Эрүүгийн хуульд “авлигын гэмт хэрэг” гэсэн шинэ бүлэг орууллаа
Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат
2015.12.09

Эрүүгийн хуульд “авлигын гэмт хэрэг” гэсэн шинэ бүлэг орууллаа

УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. 2016 оны есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх энэ хууль нь одоогоор мөрдөгдөж буй авлигын гэмт хэргийг тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг халж, дэвшилтэт олон зүйлийг тусгасан нь сайшаалтай. Хуульд “Авлигын гэмт хэрэг” гэсэн шинэ бүлгийг нэмж, хэд хэдэн онцлох заалтыг тусгасан юм. 

Нэгдүгээрт,  учирсан хохирлын хэмжээгээр авлигын гэмт хэрэг мөн эсэхийг тогтоодог байсныг өөрчилж, “Төрийн албан хаагч албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүйгээс өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” хохирлын хэмжээнээс үл хамааруулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл өмнө нь төрийн албан тушаалтан үлэмж хэмжээний хохирол буюу 9 сая 600 мянгаас 24 сая хүртэл төгрөгийн хохирол учруулаагүй л бол албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх боломжгүй байсныг хална гэсэн үг.

Хоёрдугаарт, албаны эрх нөлөөг урвуулан ашиглах гэдэг зүйл ангийг онцолж ярих хэрэгтэй. Эрүүгийн шинэчилсэн хуульд “Төрийн албан хаагч өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд  давуу байдал олгуулах зорилгоор өөрөө эсхүл өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан, эсхүл олгосноос бусдын хууль ёсны ашиг сонирхолд  хохирол учирсан бол” авлигын гэмт хэрэг болно гэж заасан.

Тухайлбал, гаалийн ажилтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж хэн нэгний бараанд гаалийн татвар ногдуулаагүй болон бага ногдуулсан нь эрх мэдэл бүхий бусад хүний, магадгүй Сангийн яамны нэгэн түшмэлийн хүсэлт байсан бол тэр түшмэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. Уг түшмэл ийнхүү албаны нөлөөг урвуулан ашигласны хариуд давуу байдал, мөнгө авсан бол авлигын хэрэгт мөн шийтгүүлнэ.

Гуравдугаарт, гадаад улсын албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглавал Монгол Улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эдгээр байгууллагын албан тушаалтныг хахуульдсан тохиолдолд өгсөн, авсан хоёуланг эрүүгийн хариуцлагад татна.

Дөрөвдүгээрт, хээл хахууль авах гэмт хэргийн субьект болох этгээдийг, түүнчлэн энгийн болон тусгай бүрэлдэхүүнийг тодорхой зааглаж өгсөн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар гагцхүү хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөний хариуд бусдаас хахууль авах нь гэмт хэрэг байсан бол хэм хэмжээг зөрчилгүй, албан үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлсэн хэдий ч тухайн этгээдээс мөнгө, бусад давуу байдал авсан бол хахуулийн гэмт хэрэгт тооцох болсон. Түүнчлэн энэ гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтнаас гадна хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр үүрэг хүлээсэн хүн байж болохоор тодорхой болголоо.

Тавдугаарт, хахууль авах, өгөхөөс гадна өгөхийг шаардсан, хахууль өгөх саналыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл хахууль өгөхийг санал болгосон, амласан зэрэг үйлдэл хийснээр гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байхаар хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгосон.

Зургаадугаарт, ямар тохиолдолд хээл хахууль өгсөн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шалгуурыг тодорхой болгосон.  Үүнд төрийн албан хаагчийн хууль ёсны дагуу албан үүргээ гүйцэтгэж үзүүлэх байсан төрийн үйлчилгээг хясан боогдуулсны улмаас, аргагүй байдалд хахууль өгч авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. Харин хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй. Энэ тохиолдолд хахууль өгсөн хүн эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх үндэслэл болохоор болно.

Ийнхүү Монгол Улс Эрүүгийн хуулиа шинэчлэн баталж НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн шаардлагад нийцүүлэх томоохон алхмыг хийлээ.