Сум дүүргийн сонгууль 10 сарын 19-нд болно
2016.07.08

Сум дүүргийн сонгууль 10 сарын 19-нд болно

УИХ-ын хуралдаанаар Сум дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох тухай сонгуулийн тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Тус тогтоолд уг сонгуулийг ирэх аравдугаар сарын 19-нд хийхээр заажээ.

 Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлсэн юм. Тэд саяын болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдлүүд нилээдгүй гарсан. Дэг журам зөрчсөн үйлдлийг сум, дүүргийн сонгуулиас эхлэн засч, цэвэрлэх ёстой. Мөн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах зохицуулалтыг хуулийн заалтаас хассанаас үүдэж царцаа хэмээх хөдөлгөөн гарах болсон. Тиймээс энэ мэт зүйлд анхаарах хэрэгтэй гэлээ.

Мөн сонгуулийн хуулиар ард түмний саналд засвар орохгүй байх зохицуулалтыг хийж өгөх нь чухал гэдгийг ч онцолж байсан юм.

Хэлэлцэж буй асуудлыг гишүүдийн дийлэнх нь дэмжсэнээр Сум дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох тухай сонгуулийн тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдаж ирэх арван сард саналаа өгөхөөр боллоо.