2015.12.22

“Захиргааны ерөнхий хууль” гарснаар төрийн байгууллагад авлига багасна

Иргэд та бид захиргааны байгууллагын гаргаж буй аливаа шийдвэрт оролцож чаддаг бил үү? Таны эрх, ашиг сонирхолд хамаатай асуудлыг танай сумын засаг дарга нэг л мэдэхэд гаргачихсан байдаг жишээ олон. Захиргааны байгууллагууд чухам ямар хуулийн хүрээнд,  ямар үндэслэлээр, хэний саналыг аваад ийм шийдвэр гаргачихваа гэдгийг олон нийтэд тэр болгон мэддэггүй. Тодорхой бус байдал нь авлига цэцэглэх таатай хөрс болдог. Энэ асуудлыг зохицуулах  зорилготой “Захиргааны ерөнхий хууль”  батлагджээ. Захиргааны актуудын хэм хэмжээний талаар олон жил судалгаа хийсэн, Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхантай уг хуулийн онцлог, авлигаас урьдчилан сэргийлэхэд  ямар тустай талаар ярилцлаа. 

- Төрийн байгууллагуудын хүнд суртал цаашлаад авлига нь юунаас болж үүсээд байна?

Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа журамлагдаагүй, иргэдийн оролцоо баталгаажаагүйгээс хуулиас давсан захиргааны шийдвэр гарах, улмаар хүнд суртал чирэгдэл, олон шат дамжлага бий болох, хүний эрх зөрчих, шударга өрсөлдөөнийг хязгаарлах, авлига цэцэглэх нөхцлийг бүрдүүлж ирсэн.

Гэвч энэ байдлыг засч залруулах зорилгоор Захиргааны хэргийн шүүх байгуулж, иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулж, захиргааны хэм хэмжээний актыг стандартчилах зэрэг олон ажлыг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, 2006-2010 онд “Дэлхийн банк”-ны санхүүжилттэйгээр Хууль зүйн яамнаас хэрэгжүүлсэн “Захиргааны шийдвэрийг стандартчилах төсөл”-ийн хүрээнд захиргааны хэм хэмжээний актад хамаарах олон зөрчил дутагдлыг судалгаатайгаар баримтжуулж, улмаар үр дүнгээ Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж байсан. Үүний дүнд Засгийн газрын 2007 оны 324 дүгээр тогтоол батлагдаж, тухайн үед хууль зөрчсөн, хүний эрхэд хууль бусаар халдсан, шударга өрсөлдөөнийг хязгаарласан 1000 орчим актыг хүчингүй болгож, улмаар захиргааны хэм хэмжээний акт гаргах журмыг Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан нь тухайн үедээ энэ чиглэлээр тун дэвшилттэй зохицуулалт болсон билээ.

УИХ-аас баталсан Захиргааны ерөнхий хууль бол эрх зүйт төрийг төлөвшүүлэх, өнөөгийн алдаа завхралыг залруулах, авлигыг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэх, түүхэн чухал зохицуулалт юм.

- “Захиргааны ерөнхий хууль” хэрэгжиж эхэлснээр ямар асуудлуудыг зохицуулах вэ?

Нэгд, захиргааны байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь журамласан. Үүний дүнд захиргааны байгууллага дур зоргоор авирлах, хуулиас давсан зохицуулалт гаргах зэрэг өнөөгийн алдаа дутагдлыг засах боломж бүрдсэн.

Хоёрт, иргэдийн бодит оролцоог баталгаажуулсан. Хуульд иргэдийн оролцооны амин чухал зарчмуудыг тусгасан. Үүний дүнд захиргааны байгууллагын үйл ажиллагаа илүү нээлттэй, хариуцлагатай болж, иргэдийн санал бодол шийдвэрт тусгагдаж, улмаар захиргааны шийдвэрт иргэдийн итгэх итгэл дээшилж, захиргааны байгууллагын үйлчилгээ, үр нөлөө дээшилнэ.  

Энэ бүхний дүнд авлига цэцэглэх хөрс суурь алга болоход том алхам болно.

- Иргэдийн хүсэл, шаардлагад нийцсэн захиргааны шийдвэрүүд гардаг болно гэсэн үг үү?

Захиргааны шийдвэр гаргах явцад сонсох ажиллагаа, хэлэлцүүлэг хийх талаар хуульд нарийвчлан заасан. Тухайлбал, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй хүнд сонсох ажиллагаа явуулах цаг, байрлал, журам, дараалал, ямар хуулийн аль заалтыг баримтлан захиргааны шийдвэр гаргах гэж байгаа, энэхүү шийдвэрийг гаргах үндэслэл зэргээ тусгасан мэдэгдлийг хүргүүлэх үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэсэн.  Ингэснээр гэнэт л нэг захиргааны шийдвэр гарч иргэдийн хувийн амьдрал, бизнест хүндрэл учруулаад байдаг өнөөгийн буруу практикийг халж, харин иргэдийн санал бодлыг тусгаж гарсан захиргааны шийдвэрийн биелэлт сайжрах боломжтой.