МБЗ: Авлигыг таслан зогсооход бизнесийн байгууллагад идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАЖ БУЙ
АВЛИГЫН ЭСРЭГ УРИАЛГА
Авлига, тухайлбал хээл хахууль дэлхий даяар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүст улам ихээр хамааралтай сэдэв болж байна.
Жилд ойролцоогоор 1 их наяд ам.долларыг хээл хахуульд алддаг гэсэн дүгнэлтийг Дэлхийн банкны судалгаагаагаар тогтоосон нь энэхүү асуудал ямар их далайцтай байгааг илтгэж байна.
Авлига нь компаниудад зардал, эрсдэл учруулдаг бол улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжилд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Авлигыг төрийн албанд илүү хамааралтай асуудал гэж хардаг хэдий ч компаниуд нийлүүлэгч талыг бүрдүүлэх нь түгээмэл.
Төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийнхэн авлигын тэнцэтгэлийг бүрдүүлдэг талууд хэдий ч тэд эргээд авлигын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлэхэд хоорондоо хамтран ажиллах шаардлагатай юм.
Иймд, Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) нь чадавхи бэхжүүлэх болон харилцан суралцах үйл ажиллагааг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг дэмжих замаар дотоод хяналтыг сайжруулах, шилдэг туршлага, хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг дэмжин сурталчлах, ил тод байдлыг хөхүүлэн дэмжих, бизнесийн эрүүл орчинг бий болгоход гишүүддээ туслах зорилгоор Бизнесийн ёс зүйн ажлын хэсгийг (Ажлын хэсэг) байгуулсан билээ.
Дээрх зорилгод амжилттай хүрэхэд Монголын манлайлагчид авлигын эсрэг өөрчлөлт шинэчлэл хийж, засаглалыг сайжруулахад тууштай, бодит хүчин чармайлт гаргахыг МБЗ-өөс уриалж байна.
Учир нь гадаад болон дотоод орчиндоо чухал өөрчлөлт шинэчлэлийг нэвтрүүлснээр бид бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, аль ч шатанд шударга, жигд үйлчлэх нөхцлийг бүрдүүлэх боломжтой. Батлагдаад удаагүй байгаа Авлигын эсрэг үндэсний стратегид авлигаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн шинэчлэлийн шинж чанартай заалтуудыг оруулсан нь олзуурхууштай юм.
Авлигыг таслан зогсооход чиглэсэн энэхүү бодлогын баримт бичиг нэлээд удаан хугацаанд хүлээгдэж байж батлагдсан бөгөөд үүнийг дагаад одоо нарийвчилсан үйл ажиллагаа, бодит ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлэх нь чухал.
Тиймээс МБЗ-ийн Бизнесийн ёс зүйн ажлын хэсэг Засгийн газрын стратегийг хэрэгжүүлэхэд, ялангуяа хувийн хэвшилд чиглэсэн арга хэмжээг дэмжин ажиллахаа энэхүү уриалгаар дамжуулан хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монголын бизнесийн зөвлөлөөс дараах уриалгыг Засгийн газарт хүргүүлж байна. Үүнд:
- НҮБ-ын Авлигын эсрэг конвенц зэрэг олон улсын стандартад нийцсэн хууль эрх зүйн хүчтэй зохицуулалтын хүрээг бүрдүүлэх, ил тод, ёс зүйтэй бизнесийн ажиллагааг дэмжих;
- Асуудлыг өргөн хүрээнд анхаарч, авлигын эсрэг холбогдох бодлого, хуулиудыг хэрэгжүүлэх;
- Төрийн байгууллагуудад авлигын эсрэг шударга тогтолцоо бүрдүүлж, авлигыг таслан зогсооход бизнесийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах;
- Авлигатай тэмцэх газрын санхүүжилтийг хангалттай шийдвэрлэж, улс төрийн хөндлөнгийн оролцооноос ангид байлгаж, бие даасан эрх мэдэл олгох замаар тус байгууллагыг бэхжүүлэх.
Авлигатай тэмцэхэд Засгийн газар чухал үүрэг гүйцэтгэхийн сацуу компаниуд өөрсдийн үйлдэлд мөн хариуцлага хүлээх ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон үндэсний олон компани авлигад өртөх эрсдлийн үнэлгээ хийж, үйл ажиллагаагаа шударга явуулахыг зорин ажиллаж байна.
Гэсэн хэдий ч, хувийн хэвшлийнхэнд хийх зүйл их байгаа бөгөөд бизнесийн салбарын удирдлагууд бусдыг авлигын эсрэг баттай тэмцэхийг хөхүүлэн дэмжиж, материаллаг дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тиймээс МБЗ-ийн Бизнесийн ёс зүйн ажлын хэсгийн гишүүд дараах үүргийг хүлээж байна. Үүнд:
- Байгууллагынхаа шударга байдлын стандартыг тогтмол сайжруулж, тэдгээр стандарт, жишгийг бизнесийн түншүүддээ байнга сурталчлах, үүний хүрээнд бизнесийн байгууллагуудын хэрэгжүүлж болохуйц загвар бодлого, удирдамж, зааварчлагааг боловсруулах;
- Авлигыг таслан зогсооход төрийн байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллах;
- Авлигатай тэмцэж, ёс зүйтэй, ил тод бизнесийн ажиллагааг дэмжин сурталчлахад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах.
Монголын бизнесийн зөвлөл
2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот