Авлигыг өндөр эрсдэлтэй, өгөөж нам гэж харах хэрэгтэй
“Ил тод, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих” сэдэвт семинар
2016.11.21

Авлигыг өндөр эрсдэлтэй, өгөөж нам гэж харах хэрэгтэй

“Ил тод, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих” сэдэвт семинар өнгөрөгч долоо хоногт /2016.11.15/ боллоо. Семинарын ерөнхий зохион байгуулагчаар "Монголын Бизнесийн Зөвлөл" ажилласан юм.

Уг семинарт “Транспэрэнси Интернэшнл Монгол”, “Азийн сан”,  Сант марал сан зэрэг төрийн бус байгууллагын удирдах, гүйцэтгэх түвшний төлөөлөл, "Мандал даатгал", Вагнер Ази ХХК, "Jacobs Mongolia", "Trident Integrity Solutions", Atlas Copco, "Breakthrough Communications" зэрэг компанийн удирдлагууд оролцсон юм. 

Семинар үндсэн хоёр хэсэгтэй явагдсан. Эхний хэсэгт семинарыг нээж, “Монголын Бизнесийн Зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн, “Азийн сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Мэлони Линдбэрг нар үг хэллээ. Үргэлжлүүлэн “Бизнестээ шударга, ил тод байдлыг баримтлах үндсэн хүчин зүйлс, олон улсын туршлага” сэдэвт илтгэл тавьсан юм. 

“Trident Integrity Solutions” компанийн гүйцэтгэх захирал Марк Ловатт, баруун гар талаас эхэнд

Марк Ловатт нь авлигын эсрэг хувийн хэвшлийн салбар дахь тэргүүлэх зөвлөхүүдийн нэг. Бизнесийн ёс зүйн асуудлаар байгууллагуудад зөвлөгөө өгдөг.  Мөн Засгийн газар, түүний агентлагууд, үндэсний болон дэлхийн хэмжээнд танигдсан байгууллагуудад авлигатай хэрхэн тэмцэх талаар зааж зөвлөдөг байна. Түүнийг илтгэлээ тавьж дууссаны дараа авлигатай хэрхэн тэмцэх талаар олон улсын байгууллагуудад өгдөг зөвлөмжөө хуваалцахыг семинарт оролцогчид хүссэн юм. 

Марк Ловатт: "Авлигыг хяналтаасаа гаргаж болохгүй" 

"Авлигатай тэмцэнэ гэдэг нэг өдрийн асуудал биш. Урт удаан хугацаа зарцуулах шаардлага гардаг. Тиймээс ч Авлигатай тэмцэх бүхэл бүтэн компанит ажил өрнүүлэх шаардлагатай байдаг. Тэрхүү компанит ажлаа сулруулахгүйн тулд олон нийтэд авлигын талаар ойлголт, мэдээлэл байнга өгдөг байх нь чухал. Үүнд төрийн байнгын хяналт, дэмжлэг хэрэгтэй. Төрийн байгууллага, албан тушаалтнууд "нүд, чих"-ээ нээлттэй байхыг авлигатай тэмцэх ажил шаарддаг. 

1-2 жил авлигатай тэмцэх компанит ажил өрнүүлээд үр дүнгүй байлаа гээд хүчээ сулруулж болохгүй. Тиймээс ч авлигатай тэмцэх төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж буй хүмүүсээ зөв сонгох хэрэгтэй. Ялангуяа тэдний чадавхийг харгалзан үзэх нь зүйн хэрэг.

Бизнесүүдээс нэмэлт өртөг зардал, ихээхэн хүч чармайлт шаардаж байдаг авлигыг хяналтаасаа гаргаж болохгүй. Авлигын асуудлаар шүүх, хяналтын байгууллагад хандлаа гэхэд бизнесийн нэр хүнд, ёс зүй хэр хөндөгдөх вэ гэдгээ хаана, хаанаа бодолцох хэрэгтэй.

"Авлигад идэгдсэн" гэж нийтээр нь хавтгайруулах биш яг аль салбарт, ямар албан тушаалтан авлигад өртөөд байгааг нарийн тодорхойлох ёстой.

Авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, авлигаас ангид, ёс зүйтэй байхад манлайлал маш чухал. Авлигатай тэмцэх ажилд манлайлан оролцож буй байгууллага, хувь хүнийг сайшаан урамшуулах нь түүнээс ч чухал.  

Үргэлжлүүлэн “Jacobs Mongolia”, “Вагнер Ази” компани, “Сант Марал сан”, “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын төлөөлөл бизнесийн шударга байдал, ёс зүй, бизнесээ яаж авлигаас ангид байлгах талаар өөр өөрсдийн илтгэлийг хэлэлцүүлсэн. Семинарын эхний хэсэг асуулт, хариултаар өндөрлөсөн юм. 

Бид семинарын эхний хэсгийн төгсгөлд "Вагнер Ази" ХХК болоод "Транспэрэнси Интернэшнл Монгол", АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од нартай хэсэг хором ярилцлаа. 

"Вагнер Ази" группийн үйлчилгээг дэмжих газрын захирал Т.Жанибек

Т.Жанибек: Биднийг хөдөлгөгч, чиглүүлэгч нь үнэт зүйл 

"Төрийн байгууллагын ажилтнууд ёс зүйгүй байгаагаас болж бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Бизнесийн байгууллагууд хоорондоо хамтарч ажиллахдаа ч ёс зүйг эрхэмлэх хэрэгтэй. Манай компанийн хувьд үнэт зүйлсдээ үндэслэн ажиллах арга барил, зорилго, чиглэлээ тодорхойлдог. Үнэт зүйлс нь бидний хөдөлгөгч, чиглүүлэгч юм.

Багийн ажиллагаа, шилдэг гүйцэтгэл, хариуцлагатай байдал, аюулгүй байдал, зарчимч байдал, хамтын харилцан уялдаа бол  манай компанийн үнэт зүйл.

Авлигаас ангид байна гэдэг хэцүү ч компани үнэт зүйлтэй байна гэдэг нь аливаа бизнесийн шийдвэр гаргаж, алхам хийхдээ, хамтын ажиллагаа өрнүүлэхдээ байнга үнэт зүйлсээ дотроо бодож, түүнийгээ баримтлахыг хичээдэг. 

Өнөөдрийн семинарт бид туршиж үзсэн зүйлсээ бусадтай хуваалцаж, бэрхшээлээ яаж даван туулж байсан туршлагаа харилцан ярилцлаа."  

Л.Төр-Од: Бизнесийн ёс зүйгээр мэргэшсэн экспертийг урьж оролцуулж байгаад таатай байна

"Транпэрэнси Интернэшнл Монгол" ОУБ-ын төлөөлөл, АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од

"Транпэрэнси Интернэшнл байгууллага нь дэлхийн 120 оронд үндэсний салбартай. Тэр дундаа Монголд 2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд бид хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, төрийн байгууллагатай түншлэх талаар түлхүү анхаарч байна.

11 дүгээр сарын 3-нд УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн үзэл санаа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих явдал юм.

Сүүлийн үед худалдан авах ажиллагаа, тендер, олон улсын гэрээтэй холбоотой авлигын асуудал сөхөгдөж байна. Тиймээс ч хувийн компаниуд ил тод, нээлттэй, шударга ажиллах ёстой. Энэ хүрээнд Монголын Бизнесийн зөвлөлтэй хамтран "Бизнесийн ёс зүй" гэсэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Олон улсын байгууллагын судалгаанаас үзэхэд, Монгол Улс сүүлийн 2 жилд бизнесийн ёс зүй гэсэн үзүүлэлтээр 39 оноо авч, 72-р байрт жагсаж байна. 2009 онд 120-рт, 2010 онд 90-р байранд байсантай харьцуулахад ахисан мэт боловч авлигатай хамгийн сайн тэмцэж буй Дани улс 100-гаас 91 оноо авч, 1-рт жагсаж байх жишээтэй.

Өөрөөр хэлбэл, Монголд бизнесийн ёс зүй харьцангуй доогуур байна гэсэн үг. "Global Corruption Barometer" тайлангаас харахад, Монголын 1500 гаруй хүний дунд явуулсан судалгаагаар компаниуд авлигад харьцангуй бага өртсөн гэсэн дүн гараад байна. Гэсэн хэдий ч авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хүчин чармайлт дутуу хэвээр байна. 

Монголын Бизнесийн зөвлөл бол манай гол түнш. Өнөөдрийн семинарт тус зөвлөлийн санаачилгаар бизнесийн ёс зүйгээрээ мэргэшсэн шинжээчийг урьж, илтгэл хэлэлцүүлж байгаад тун их сайшааж байна."

Ингээд 15 минутын завсарлага дуусч, "Бизнесийн шударга орчин-гадаад орчныг хэрхэн нийцүүлэх" сэдэвт семинарын хоёр дахь хэсэг эхэлсэн юм. 

Панел хэлэлцүүлэгт оролцогчид

Энэ хэсэгт Мандал Женерал даатгал ХХК-ийн андеррайтинг хариуцсан захирал Б.Заяа, "Breakthrough Communications"-ийн Ерөнхийлөгч Уильям Инфэнтэ, "АТГ"-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, "Trident Integrity Solutions"-ийн гүйцэтгэх захирал Марк Ловатт нар оролцсон. Модератораар "Atlas Copco" ХХК-ийн гүйцэтгэх захирал Андерс Берглунд ажиллалаа. 

Тэд Монголд ил тод, ёс зүйтэй бизнес эрхлэхэд тулгарч буй гол бэрхшээлүүд, төрийн байгууллага, хувийн хэвшлийн боломжит хамтын ажиллагаа зэрэг сэдвээр семинарт оролцогчидтой нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

Л.Төр-Од: "АТГ-д тулгарч буй гол бэрхшээл бол улс төр болон санхүүгийн хараат бус байдал юм.

1998-1999 оныг эргээд харвал, намайг Хууль зүйн яамд ажиллаж байх үед Хонгконг, Сингапурын загвараар АТГ-ыг байгуулах тухай ярьж байсан. Тэр үед ч тэр, одоо ч тэр АТГ-ыг улс төрийн нөлөөнөөс яаж хараат бус байлгах вэ гэдэг асуудал хөндөгдөж байна.

Төсөв хумигдаж байгаа энэ үед санхүүгийн хувьд бие даасан, хараат бус байна гэдэг бэрхшээлтэй. АТГ-аас авлига, хээл хахуультай холбоотой мэдээллээ ил тод, нээлттэй болгох тал дээр анхаарч байна. Үүнтэй холбоотойгоор сонирхсон хэн ч болов ашиглах боломжтой портал сайт нээх гэж байна.

Авлигын асуудлыг ил тод, нээлттэй байлгах тухай бизнесийн байгууллагууд ч шаардлага тавих хэрэгтэй. Хэрэв хариу ирэхгүй байгаа бол АТГ-ын Олон нийтийн зөвлөлд хандаж болно. Яг одоо биш юмаа гэхэд нэг жилийн дараа одоогийн байдал өөрчлөгдөнө гэж харж байна."

"Мандал женерал даатгал" ХХК-ийн андеррайтинг хариуцсан захирал Б.Заяа, "Breakthrough Communications"-ийн ерөнхийлөгч Уильям Инфэнтэ нар

 

Б.Заяа: "Би сүүлийн 7 жил гаруй хугацаанд даатгалын салбарт ажиллаж байна. Энэ салбарт ажиллаж эхэлсэн эхний өдрөөсөө төрийн ч бай, хувийн хэвшлийн компанитай ч бай хамтарч ажиллалаа гэхэд авлига, хээл хахуулиас ангид байж, ёс зүйг дээдэлнэ гэсэн зарчим баримталсаар ирсэн.

Маш олон аж ахуйн нэгж дээрх даатгалын шийдвэр гаргагч нар даатгалын компаниа сонгохдоо "Би эндээс юу хожих вэ?" гэдгээ чухалчилдаг. Энэ ёс зүйгүй үйлдэл нь эргээд даатгалын үйлчилгээгээ авахад зөвхөн тухайн компанийг хохироогоод зогсохгүй даатгалын салбарын нэр хүндийг унагаж, шударгаар өрсөлдөж салбар хөгжихөд саад болж  байна.

Иргэний нисэх, төрийн өмчит томоохон уул уурхайн компаниуд зэрэг даатгалын хураамжийн өндөр төсөвтэй байгууллагууд байна.  Гэхдээ эдгээр байгууллагад даатгалын үйлчилгээ үзүүлэхэд танил тал, хувийн ашиг сонирхол маш их нөлөөлдөг.  Хэн нэгнийг таньдаг, яриа хөөрөөтэй тохиолдолд сонгон шалгардаг нь салбарынхны хувьд нууц биш . Энэ бол бодит байдал.  Төрийн болон хувийн хэвшлийн томоохон компаниудын шийдвэр гаргагчид нь байгууллагынхаа даатгалын үйлчилгээнд зориулсан төсвийг зарцуулахдаа өөрт ашигтайгаар шийдвэр гаргаж байна.

"МАНДАЛ ДААТГАЛ" БОЛ МОНГОЛЫН 15 ЕРДИЙН ДААТГАЛЫН КОМПАНИАС ХУРААМЖИЙН ОРЛОГО, ЭРСДЭЛ ДААХ ЧАДВАР, ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ТОП 3-т БАГТДАГ. МАНАЙ КОМПАНИ ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХЫН ТУЛД ДААТГАЛЫН САЛБАРТ ТОГТСОН БАЙСАН БУРУУ ЖИШГЭЭР ЯВЖ БОЛОХ БАЙСАН Ч БИД ЭХНИЙ ӨДРӨӨСӨӨ Л “АВЛИГЫН ЭСРЭГ БАЙР СУУРЬТАЙ” АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН.

Энэ зарчим нь бидэнд богино хугацаандаа ашиггүй мэт харагдаж болно. Гэвч цаашид маш олон жил тогтвортой ажиллаж, Монголын даатгалын салбарыг дэлхийн жишгээр хөгжүүлэхийн тулд авлигаас ангид байна гэж шийдсэн. Тиймээс ч үүгээрээ салбартаа шинэ салхи үлээлгэсэн гэж болно. Алсдаа энэ бодлого үр дүнгээ өгч,салбарын бусад тоглогчдыг ч уриалан дагуулна гэж итгэдэг.

Авлига, хээл хахуультай орчинд бид ажиллаж байна, яалтай билээ гээд эвлэрч, бууж өгөх биш байгууллага бүр бизнесийн ёс зүйг баримтлах хэрэгтэй.  Манай компани анхнаасаа маш тодорхой байр суурь тунхаглаж, даатгалын салбарт улиг болсон бүтээгдэхүүн үйлчилгээг халж, дэлхийн жишгээр бүтээгдэхүүн хөгжил, судалгаанд хандаж, даатгалын зарчимын дагуу ажиллах зоримог алхамууд хийж байна.  Мандал Даатгал 5 жилийн өмнө авлигаас ангид, ёс зүйтэй ажиллана гэсэн бодлого баримталж анх гарч ирээд даатгалын салбарынхныг гайхшруулж байсан бол өнөөдөр зах зээлд топ 3 компанийн нэг болж чадсан байна. Тиймээс урт хугацаандтогтвортой оршин тогтнох, ёс зүйтэй санхүүгийн брэндийг бий болгоно гэсэн зөв зарчмаар ажиллахад үр дүн гарч болдогийг харуулах нэг жишээ нь манай компани болж байна."

Уильям Инфэнтэ: "2006 онд Монголд ирж байсан. Тэр үед Монголд авлигатай тэмцэх урьдач алхмууд хийгдэж байсан. Манлайлж, түүчилж байсан хэд хэдэн улстөрч байсан ч харамсалтай нь дараа дараагийн жилд идэвх, манлайлал нь суларсан.

Сүүлийн 10 жилд Монголд авлига үүсч буй шалтгаан, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд суурь судалгаанууд хийсээр ирлээ. Эдгээр судалгаанаас харахад, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авахаас эхлээд авлига, хээл хахууль өгсөөр байна.

Монголын хувьд аливаа бизнес, ажил явуулахдаа танил тал их хардаг. Танил тал хардаггүй улс орон гэж энэ дэлхий дээр байхгүй л байх. Гол нь танилын нүүр харж байгаа нь нийтийг хамарсан, нийтлэг шинжтэй байна уу эсвэл явцуу хүрээнд үү гэдэгт л ялгаа оршино.

Авлигатай тэмцэх нь техникийн асуудал биш улстөрийн асуудал юм. Хэн нэгнийг таних, аль нэг намд хамаарч байгаагаар нь ажил явдаг жишээ Монголд тодорхой байна. Энэ нь компаниудад маш хор хохиролтой.

"Atlas Copco" ХХК-ийн гүйцэтгэх захирал Андерс Берглунд, баруун гар талаас эхэнд

Андерс Берглунд: "Үнэтэй санал орж ирж байна. Авлига нь өөрөө өргөн асуудал юм. Тиймээс авлигаас урьдчилан сэргийлэхэд дотоод нөөц боломжоо ашиглах хэрэгтэй.

Дотоод хяналт, тогтолцоогоо сайжруулах тал дээр анхаарах ёстой. Үнэт зүйлээ цаасан дээр буулгаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явж буй компаниуд цөөхөн байна шүү дээ.

Авлигыг өндөр эрсдэлтэй атлаа өгөөж нам гэж харах хэрэгтэй.

Семинарт оролцогчид: Асуулт, хариултын үеэр

Семинарт оролцогчдын зүгээс Авлигын хэрэгт холбогдсон этгээдийг олон нийтэд зарлах нь зүйтэй юу, Авлигатай тэмцэхэд хамгийн гол тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулахад бизнесийн байгууллагууд яаж тусалж болох вэ? Авлигатай тэмцэхэд ямар улсын загвар тохиромжтой вэ, Семинараас гарсан санал дүгнэлтийг яаж олон нийт, эрх баригчдад хүргэх вэ гэх зэргээр асуулт асууж, хариулт авч байлаа.