Ардчилсан оронд намд дэнчин өгдөг асуудал байж болохгүй
СЭЗДС-ийн багш, доктор Б.Эрдэнэдалай
2015.12.10

Ардчилсан оронд намд дэнчин өгдөг асуудал байж болохгүй

СЭЗДС-ийн багш, доктор Б.Эрдэнэдалайтай сонгуулийн санхүүжилт, авлигын сэдвээр ярилцлаа.

- Сонгуульд мөнгөний нөлөөллийг бүрэн арилгадаггүй юмаа гэхэд багасгах ямар арга байна?

“Улс төрийн намын тухай” хуулинд зөрчил гаргасан намыг 200-250 мянган төгрөгөөр, албан тушаалтныг 40-60 мянган төгрөгөөр торгоно гэж заасан. Эндээс улс төрийн нам, сонгуулийн санхүүжилтыг зайлшгүй шинэчлэх ёстой нь харагдаж байна.

Хуулинд жилд 20 саяас дээш төгрөгийн хандив авах, намд хандив өгснийхөө төлөө ямар нэгэн давуу байдал, эрх хөөцөлдөхийг хориглоно гэж заасан. 4 жилд 80 сая төгрөгийг хуулийн этгээдээс авч болно гэсэн үг. Гэтэл өнөөдөр тухайн хүн намаасаа нэр дэвшихийн тулд маш их хэмжээний дэнчин өгдөг. 2008 оны сонгуулиар л гэхэд дэнчингийн хэмжээ 20 сая байсан. 2012 онд 50-80 сая болсон. Энэ бол зөвхөн нийтэд ил болгосон тоо. Ийм нөхцөлд бага мөнгөтэй ч мэдлэг боловсролтой, шударгаар сонгуульд өрсөлдөх сонирхолтой нэр дэвшигчдийн хувьд улс төрд орох боломжгүй болж байна. 

Манайд улс төрийн нам нь дэнчингийн хэмжээ тогтоож, хандиваар асар их мөнгө олдог, олсон мөнгөөрөө сонгууль хийж УИХ-д гарч, явцуу ашиг сонирхолд үйлчилдэг бизнесийн байгууллага шиг болчихсон. 

Тиймээс намыг мөнгөний уралдаан биш иргэдийн эрх ашгийг төрд төлөөлдөг байлгахын тулд намын санхүүжилтад хатуу хяналт тавьж, төсвөөс багахан хэмжээний мөнгө өгдөг арга бий. Энэ мөнгө тухайн нам мөрийн хөтөлбөрөө боловсруулах, сурталчилж таниулах, судалгаа хийхэд зарцуулдаг байхаар зохицуулдаг жишиг олон улсад бий.

- Олон улсад намын санхүүжилтыг тогтмол ил тод тайлагнадаг ямар механизм байна вэ?

“Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн”-гээс дэлхийн 111 орны улс төрийн намын санхүүжилтыг тайлагнасан байдлыг судалсан. Ихэнх оронд улс төрийн намын санхүүжилтыг хянах, тайланг хүлээн авах ажлыг “Сонгуулийн ерөнхий хороо” нь хариуцаж, аудитаар шалгуулдаг тогтолцоотой. Ингэхдээ нам, нэр дэвшигчид сонгуулийн үед ашиглах мөнгөний дээд хэмжээг тогтоож, ямар эх үүсвэрээс санхүүжилт орж ирж байгааг хянадаг. Тухайлбал, АНУ-д тухайн хүн, хуулийн этгээд аль нэгэн намд хандив өглөө гэхэд хандивлагчийн нэр, хандивын хэмжээ 24 цагийн дотор Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсанд тавигддаг.

Монголын хувьд зөвхөн сонгуулийн кампанит ажлын үеийн зарцуулсан мөнгөний тайланг авч үздэг. Сонгуулийн бус үеийн намын санхүүжилтад ямар ч хяналт үгүй. Хуулиндаа “Сонгуулийн бус үеийн намын санхүүжилтыг намын дотоод хяналт хэрэгжүүлнэ” гэж заасан. Намын дотоод хяналт хэрэгждэг эсэх нь тун эргэлзээтэй. Кампанит ажлын тайланг СЕХ сонгууль дууссаны дараа авахдаа зөвхөн намаас өгсөн тоонуудад үндэслэн дүгнэлт хийдэг. Намын мөнгө ямар шугамаар, ямар эх үүсвэрээс орж ирсэн, авлига хээл хахуулийн шинжтэй байна уу, үгүй гэдгийг нягталж үзэх боломж байдаггүй. СЕХ-ны хэмжээнд зөвхөн нэг санхүүгийн ажилтан намуудын тайланг хүлээж авч, олон нийтэд мэдээлдэг.

Кампанит ажлын зардал бүрэн утгаараа ил тод байж чаддаггүй. Тиймээс сонгуулийн кампанит ажлын үед тухайн нэр дэвшигч, эсвэл намын зарцуулж буй бодит мөнгийг бараа, үйлчилгээний зах зээлийн үнэлгээтэй харьцуулаад намаас өгсөн тайлантай нь тулгаж үздэг мониторингийн багуудыг ажиллуулах шаардлагатай.

- Зарим судлаачид сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилтыг тус тусад нь хуулиар зохицуулах хэрэгтэй гэж үздэг. Энэ талаарх таны бодол?

Сонгууль гэдэг улс төрийн өрсөлдөөний маш том талбар. Мөнгөтэй нам, нэр дэвшигч парламентад орох боломжтой гэсэн хандлага өөрөө маш аюултай. Хэрэв сонгуулийн кампанит ажлын үеэрх намын санхүүжилтыг хатуу хяналттай болгочихвол намууд сонгуулийн бус цагаар их хэмжээний мөнгө хуримтлуулж, түүнийгээ сонгуульд ашигладаг болчих талтай. Сонгуулийн бус үеийн намын санхүүжилтыг хяналттай болгохын тулд зөвхөн “Улс төрийн намын тухай” хууль бус “Сонгуулийн тухай” хууль, “Шилэн дансны тухай” хууль, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль, “Нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай” хууль зэрэг олон хуулийг цогцоор нь авч үзэх нь зүйтэй болов уу.