2015.12.14

Нам ямар бизнесийн байгууллага уу?

Үнэгүй зүйл гэж байдаггүй шиг мөнгө зарцуулахгүй сонгууль гэж байхгүй.

Сонгуулийн жил болоход намын санхүүжилтын асуудал хурцаар хөндөгддөг. Харин тухайн намын санхүүжиж буй хэлбэр нь “зохисгүй” байх үед сонгуулийн үйл явцыг гажуудуулан, намын төлөвшилд сөргөөр нөлөөлж, сонгуулийг шударга бус явагдахад хүргэх, авлига бий болох хөрс суурь болдог.

“Улс төрийн намын тухай хуульд” намууд санхүүжилтаа өөрсдөө ямар нэг аргаар олох эрхийг нь нээж өгсөн. Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны мэдээлсэн тоо баримтаас харахад, өнгөрсөн сонгуулиудын санхүүжилтийн 90-ээс дээш хувь нь хандиваас бүрдсэн байдаг. Энэ мөнгө хаанаас, хэнээс орж ирж байгааг бүрэн гүйцэд хянахгүй болохоор улс төрийн намууд нь бизнесийнхний барьцаанд орж, төрийн эрх мэдэл авахдаа тэдэнд ээлтэй, таатай бодлого хэрэгжүүлэх нөхцөл үүсч болохоор байна.

Дан ганц СЕХ л улс төрийн санхүүжилтад хяналт тавьдаг. Тиймээс намууд хаанаас мөнгө босгож, сонгуульд зарцуулж байна, тухайн хандивын мөнгөө хэрхэн юунд зарцуулж байгаа нь “нууцын зэрэглэлд хамаардаг гэхэд болно.

Дан ганц СЕХ л улс төрийн санхүүжилтад хяналт тавьдаг.

Нөгөө талаар улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтаа яаж бүрдүүлж байгаа тухай баримттай мэдээлэх бололцоо байдаггүй. Тиймээс намуудын мөнгө босгох арга ч цаг үе, нөхцөл байдлаа даган өөрчлөгдөж байдаг . Тухайлбал 2008 онд сонгуульд нэр дэвшихээр горилогчид намдаа 20 сая төгрөг тушаадаг байсан бол 2012 онд 50 сая болж өсчээ. Хачирхалтай нь энэ мөнгө тайланд тусгагддаггүй. Тайланг хүлээн авдаг Сонгуулийн ерөнхий хороо ч үүний талаар эргүүлж лавладаггүй, аудитын газарт хандаж шалгуулахгүй мөн, боловсон хүчин хүрэлцдэггүй.

Тиймээс л жил ирэх тусам намуудын мөнгө босгох арга улам нарийсч, юунд зарцуулсан нь олон нийтэд хүрдэггүй. Сонгуулийн бус үед ч намууд санхүүжилтийн мэдээлэл нь ил тод байдаггүй.

Сонгуулийн хуулийн дагуу зардлын тайлангаа сонгууль дууссаны дараа нэг сарын дотор СЕХ-нд өгөөд, СЕХ тэр мэдээллийг нь хүлээн авснаас 10 хоногийн дотор хянаад олон нийтэд мэдээллэдэг тогтолцоо бий.

Ингэж улс төрийн намын санхүүжилт далд хэлбэртэй байх нь нам өөрсдөө дэнчингийн хэмжээгээ тогтоох боломжийг бий болгож, хандиваар асар их мөнгө босгох, олсон мөнгөөрөө сонгууль хийн УИХ-д гарч, явцуу ашиг сонирхолд үйлчилдэг “бизнесийн байгууллага” болох үндэс болсоор байна.

 

 Далд хэлбэртэй энэ их мөнгөний хэмжээг ил болгохын тулд юуны түрүүнд нам өөрөө дотоод хяналт сайтай байх ѐстой. Намын жирийн гишүүд ч намынхаа дотогшоо, гадагшаа чиглэх мөнгөн урсгалыг мэдэх эрхтэй. Мөн эсрэгээрээ намын санхүүжилтад хатуу хяналт тавих чиг үүрэгтэй СЕХ-оо ажлаа сайн хийх нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй.