Нэгдүгээр сарын 28-ны өдрийн чуулганы онцлох тойм мэдээ
УИХ-ын чуулган
2016.01.29

Нэгдүгээр сарын 28-ны өдрийн чуулганы онцлох тойм мэдээ

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн билээ.

Энэ үеэр  УИХ-ын зарим  гишүүдийн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дубайн гэрээг УИХ-тай зөвшилцөхгүйгээр байгуулснаас болж хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт хийсэн.

Харийнханд хувь заяагаа даатгасан байдал биднийг олигтой үр дүнд хүргэхгүй. Оюутолгой зогсоогүй. Учир нь 2014 онд 7.8 хувийн өсөлттэйгөөр дэлхийд тэргүүлсэн. 2015 оны гүйцэтгэл 2013 оныхоос 400 саяар илүү байна. Гэтэл 2013 оноос илүү хямарч, импорт хоёр дахин буурсан. Яагаад гэвэл мөнгө нь орж ирээгүй.Гайхамшигтай өсөлтүүд манай улсад харагдаж байгаа хэдий ч бодит мөнгө байхгүй учраас өр, зээл нэмэгдэж, өрийн эрсдэл өндөртэй 10 орны тоонд орчихсон.

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Оюутолгойн орд бол дэлхийн хамгийн том зэс, алтны орд газар. Ийм их баялагт эзэн шиг нь биш хариуцлагагүй хандаж байгаагаас болоод огцруулах нь зүйтэй гэж гарын үсгээ зурсан. Бидний давуу тал болж болох байсан зүйлсийг доош нь татаж, буруу явуулсан учраас Ерөнхий сайдыг огцрох ёстой”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Бид Оюутолгойн гэрээ, хөрөнгө оруулалтын эсрэг хэзээ ч байгаагүй, Рио Тинтог гар” гэж хэлж байгаагүй. Харин ганцхан нэг талын ашигтай байна. Монголд ямар ч ашиг алга гэдгийг хэлж байсан.  Дубайдаад л сайхан болно гэсэн.Гэвч манай эдийн засаг сэргэхгүй байна. Энгийн зүйлийг л та худлаа ярьсан”.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Бүх зүйлийг хараар будна гэвэл түүн шиг хялбар зүйл байхгүй. Харин нэгэнт харлуулсан зүйлийг цагаанаар будахад хүндрэлтэй г гэдгийг ойлгож байна.  Оюутолгойн асуудлыг энэ Засгийн газрын үед орсон мэт гайхаж, ярих хэрэггүй”.

УИХ-ын гишүүн Ч.Улаан “Би улстөр ярихгүй, эдийн засаг санхүү ярья. Бизнес эрхлэхийн эрхэм дээд зорилго нь ердөө ашиг олох л байдаг. Оюутолгойн төсөлд ашиг огт яригдахгүй байна. Зөвхөн зардлаа л ярьж байгаа. 2040 он хүртэл ашиг гарахгүй гэсэн. Цаашдаа ашиг гарна гэдгийг хэн ч хэлж чадахгүй байна. Ашиггүй бизнес гэдэг эдийн засгийн агуулгаар орлого зарлага нь тэнцсэн гэсэн үг. Гэтэл алдагдалтайгаар тайлагнаж байвал зарлага ихтэй байгаа хэрэг. Ийм бизнес байдаггүй, оршин тогтнох аргагүй”.