015 оны сүүлээр 2016 оны хотын төсвийг баталсан. Төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлал, концессын жагсаалтыг батлаад өгчихсөн. Үүний дагуу үйл ажиллагаа явж байна. 2016 оны зун хийх тодорхой бүтээн байгуулалтын ажлууд байгаа. Түүнийхээ бэлтгэл ажил, тендерийн бичиг баримтыг бүрдүүлэх, тендерийг зарлах, компанийг шалгаруулах гээд ажил ундарна. Энэ мэтчилэнгийн хийх ёстой, мөрийн хөтөлбөрт туссан ажлууд байгаа. Нэг томоохон ажил бий. Маргааш (өнөөдөр) Дүнжингаравт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг нээх гэж байна.
-Ажиллаад эхэлчихсэн биз дээ?
-Ажиллаад эхэлсэн. Албан ёсоор маргааш (өнөөдөр) нээх гэж байна. Уг төвөөр төрийн үйлчилгээг иргэд шууд авах тэр боломжийг бүрдүүлж байна. Одоо манай Хангарьд ордонд иргэд олноор ирж, дугаарлаад бөөн явдал чирэгдэл болдог. Тэгвэл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд бүх үйлчилгээ төвлөрсөн. Иргэд нэг цэгээс түргэн шуурхай хугацаанд, даргын үүд сахиж царайчлах шаардлагагүйгээр үйлчлүүлэх боломж бүрдлээ. Хотын захиргааны ажилтнууд тэнд очно. Ингээд иргэдтэй нүүр нүүрээ хараад ажиллана гэсэн үг. Асуудлыг зөвхөн хууль, журамд тусгасны дагуу шийдээд явна. Ямар нэгэн авлига, хүнд суртал үгүй болж байна гэсэн үг. Бүх юм ил тод болж байна. Энэ бол маш том хувьсгал шүү. Үүнийгээ цаашид улам сайжруулж, дүүрэг бүрт ойртуулахаар төлөвлөж байгаа.
-Хямрал болж байна гээд байх юм. Нийслэлийн төсвийн хувьд хүндрэл байна уу?
-Нийслэлийн төсөв ер нь гайгүй шүү дээ. Нийслэлийн төсөв 500 гаруй тэрбум төгрөг байдаг. Тодорхой хэмжээний тасралт бий. Нийслэлийн төсвийн 70 гаруй хувь нь Хүн амын орлогын албан татвар байдаг. Тогтвортой гэсэн үг. Гэтэл эдийн засаг хямраад аж ахуйн нэгжүүд хаалгаа бариад ирэхээр ажилгүйдэл ихсээд Хүн амын орлогын албан татвар буураад байгаа юм. Хуучин цагт далд хэлбэрээр явдаг байсан газрын худалдаа, өмч хувьчлал зэргийн олон арга замыг ил болгож энэ тасралтыг нөхөх боломж, гарц хайж байна. Ингэсний хүчинд хэдийгээр хямарч байгаа боловч төсвийн хүндрэлд орохгүйгээр ажиллаад байна гэдгийг хэлье. Мэдээж хүндрэл байгааг хэлэх ёстой.
-Одоо ашиглалтад орсон ч худалдаалагдаагүй 17 мянган байр байна гэдэг. Бүр 30 мянга гэх тоо ч бий. Мөн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулаад банкуудын холбоо ипотекийн зээл гаргахгүй байна. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд муугаар нөлөөлж байна уу?
-Сөрөг нөлөө үзүүлж байгаа тал байгаа шүү. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэг онцлог нь газрын эзнээс газрыг нь аваад буцаагаад байранд оруулчихаж байгаа юм. Одоо энэ 17 мянган байр бол газар чөлөөлөлтгүй, сул газар барьчихсан юм. Барилга барьж байгаа компаниуд сул газар эрэхээсээ илүүтэй айл өрхүүдтэй тохиролцоод газрыг нь чөлөөлөөд тэр хүмүүсийг тохилог орон сууцанд оруулаасай. Ингэвэл аль алинд нь ашигтай шүү дээ.
-Гэхдээ илүү гарсан орон сууцнуудаа худалдаж байж компани ашиг олно?
-Тийм болохоор бид борлуулалт дээр нь дэмжлэг үзүүлж байгаа. Нийслэлийн албан хаагчид байр авахад үзүүлж байгаа 15 хувь байна. Энд найман хувийн ипотекийн зээл зогссон нь нөлөө үзүүлсэн. Гэхдээ үүнийг УИХ авч хэлэлцээд нэг тийш нь болгоно гэж найдаж байна.
-Иргэдийг амины орон сууцтай болгох ажил юу болсон бэ. 2012 оны сонгуулиар та бүхний амалсан зүйлсийн нэг шүү дээ?
-Энэ ажил өнөө жилээс эрчимтэй явна. Ер нь эхэлчихсэн. НИТХ ноднин Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах журмыг баталчихсан шүү дээ. Айлууд газраараа яаж хөрших юм, илүү гарсан газраа яах юм, дэд бүтцээ яаж татах юм, компаниа хэрхэн сонгох юм гэх мэтийн асуудлуудыг энэ журамд тусгасан. Энэ бүхний бүх эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр, гурван жил гэр хорооллын асуудал хариуцсан хүмүүс иргэдтэй уулзаж, нийт зургаан газар 200 орчим айл өрх нэгдээд гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах ажилд ороход бэлэн болчихсон байна.
-Метро барих тухай асуудал юу болсон бол?
-Метроны асуудал нэлээд эрчимтэй явж байсан. Иргэдээсээ асуухад дэмжсэн. УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн. Япончууд ТЭЗҮ-ийг гаргачихсан. Одоо Сангийн яам Японы талтай зөвлөх үйлчилгээний асуудлаар гэрээ хэлцэл хийгээд байгаа юм. Өмнө нь япончууд зөвлөх үйлчилгээгээ 30 сая ам.долларт хийж өгье гэж тохирсон. Одоо 47 сая ам.доллар болгосон. Ингээд л гацчихсан. Зөвлөх үйлчилгээнд нь ажлын зургийг бий болгох, олон улсын тендерийн бичиг баримтыг бүрдүүлэх, тендер зарлах, бүтээн байгуулалтын явцад техникийн хяналт тавих ажлууд багтдаг юм билээ. Хоёрдугаарт манай эдийн засгийн хүндрэл энэ ажилд нөлөөлсөн. Ийм л асуудал байгаа.