УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2016.01.27

М.Зоригт мэт нь намайг шүүдэггүй л байхгүй юу

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, Х.Болорчулуун нар цахимаар дайтаж эхлээд байгаа. Дорнод нутгаас өнгөрсөн 2012 оны сонгуулиар УИХ-д суусан Х.Болорчулуун гишүүн нутгийнхаа хөгжил цэцэглэлт гэхээс илүү популизм хийж, уул уурхай ярьж улсын хөгжил тээг садаа болж байсан. Тэгвэл эрхэм гишүүн энэ удаагийн сонгуулиар тойрогтоо МАН-д элсэн өрсөлдөхөөр болсон тухай яриа гарсан.

Х.Болорчулуун гишүүн ч үүнийг үгүйсгээгүй бөгөөд юутай ч бүрэн эрхийн хугацаагаа дуустал бие даагч хэвээрээ байна гэдгээ мэдэгдсэн билээ. Харин энэ мэдэгдэлд нь бухимдсан М.Зоригт гишүүн төрсөн нутгаа тэгж тоглуулахгүй. Би тэгвэл нутгаасаа нэр дэвшинэ хэмээн өчигдөр албан ёсоор мэдэгдсэн. Түүний цахим сайтаар мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн л мэдэгдэл хийжээ.

Тэрбээр, “УИХ-ын гишүүн М.Зоригт өнөөдөр миний өмнөөс хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр баахан юм ярьж, бичсэн байхыг харлаа. Төрөлх нутагтаа ажиллаж, амьдарч байгаад УИХ-д сонгогдсоны хувьд, миний хэн болох тухай нутгийнхан маань М.Зоригтоос илүү сайн мэднэ гэж боддог. 

Тиймдээ ч ажил хэргийг маань шүүн тунгаах эрх мэдэл нь Дорнодчуудад байгаа. Түүнээс биш М.Зоригт мэтийн шоучид намайг шүүдэггүй л байхгүй юу. М.Зоригт гэдэг хүнд миний нутгийнхан итгэл хүлээлгээд сонгож байсан үе бий. Дөрвөн жилийн дараа эргээд очиход нь тохирох дүнгээ тавиад, за больё доо гэж хэлээд буцааж байсан үе ч бас бий” хэмээн бичжээ.