Санал худалдан авах зөрчлийг мэдээлвэл үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлэн урамшуулна
УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа
2016.01.28

Санал худалдан авах зөрчлийг мэдээлвэл үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлэн урамшуулна

Сонгуулийн хууль олон шинэлэг заалтуудыг агуулсан. УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаагаас зарим зүйлийг тодрууллаа. Ярилцлагыг Сонгуулийн хуулийн төсөлд тусгагдсан заалтуудын хамтаар толилуулж байна.

-Энэ удаагийн батлагдсан сонгуулийн хуулийн онцлог юу вэ?

-Сая батлагдсан Сонгуулийн тухай хуулийн хамгийн гол онцлог бол анх удаа сонгуулийн олон ялгаатай хууль тогтоомжуудыг нэгтгэн нэг хууль болгож баталсан. Мөн УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийг нэг өдөр явуулахаар болж байна. Дараагийн онцлог нь сонгуульд зарцуулагдаж байгаа их мөнгийг багасгах, бууруулахад чиглэсэн олон зохицуулалтыг багтаасан. 2008 оны УИХ-ын сонгуулийн нийт зардал 7 тэрбум орчим байсан бол 2012 онд 36 тэрбум болж өссөн. Үүнээс болоод парламентад суудалгүй, шинэ улс төрийн нам, эмэгтэйчүүд, шинэ тутам залуу хүмүүс нэр дэвших, өрсөлдөх боломжгүй болдог, бэрхшээл учирдаг байсныг шийдсэн. Дараагийн нэг том онцлог, шинээр авч үзсэн зүйл бол сонгуулийн маргаантай холбоотой. 2012 оны сонгуулийн маргаан одоо хүртэл шийдэгдээгүй явж байгаа тохиолдол байна. Тиймээс сонгуулийн маргааны харъяаллыг тодорхой болгох, ямар хугацаанд шийдэх, түүнээс бий болох эрх зүйн үр дагаврууд юу байх гээд олон зүйл тодорхой болсон. Тухайлбал, ямар ч сонгуулийн маргаан сонгуулиас хойш 60 хоногийн дотор шийдэгдсэн байна.

-Эрх баригчид сонгуулийн хуулийг сонгууль болгоноор өөрчилдөг боллоо. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсмоор байна.

-Сонгуулийн үйл явц их олон зүйлээс хамаардаг. Тухайлбал, сонгогчдын хүлээлт, нийгмийн болон технологийн хөгжил дэвшил, улс төрийн намын хөгжил, төлөвшил гээд. Тиймээс би хувьдаа сонгуулийн хуулийг сонгууль болгоноор өөрчлөх нь сөрөг нөлөөтэй гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл дээрх бүх хөгжил дэвшилтэй уялдаж явах ёстой зүйл шүү дээ. Харин сонгуулийн хуулиар олж авсан амжилтаа дараа дараагийн хуулиар устгаад байвал утгагүй байх. Харин энэ удаагийн Сонгуулийн тухай хууль өмнөх хууль тогтоомжоос дэвшилттэй бүх харилцааг хэвээр авч үлдсэн гэж хэлж болно. 48х28 гэсэн систем байна, орон нутгийн болон үндэсний түвшний сонгуулийг хамтад нь явуулах, сонгуулийн үйл явцыг хүний зүйлээс хамаарахгүйгээр автоматжуулсан, хурдан шуурхай болгосон гээд олон зүйл бий.

-Намын жагсаалтаар сонгогдох асуудал энэ хуулиар дахиад баталгаажлаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Өмнөх УИХ-ын сонгуульд хэрэглэсэн системийг хэвээр хадгалж байгаа. Өөрөөр хэлбэл 28 нь жагсаалтаар сонгогдоно гэсэн үг. Сонгуулийн энэ системийн үр өгөөжийг бид одоо ч гэсэн харж байна. Парламентад суудалтай намуудын тоо олон байна, үүний хэрээр бодлого шийдвэр нийгмийн олон талт бүлгүүдийн санал бодлын зааг дээр гарч байна, хяналт бий болж байна, төсвийг өөрс өөрсдийн тойрог руу татах биш илүү хөгжлийн төслүүд дээр хөрөнгө оруулалт орох боломжтой боллоо. Мөн эмэгтэйчүүдэд ээлтэй гэдэг нь харагдлаа. Эмэгтэйчүүд олон байх тусам парламентын бодлого шийдвэрт нийгмийн бүлгүүдийн эрэлт хэрэгцээ тусгалаа олох боломжтой гэдгийг бид харлаа шүү дээ.

-Та түрүүнд УИХ, нийслэл, аймгийн сонгууль хамтдаа нэг өдөр болно гэлээ. Сонгогч кабинд ороод саналаа тэмдэглэх хугацааг бодолцсон уу. Үүнээс болоод ирц бүрдэхгүй юм биш биз?

-Мэдээж бодолцолгүй яах вэ. Сонгуулийн ирцэд нөлөөлөх асуудал биш л дээ. 2012 онд УИХ-ын сонгууль, нийслэлийн сонгууль нэг өдөр болж байсан. Тэгэхэд ийм асуудал үүсээгүй шүү дээ. Энэ удаа орон нутгийн сонгогчид 2012 оны нийслэлийн сонгогчидтой адил УИХ-ын болон аймгийн хурлын сонгуульд саналаа өгнө. Санал авах хугацаа өмнөх шигээ 07.00-22.00 цаг хүртэл байгаа тул таны ярьсан шиг асуудал гарахгүй.

-Жижиг нам, бие даагчдад халгаатай хууль боллоо гэсэн шүүмжлэл байна. Энэ талаар?

-Тэгэж бодохгүй байна. Харин ч парламентад суудалгүй намуудын сонгуульд өрсөлдөхөд хамгийн их тээг болдог зүйл болох мөнгөний нөлөөг багасгах болон эрх барьж байгаа намуудтай гарааны хувьд адил тэгш байх боломж энэ хуульд бий. Түүнчлэн, сонгуулийн сурталчилгааны зохицуулалтыг нарийвчилж өгснөөрөө тэдэнд илүү ээлтэй болж байгаа. Тухайлбал телевизийн сурталчилгааны үнэ ердийн тарифаараа байх боломжтой болсон.

ХУУЛЬ: 82.7.Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевиз сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй  байна.

Сонгуулиар маш үнэтэй болдог бизнесийн зориулалтын самбаруудыг хориглоод үнэ төлбөргүй нийтийн эзэмшлийн газруудад байршуулах боломжтой болж байгаа гээд.

ХУУЛЬ: 77.7.Зурагт болон ухуулах хуудсыг сонгогчдод тараахаас гадна дараах газар үнэ төлбөргүй байрлуулж болно:            77.7.1.зориулалтын зарлалын самбар;77.7.2.нийтийн эзэмшлийн хашаа, хайс, гэрлийн шон.77.8.Зурагт болон ухуулах хуудсыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид тогтооно.77.9.Зурагт болон ухуулах хуудсыг гудамж талбайд байрлуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож орчныг бохирдуулахыг хориглоно. 

-Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх асуудал нэлээд улс төр дагуулж байна. Та юу гэж бодож байна?

-Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох эрх УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Харин сонгуулийн тухай хуульд түүнийг хэрхэн тооцож, тогтоох аргачлал нь бий. Мэдээж хүн амын тоо, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг харгалзан тогтоох учиртай.

-Сонгуулийн сурталчилгааны хугацаа богиноссонтой холбоотой тодруулах зүйл байна. Сурталчилгааны хугацааг богиносгосноор иргэд нэр дэвшигч болон намын мөрийн хөтөлбөртэй танилцаж амжихгүй байх вий гэж бодож байна.

-Энэ хуулийн гол шинэчлэлийн нэг бол сонгуулийн зардлыг бууруулах гэж хэлсэн. Зардлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн нэг зохицуулалт бол энэ л дээ. Бусад улс орнуудад ч ийм л арга хэмжээ авдаг. Сонгуулийн сурталчилгааны хугацааг тогтоохдоо өмнөх хуульд үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, 2012 онд УИХ-ын сонгуульд сурталчилгааны хугацаа 20 хоног орчим, орон нутгийн сонгуульд 14 хоног байсныг энэ удаагийн хуулиар дундажлаад 18 болгосон.

ХУУЛЬ: 68.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.

-Өмнөх сонгуулийн хуульд сонгогчдын санал худалдан авах гэж байгааг баримтаар нотолвол үнийн дүнг нэмэгдүүлж өгнө гэж байсан зохицуулалт энэ хуульд бий юу?

-Байгаа. Сонгогч энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх бөгөөд үүнийг холбогдох хууль хяналтын байгууллага шалгаад тогтоох юм бол үнийн дүнг 20 дахин өсгөж сонгогчийг урамшуулах юм.

ХУУЛЬ: 71 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдэгдэх71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

-Энэ удаагийн сонгуулийн хуулиар мэдээллийн сайтуудын талаар ямар зохицуулалт байгаа вэ? Энэ талаар тайлбарлаж өгөөч?

-Сонгуулийн үйл явц, сонгогчдын боловсрол гээд олон асуудлаар мэдээллийн сайтуудын үүрэг оролцоо сонгуульд их байдаг шүү дээ, энэ бол мэдээж нээлттэй. Мэдээллийн сайтууд улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа хийхэд хамаарах зохицуулалт сонгуулийн хуульд байгаа. Тухайлбал, мэдээллийн сайтууд сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд сонгуулийн сурталчилгааны цахим хуудсын хаяг, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриаг сурталчилах боломжтой.

ХУУЛЬ: 68.7.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдаж, захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих ба энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарах ба радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд захиалагчийн нэрийг дурдана.

 -Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Сонгуулийн хуульд хориглох заалтууд цөөнгүй бий. Тэдгээрээс дараах заалтуудыг та бүхэнд онцгойлон хүргэж байна.

67.4.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:67.4.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;67.4.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;67.4.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;67.4.4.үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ иргэдэд үзүүлэх;67.4.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;67.4.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал;

 70 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох

70.5.4.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;70.5.5.төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах;70.5.6.23.00 цагаас дараа өдрийн 07.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;70.5.8.аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах;70.5.9.сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой аливаа дуу, зураг хэвлэх, нийтлэх, нэвтрүүлэх;70.5.13.сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч  мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах;70.5.14.сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах;