Хэн, юу хэлэв?
Хэн юу хэлэв
2016.01.08

Хэн, юу хэлэв?

Р.Бурмаа: Сонгуулийн өдөр хүртэл сошиал сүлжээг хаахгүй 

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа

-УИХ-аар шинэчлэн баталсан Сонгуулийн хууль олны анхаарлыг татаж байгаа билээ. Энэ хуульд нэр дэвшигчийн хариуцлага, ёсзүйн асуудлыг илүүтэй тусгаж өгснөөр сонгуулийн үеэр зохион байгуулалттай бие биеэ гүтгэх, доромжлох асуудал бага ч гэсэн хумигдана гэж үзсэн аж. Энэ талаар хуулийн төслийг санаачлан батлуулсан УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Улс төрийн намууд, нэр дэвшигчид өөрсдийн сурталчилгааны материал дээр заавал нэрээ тавьгэж байгаа нь сонгогчид үнэн бодитой мэдээлэл хүрч, сонголтоо зөв хийх боломжоор хангахыг зорьж байгаа хэрэг. 

Ийм учраас мэдээллээ телевизээр цацах бол тэр намын, тэр нэр дэвшигчийн сурталчилгаа гэдэг бичиг нь заавал урсах ёстой. Радиогоор бол тэр нам, тэр нэр дэвшигчийн сурталчилгаа гэдгийг нэвтрүүлгийн эхэнд, дунд, төгсгөлд хэлэх ёстой. Сонин хэвлэлд хаяг нь заавал тавигдсан байх ёстой. Эзэн хаяггүй материалын хариуцлагыг тухайн мэдээллийг цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө хариуцахаар зохицуулж өгсөн. Ингэхдээ өргөдлийг хаашаа харьяалуулах вэ, хаана зөрчлийг хянах вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. 

Тэгэхээр гүтгэсэн гэдгийг тогтоодог байгууллага нь тогтооно. Нам, нэр дэвшигч нь бусдыг гүтгэсэн байвал сонгуульд өрсөлдөх нэрсийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авах бол ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр зааж өгсөн. 

Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллага эзэн биегүй, нэр усгүй тийм мэдээллийг тавих ёсгүй. Хэн нэгний далд сурталчилгааг хийж, хэн нэгнийг гүтгэж болохгүй л гэсэн үг” хэмээжээ. Харин олон нийтийн цахим сүлжээгээр нэг нэгнээ гүтгэвэл хандалтыг нь хаах гэнэ. Өмнө нь сонгуулийн сурталчилгаа дуусахаас өмнө твиттер, фейсбүүкийн бүх сурталчилгааг хаадаг байсан бол одоо нээлттэй үлдээхээр болжээ. 

О.Баасанхүү: Намайг хөөвөл хөөнө л биз 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү

-УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү намын даргатайгаа үл ойлголцолд хүрсний улмаас намаасаа хөөгдөхөд хүрээд байгаа гэдэг мэдээлэл бий. Тэгвэл эрхэм гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа үүнийгээ нотолжээ. Тэрбээр, “Би гарах биш харин ч намайг намаас хөөх гээд байгаа юм биш үү. Надад МАХН гэсэн дөрвөн үсэгтэй нэрийг авсан үүх, түүх он сар өдөртэйгээ тэмдэглээстэй бий. Өдрийн тэмдэглэл шиг. Тэдний өдөр ийм шаардлага, тийм албан бичиг явуулсан гэж хөтөлдөг юм. 

Би энэ намын төлөө тэгж л ажилласан тайлан. МАХН гэдэг  мянга, мянган ахмудуудын итгэл найдвар. Өнөөдөр жирийн гишүүд надтай уулзаад Хөгжлийн хөтөлбөр боловсруулах санал тавьсан. Тэр дагуу МАХН-ын 2016 онд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулаад дуусч байна. Энэ хөтөлбөрөө намын даргад болоод гишүүддээ танилцуулна. Хөтөлбөрийг 50 мянган хувь хэвлүүлж, гишүүдээрээ хэлэлцүүлнэ. Наана нь хөөвөл хөөнө биз. Тэгээд ч МАХН аль ажил ярьсан хүнээ хөөчихдөг шүү дээ. Тухайлбал, Д.Өрнөхбаяр, С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр, Ю.Атар, Р.Барсболд гээд олон хүнийг хөөсөн. Хөөгдөөгүй хэн байгаа юм. Өөрийнхөө хүсэлтээр гарахгүй. Манай намынхан заримдаа намайг Женкотой айхтар харддаг. Үнэндээ миний хувьд Х.Баттулга гишүүний зөв зүйлийг дэмжиж, бурууг буруутгадаг. Мөн нэг хэсэг намайг Н.Алтанхуягийн хүн гэж хардсан. 

Учир нь Л.Гансүх зөвлөхийн шүүх хурлыг шоронд хийхийг болиулсан учраас. Сүүлийн үед С.Баярцогтын хүн болж байна. Огцруулах бичгийг хэлэлцэхгүй болохоор С.Баярцогттой тохиролцсон гэж тэр л дээ. Үнэндээ Цэц дээр асуудал гацсан. Чухамдаа миний бие хэний ч цүнхийг барьж явсангүй, ажлаа л хийсэн. Би удахгүй нэг ном гаргана. Тэр номондоо улс төрд орсон хөшигний ард дахь бүх зүйлээ ил болгоно. Яагаад сайд болоогүй, Б.Тулга гэдэг хүнд боогдож унасан уу, үгүй юу, Х.Тэмүүжинг огцруулах өргөдлийг яагаад буцааж татсан гээд бүхнээ дэлгэнэ” гэв. 

Д.Батцогт: Хүүхдийн мөнгийг хэвийн олгоод явна 

НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Батцогт

2016 оны төсөвт хүүхдийн мөнгийг олгох төсөв суулгахдаа ялгамжтай буюу  1-19 төвшнөөр ангилж, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд мөнгө өгөхөөр болсон. Энэ шийдвэр нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч, эцэг эхчүүд багагүй бухимдсан. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ижил тэгш өгөхөөр болсон билээ. 

Тэгвэл баталсан төсөвт бүх хүүхдэд өгөх мөнгө тусгасан эсэх асуудал анхаарал татаж байсан. Тэгвэл НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Батцогт хүүхдийн мөнгийг хэвийн олгоод явах боломжтой гэж ярьжээ. Тэрбээр, “Хүүхдийг ялгаварлаж байна гэсэн шүүмжлэл маш их явлаа. Тийм учраас холбогдох албан тушаалтнууд хоорондоо зөвлөлдөж, хүүхдийн мөнгийг ялгаварлах нь буруу юм байна гэдэг зүйл ярьж байна.  Ер нь ялгаварлахгүйгээс өгөх нь зөв гэдгийг гишүүд дэмжиж байгаа. 

Тийм учраас хуучнаар нь өгөөд явахад ямар нэгэн саад тотгор учрахгүй гэж Ерөнхий сайд хэлсэн. Тэгэхээр хуучин бүртгэлтэй хүүхдүүдийнхээ мөнгийг олгоод явахад саад учрахгүй. Яваандаа төсвийн тодотгол хийх шаардлага гарах байх. Төсөвт тодорхой хэмжээгээр багасгаж оруулсан байгаа. Ер нь өгөх бололцоо байгаа юу гэж Ерөнхий сайдаас асуулаа. Яг хуучнаар нь өгөхөд болохгүй зүйлгүй. Тиймээс хуучнаар нь олгоод явж байя гэсэн байр суурийг илэрхийлж байна” хэмээн ярьсан юм.  

А.Гансүх: Төмөр замын асуудлыг сайн шалгах ёстой 

Зам тээврийн сайд асан А.Гансүх

Төмөр зам барих нэрээр их хэмжээний мөнгө идсэн уусан гэх худлаа үнэн нь мэдэгдэхгүй асуудал Зам тээврийн сайдаар ажиллаж байсан хоёр хүнтэй холбогдон яригдаж эхэлсэн. Тэдний нэг нь Зам тээврийн сайд асан А.Гансүх. Түүнийг төмөр замын асуудлаас болж шалгуулж байгаа, хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэл гарсны дараа А.Гансүх зөвлөх мэдээлэл өгсөн билээ.

Тэрбээр, “Намайг Зам тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд надтай хамт Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяатай холбоотой эрүүгийн хэргийн шалгагдаж байгаа явцын талаар ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Би төмөр замтай холбоотой хэргийг шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ асуудлаар би 2013 онд өмнө нь өөрийн хүсэлтээр АТГ, цагдаад шалгуулж байсан. Тиймээс энэ бол миний хувьд шалгагдсан хэрэг. Миний хувьд ердийн журмаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Гадаадад явах эрхийг хориглоогүй. Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн. Маргааш УИХ-ын даргын захирамжийн дагуу АНУ-д албан томилолтоор ажиллах гэж байна” гэсэн юм.