Сонгуулийн тухай хуулийн талаар байр суурь
Сонгуулийн тухай хуулийн талаар
2016.01.22

Сонгуулийн тухай хуулийн талаар байр суурь

Сонгуулийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа нарын байр суурийг сонирхлоо.

Б.Бакей: Сонгуулийн хуульд дэвшилттэй заалтууд орсон

Сонгуулийн шинэ хуульд дэвшилттэй заалтууд нэлээдгүй орсон. Жишээ нь, нийслэл, аймаг, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль хамт явагдах болсон. Нэг үгээр хэлбэл, санал авах өдөр нь нэг болж байгаа. Энэ нь сонгуулийн зардал, төсвийн  зарлагыг хэмнэх, дээр нь сонгогчдыг улстөржүүлж, олон удаа сонгууль явуулах чирэгдэл гаргахгүй байх талаас ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа.

Дээр нь УИХ болоод тухайн намын Их хурлын болоод орон нутгийн мөрийн хөтөлбөр нь хоорондоо уялдаа холбоотой гарч, цаашид хэрэгжих бүрэн үндэстэй байх  боломжтой. Мөн тэр нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны баримт бичигтэй нийцэж байх гэсэн зарчмын асуудал бий.

Өмнө нь аль ч сонгуулиар тухайн тойрог дээр сонгогчдын босго тавьдаг байсан,  28 хувь гээд. Нэр дэвшигчдийн аль нь ч 28 хувиас дээш санал аваагүй бол тухайн тойрог дээр дахин санал хураалт явуулж, мөн л зардал мөнгө гарч сонгогчдыг чирэгдүүлдэг. Тиймээс энэ удаа шинэ хуулиар 28-ын босгыг байхгүй болгосон нь чухал ач холбогдолтой.

Дараагийн нэг асуудал бол сонгуулийн маргаан эцэс төгсгөлгүй үргэлжилдэг байдлыг таслан зогсооход чиглэсэн. Тухайлбал, өмнөх Сонгуулийн хуулиар маргааныг эцэслэн шийдэх тодорхой хугацаа байгаагүй. Тухайн сонгуулийн маргаан дараагийн сонгууль эхлэх гэж байхад дуусаагүй байдаг, эсвэл бараг дөхүүлж байж дуусдаг ийм байдалтай байсан. Шинэ хуулиар аливаа сонгуулийн маргаан дээд тал нь 60 хоног буюу хоёр сарын дотор эцэслэн шийдэгдэхээр болж байгаа. Энэ нь шинэ хуулийн давуу талуудын нэг юм. Ер нь бол энэ удаагийн хуульд дэвшилттэй заалтууд нэлээд орсноороо онцлог.

Ж.Занаа: Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хаасан

Парламентад суудалгүй намууд тус хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч батлам­жилсны дараа байр сууриа илэрхийлэхээр бэлдэж байгаа тул одоохондоо хувийн бодлоо хэлье. Юуны өмнө Сонгуулийн тухай хууль “Чи сайхан хоолны нэр хэлээд байгаарай, би халбагадаад байя” гэдэг хошин хэлцийг санагдуулж байгаа. Бид коммунист системийг нурааж ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулахаар Үндсэн хуулиа батлаад 25 жил боллоо. Гэтэл Сонгуулийн хууль шинэчлэгдэх бүрт Үндсэн хуулиар баталгаатай эдлэх бидний эрх, эрх чөлөө, монголчуудын хувь тавилан улам бүр доройтсоор байна.

“Хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/, Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал /цаашид “орон нутгийн Хурал” гэх/-ын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж томъёолсон нь дутагдалтай.

Хүүхэд хуурч байгаа юм шиг инээдтэй заалтууд ч цөөнгүй. Жишээ нь, хуулийн 3.1.11-д “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” гэдэгт мөнгө, эд хөрөнгө өгөх, амлах, дамжуулах, зуучлах, аливаа ажил, үйлчилгээг төлбөргүй үзүүлэх зэрэг төрөл бүрийн арга, хэлбэрээр сонгогчийн санал өгөх эрхийг өөрийн сонирхолд нийцүүлж, тодорхой нэр дэвшигчид санал өгүүлэх зорилгоор явуулж буй бүхий л ажиллагааг” гэжээ.

Гэтэл УИХ-д суугаа эрхмүүд, бас бус хүмүүс бидон, гурил, будаа, нүүрс энэ тэрээ тараагаад байдаг, хууль тогтоогчид нь хараагүй юм шиг, зарим нь бүр хамгаалаад сууж байгаа нь олон түмний доог тохуу болж байна.