Хандив бол хууль бус зүйл биш  Гэхдээ...
Улс төрийн намууд
2015.12.16

Хандив бол хууль бус зүйл биш Гэхдээ...

"Баянзүрх консалтинг" хуулийн нөхөрлөл Ерөнхий партнер Ч.Баяртуултай ярилцлаа.

Тэрээр 2014 онд “Улс төрийн намуудын санхүүжилт, гишүүнчлэл, орон нутгийн сонгууль дахь улс төрийн намын оролцоог боловсронгуй болгох нь”, 2015 оны 4, 5-р саруудад "Улс төрийн намын санхүүжилт, улс төрийн хандивын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь авлигын дэгдэлтийг сааруулах арга замын нэг болох тухай" гэсэн сэдвээр судалгаа хийсний учраас бид түүнтэй ярилцсан юм.

Яагаад энэ сэдэв таны сонирхлыг татах болов?

Өнөөдөр манай нийгмийг идэж, эдийн засгийн цусны эргэлтэнд хувалз шиг шигчээд эрүүл цусыг ховдоглон сорж буй авлига гээчийн жинхэнэ үүр уурхай нь улс төрийн намууд өөрсдөө болчихсон байна гэдэгтэй би санал нийлдэг.  Улс төрийн намын санхүүжилт хийгээд авлига хоорондоо шалтгаант холбоотой гэдэг нь батлагдсаар байна. Тиймээс улс эх орон минь авлигаас ангид байж амар амгалан, эдийн засгийн тогтвортой өсөлттэй байгаасай гэсэн үндсэн дээр энэхүү асуудлыг сонирхон судалдаг.  

Улс төрийн хандив, улс төрийн намуудын санхүүжилтийн өнөөгийн байдал ямар байна?

Манай улс төрийн намуудын санхүүжилт нь “Улс төрийн намын тухай” хуулиар зөвшөөрсөн эх үүсвэрээс санхүүжигдэж байна. Намууд хууль бус эх үүсвэрээс санхүүжигдсэн нэг ч тохиолдол манай улсад бүртгэгдээгүй.

Судалгаа хийх явцдаа улс төрийн нам нэг компани, хувь хүн, гадаадаас санхүүжиж байна гэсэн бодит баримт нотолгоо бүхий мэдээлэлтэй танилцаагүй. “Улс төрийн намын тухай” хуулиар гадаадын иргэн, хуулийн этгээдээс хандив авах хориотой. Гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болохыг хуулиар зөвшөөрсөн. Улс төрийн намд хандив өгөх нь хууль бус үйлдэл биш. Харин хэмжээнээсээ хэтэрсэн байна уу, үгүй юу гэдэг асуудал.

Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10,0 сая, иргэдээс нэг сая төгрөг бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөх, намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хуулиар хориглосон.

Улс төрийн намууд хандиваар санхүүжиж байгаа нь зөв үү? Таны бодол, байр суурь?

Улс төрийн хандивыг хуулиар хориглох нь зохисгүй. Харин хандив, түүний төрөл, хандивлагчид тавих шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлж, намын санхүүгийн тайлангийн ил тод байдал, хяналтын тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тусална.

Улс төр нь авлигаас ангид, авлигад өртөхөөс урьдчилан сэргийлэх, хязгаарлах, эрүүгийн болон зарим нэг бүлэглэл хууль бус санхүүгийн эх үүсвэр (мөнгө угаах)-ээр улс орны шийдвэр гаргах түвшинд нөлөөллөө тогтоохоос сэргийлэх, том хандивлагч буюу санхүүжүүлэгч байгууллагын хүсэл зоргоос улс төрийн нам болон төрийн бодлого, үйл ажиллагааг ангид байлгах зорилгоор улс төрийн намд өргөх хандивт зохицуулалт хийдэг олон улсын туршлага бий. Дэлхийн ихэнх улс оронд улс төрийн намд өгөх хандивын дээд хэмжээг тогтоох, том хандивлагчийг зарлах, хандивын эх үүсвэрийг шалгах гэх мэтээр зохицуулдаг.

Өнөөгийн нөхцөлд улс төрийн нам бүр зөвхөн тэр намд гэсэн нэрээр хандив хүлээн авч, хандив хүлээн авах иргэн ба хуулийн этгээд гэсэн 2 төрлийн данстай байх, бүртгүүлсэн дансаас өөр дансаар болон бэлнээр мөнгөн хандив хүлээн авахыг хориглох, дансны орлого, зарлагын тайланг улирал тутам нийтэд мэдээлж байх харилцааг хуульчлах нь зүйтэй.

Одоогийн байдлаар зөвхөн мөнгөн хэлбэрээр өргөх хандивын тухай асуудлыг хуулиар зохицуулсан атлаа бусад төрлийн хандив буюу ажил үйлчилгээ үзүүлэх, бэлэг өгөх зэргийг хуулиар хориглоогүй, яаж зохицуулах заалт байхгүй байна. Энэ мэтчилэн улс төрийн намын санхүүгийн оновчтой бус зохицуулалт нь авлигаас сэргийлэх, илрүүлэх боломжийг хааж сааруулдаг. Улс төрийн намын санхүүжилт гэдэг нь зөвхөн сонгуулийн үеэр яригдах бус улс төрийн намын санхүүгийн сахилга бат, хандивлагч хүн, хуулийн этгээдэд тавих шалгуурыг зохицуулах тухай асуудал юм.

Америкийн судлаач М.Жонстон улс төрийн санхүүжилтийг хянан зохицуулах бодлого нь авлигыг хянах үүднээс ил тод тунгалаг байх, нээлттэй байх, нийтэд тайлагнах болон хандивлагч, хүлээн авагч, сонгуулийн компани зэрэгт голлон чиглэж байгааг тэмдэглээд санхүүгийн хяналт сонгуулийн үеэр хязгаарлагдахгүй байх нь оновчтой болохыг тэмдэглэсэн.

Одоогоор улс төрийн намууд авсан хандиваа хэр ил тод, үнэн бодитоор мэдээлдэг вэ?

 “Улс төрийн намын” тухай хуулинд, нам хандивынхаа талаар нийтэд мэдээлж байна гэж заасан. Гэтэл намууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу улирал, жилийн санхүүгийн тайлангаа батлагдсан маягтын дагуу тушааж, жил бүрийн санхүүгийн тайландаа аудит хийлгэж, санхүүгийн сахилга баттай байх учиртай ч “хаалттай” байсаар байна.

Энэ нь манай улсад улс төрийн нам нь хууль бус эх үүсвэртэй байж болзошгүй мөнгөөр санхүүжигддэг тогтолцоо бүрэлдсэн эсэхийг тодорхойлох боломжгүй болгож байна. Намын санхүүгийн хяналт шалгалтыг намуудын хяналтын байгууллага, улс төрийн сонгуулийн санхүүжилтад “Сонгуулийн Ерөнхий Хороо” хяналт тавьж байгаагаар өнөөдрийн Монголын улс төрийн намын санхүүгийн хяналт хязгаарлагдаж байна.

Үндэсний аудитын газраас 2007 онд улс төрийн намуудад төсвөөс олгосон санхүүжилтийг зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах журмыг баталсан ч түүнээс хойш улс төрийн намууд санхүүжилтаа ямар нэг байдлаар тайлагнаагүй, тус газраас дахин намуудын санхүүжилтад аудит хийсэн эсэх тухай мэдээллийг нийтэд мэдээлээгүй. 

ХБНГУ-ын Үндсэн хуулийн 21.1 дэх заалтад зааснаар улс төрийн намууд санхүүгийн бүх үйл ажиллагаагаа тайлагнахын зэрэгцээ “Улс төрийн намын тухай” хуульд нь заасны дагуу улс төрийн намууд санхүүгийн тайлангаа албан ёсны аудитор юм уу аудитын компаниар хянуулж тухайн оны есдүгээр сарын 30-ны дотор Бундестагийн ерөнхийлөгчид санхүүгийн тайлангаа хүргүүлэх үүрэгтэй байдаг.

“Улс төрийн намын тухай” хуульд хандивийн асуудлыг хэрхэн тусгах талаар миний санал
  • Хандивлагч хувь хүн ба хуулийн этгээд нь татвар төлөгч бөгөөд татвар төлөх үүргээ биелүүлсэн байх

  • Хандивлагч нь хуулийн этгээд бол нийгмийн хариуцлагын тайлан гаргаж, нийтэд мэдээлсэн байх

  • Хандивлагч хуулийн этгээд нь мөн улс төрийн намд өргөсөн хандиваа нийтэд мэдээлж байх

  • Улс төрийн намын гишүүн нь бусад хандивлагчийн нэгэн адил шалгуур хангасан тохиолдолд хандив өргөх эрхтэй байх

  • Хандивлагч хувь хүн ба хуулийн этгээд нь мөнгө угаах, татвараас зайлсхийх, авлигын гэмт хэргийн учир ял шийтгэгдэж байгаагүй

  • Хандивлагч нь шашны зүтгэлтэн бус байх

  • Хандивлагч нь нэг компанийн нийт энгийн хувьцааг бүхэлд нь эсхүл нийт энгийн хувьцааны тавь (50) ба түүнээс дээш хувийг дангаар өмчилдөг бол өөрийн эсхүл тэрхүү өөрийн өмчийн компани аль нэгний нэрээр улс төрийн намуудад хандив өргөх. Энэ тохиолдолд өөрийн болон компанийн нэрээр тус тус хандив өргөхийг хориглох

  • Хуулийн этгээдийн улс төрийн намд өргөх хандивын хэмжээг компанийн хувьд ТУЗ, байхгүй бол ХЭХ, бусад  хуулийн этгээдийн хувьд удирдах дээд байгууллагын шийдвэрээр тогтоосон байх

  • Хандив өргөх хэлбэрт үнэ төлбөргүй ажил үйлчилгээ үзүүлэх хэлбэрийг оруулахын зэрэгцээ, бэлэг хүлээн авах эсэх, бэлгийн үнийн дээд хязгаарыг тогтоох