“Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.10,01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаан эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 828 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 4439 төсөвт байгууллагад, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг хамруулжээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.8 их наяд, зарлагыг 7.1 их наяд төгрөг байхаар тусгасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганд танилцууллаа
Мөн онд гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 онд 12.9 тэрбум ам доллар болж, 2017 онынхоос 22.5 хувиар өсчээ. Мөн гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам долларын ашигтай гарчээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж дууслаа. Ингээд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлэв.