Авлига бол иргэдийнхээ эсрэг үйлдэж буй гэмт хэрэг
“Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр
2016.01.11

Авлига бол иргэдийнхээ эсрэг үйлдэж буй гэмт хэрэг

Өндөр түвшний авлига нь хүний эрхийг зөрчиж, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах, бусад нийгмийн халамж авах хөрөнгийг хулгайлж байна.

Өндөр түвшний авлигачид ял шийтгэлээ хүлээхгүй бол эсвэл тэдний хулгайлсан хөрөнгийг эргүүлэн олж, шударга байдлыг хангахгүй бол аль ч нийгэмд иргэдийн алдагдсан итгэл буцаж сэргэдэггүй.

Өндөр түвшний авлигын өнөөгийн байдал дэлхийн хэмжээнд ямар байна?

Өндөр түвшний авлига нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал байсаар ирсэн. Байсаар ч байна. Өндөр түвшний авлигын асуудал хэр ноцтой байна гэдгийг Олон улсын Парламентчдын Авлигын эсрэг хөдөлгөөн буюу GOPAC байгууллагынхан "Өндөр түвшний авлигыг хүн төрөлхтнийэсрэг гэмт хэрэг" хэмээн үзэж, олон улсын шүүхээр шийтгэдэг болох санал дэвшүүлж байгаагаас харж болно.

Учир нь өндөр түвшний авлигатай тэмцэхэд жижиг буурай орнуудад хуулийн орчин болон улс төрийн хүчин зүйлүүдээс шалтгаалан бэрхшээл гардаг. Тийм учраас олон улсын шүүхээр шийтгэх гарцыг хайж байна.

Монгол Улсын хувьд хуулийн орчин дутагдалтай байгааг 2015 онд хийсэн "Эдийн засаг ба хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага"-ын үнэлгээнээс харж болно.

- Монгол Улс авлигын эсрэг тэмцэх стратеги байхгүй,

- УИХ гишүүдийн халдашгүй дархан байдлын асуудал нь хэт ерөнхий, авлигыг хуульчилсан байдал нь тодорхой бус,

-Улс төрийн намуудын санхүүжилт нь авлигажсан,

- Шүүх засаглал нь улс төрөөс хараат,

- Худалдан авалтын механизм нь боловсронгуй биш,

- Хувийн секторын шударга байдал нь төлөвшөөгүй гэх мэт олон асуудал байгаа нь өндөр түвшний авлигад хөрс болсоор байна.

Өндөр түвшний авлигыг бууруулахад Монгол Улс хэрхэн тэмцэж байна?
Монгол Улсын хувьд өндөр түвшний авлигатай тэмцэх хуулийн орчинг боловсронгуй болгох нь нэн чухал юм.

УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан байдал нь тэднийг авлигын хэрэг үйлдсэн ч өөрсдийгээ хамгаалах хэрэгсэл болж хувирсан байна. Өндөр түвшний авлига бол худалдан авалтаас үүсдэг.

Гэтэл Монгол Улсын Засгийн газар ба УИХ нь Худалдан авалтын газраа бэхжүүлж, улам боловсронгуй болгох биш татан буулгах тухай ярьж байгаа нь буруу.

 
...Улс төрийн намуудын санхүүжилт нь авлигажсан байгаа нь ялсан намыг авлигачдын гарын үзүүрээр хөдөлгөх нөхцлийг бүрдүүлж байгаа тул дараах арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байна...

- Улс төрийн намуудын санхүүжилтийг боловсронгуй болгох,

-Сонгуулийн хуулийг өөрчилж, сурталчилгааны зардлын дээд хязгаарыг тогтоож, мөнгөний сонгууль болохоос сэргийлэх шаардлагатай байна.

- Хувийн сектор руу чиглэсэн ажлууд хийгдэж, хувийн компаниуд авлига өгдөггүй шударга болж, өөрчлөгдөх шаардлагатай.

Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын хувьд авлигын эсрэг хүчтэй дуу хоолой болдгийн хувьд авлигыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ямар үр дүн, ахицтай байна?

Монгол Улсын Их Хурал Өршөөлийн хуулийг батлахдаа авлигын хэргийг хамруулахгүй байхаар шийдсэн нь авлигын эсрэг тэмцэх улс төрийн хүсэл зорилго байгааг харуулсан. Цаашид УИХ зүгээс “Авлигатай тэмцэх стратеги" батлахаар болсон нь чухал алхам гэж харж байна.

Авлигатай тэмцэх газрын хараат бус байдал чухал.

Манай байгууллагын зүгээс АТГ–д хөндлөнгийн үнэлгээ Ази Номхон Далайн Бүсийн бусад орнуудтай хамтран хийж байна.

Энэ үнэлгээний аргыг Бутан улсад туршсан бөгөөд сүүлийн 2 жил боловсруулсан шинэлэг аргачлалаар дүгнэлт гаргаж, санхүүжилт, хүний нөөц, чадамж, үйл ажиллагааны үр дүн гэх мэт өргөн хүрээнд үнэлгээ хийж, бодлого гаргагчдад хүргүүлэх юм. Өндөр түвшний авлигатай тэмцэхэд салбар тус бүрт анхаарах нь чухал.

Жишээ нь, эрүүл мэндийн салбарт бид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран “Эмийн салбарын ил тод байдлын түншлэл”-ийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд эмийн худалдан авалт ба эмийн хэрэглээнд иргэдийн хяналтыг бэхжүүлэх юм.

Бидний зүгээс хувийн секторын шударга байдлыг бэхжүүлэх чиглэлээр томоохон үнэлгээ хийхээр төлөвлөж байна. Улс төрийн намуудын санхүүжилтад үнэлгээ өгөх судалгаа хийж байна. Урьдчилсан дүнгээс харахад, намуудын санхүүжилт ба тайлагнал нь ил тод биш, хуулийн орчин нь бүрхэг байна.

...Өндөр түвшний авлига нь тухайн орны эдийн засгийн хямрал дараагийн шатанд түүнээс улбаалсан улс төрийн хямралд оруулдаг. Энэ 2 төрлийн хямралыг авлигын хямрал гэж нэрлэдэг бөгөөд улмаар улс орны аюулгүй байдал тусгаар тогтнолд эрсдэл учруулдаг...

Иргэд нь засаг төрдөө итгэх итгэл алдагддаг. Энэ утгаараа өндөр түвшний авлига бол тухайн улс орны иргэдийнхээ эсрэг хийсэн гэмт хэрэг гэж ойлгож болно.

2015 оны есдүгээр сард Дэлхийн авлигын эсрэг 16 дахь хурал "Ял шийтгэлгүй үлдэхээс сэргийлье" уриан дор явагдсан бөгөөд хүний эрх ба хулгайлагдсан хөрөнгийг эргүүлэн олж авах асуудалд анхаарал хандуулсан. 

 Ярилцахад таатай байлаа. Баярлалаа