Чуулганы онцлох тойм мэдээ
2016.01.29

Чуулганы онцлох тойм мэдээ

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн билээ.

Энэ үеэр  УИХ-ын зарим  гишүүдийн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Өмнө нь хуримтлалгүй эдийн засаг байсан. Одоо хуримтлалд суурилсан эдийн засаг болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. АН-ын УИХ, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед л ийм юм болчихоогүй байх”.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монголын төрийн түүхэнд дандаа гаднаас хүмүүс орж ирэн Монголын төрийг самардаг байсан. Монгол төрийг самрах бодол Монгол хүнд л лав байхгүй. Үүнийг гадны нөлөө гэж би харж байна. Засгийн газарт маш их ажил бий. Зүгээр Засгийн газрын ажлыг хийлгэх хэрэгтэй. Бид ард түмэндээ хүрч чадаж байгаа бол ялна. Шийдлийн Засгийн газар иргэдэд хүрч чадахгүй бол ялагдана”

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Би долоон сар гаруйн хугацаанд Сайханбилэгийн Засгийн газарт байсан. Бас тодорхой ажлыг хийж, зүтгэж байсныг нь мэднэ. Залуу хүн эрч хүчтэй, ажиллах сэтгэлтэй байсан гэдгийг нь би хэлмээр байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “ 1992-2012 он хүртэл төрийн гаднаас авсан зээл хоёр тэрбум доллар. 2012 оноос өнөөдрийг хүртэл авсан зээл таван тэрбум.

Монгол улсын иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй болсон. Дэлхийд өр, зээлийн хэмжээгээрээ 2-т ордог. Ерөнхий сайдын ярьж байгаа, хийж буй зүйлс нь зөрж байна. Хэрэв бид зөв бодлого явуулаад бодлогын залгамж чанараа хадгалан, зөвшилцөл, ойлголцлыг эрхэмлэн ажилласан бол ийм байдалд орох байсан уу, үгүй юу?

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Оюутолгойг муулах тусам ард түмэндээ хайртай болж харагдана гэдэг ийм үг сонсчихсон  юм уу?

Найман жил Монголд эдийн засгийг нэг алхам урагшаа алхуулж болох, шинэ бизнесийг төрүүлж болох том арааг муулж, мэрж, шүүмжилж, улс төрийн хонжоо олох гэж бодсон хандлага байна.  Том төсөл хөдлөх тусам сум бүр рүү, айл болгон руу мөнгө ордог гэдгийг энэ  хэдэн жилд мэдэрсэн. Харин том төслийг гацааж, хөрөнгө оруулагчдыг хавчих тусам  ЖДҮ- рүү орох байсан мөнгө тасардаг”.

Гишүүд байр сууриа илэрхийлсний дараагаар  Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 57.5 хувь нь Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ.