Ард түмний дуу хоолойг төрийн бодлогод хүргэж ажиллана
УИX- ы н гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-МАХН-аас ирэх дөрвөн жилд төр түшилцэх ганцхан хүн нь та боллоо?
Эрдэнэтийн ард түмэнд их баярлалаа. Намайг дэмжиж, сонгож, УИХ-ын хуралд дахин дөрвөн жил үгээ хэлэх боломж олгосон бүх хүнд талархаж байна. Тэдний цаана надад саналаа өгөөгүй хүмүүс бас бий. Хэдийгээр надад саналаа өгөөгүй ч гэлээ би тэдний төлөө тууштай ажиллана.
Сонгуулийн үеэр надад хамгийн багаар бодоход 500 мессэж, дуудлага хадгалагдаж байсан. Сонгогч түмэн маань "Бид таны саналыг луйвардах вий гэж айж байна. Тиймээс баталгаатай байх үүднээс танд саналаа өгсөн гэдгээ албан ёсоор хэлж байгаа юм” гэж байлаа.
Тэднийхээ итгэлийг алдахгүйн төлөө ажиллах болно. Тууштай ажиллах эхний алхам бол 1978 оны гэрээг сэргээнэ. Гэрээний субьект солигдсон, утга нь хэвээрээ байх ёстой гэж би үзэж байна. Утга нь юу байх вэ гэвэл тухайн үедээ Оросын Засгийн газар манай Засгийн газартай гэрээ байгуулсан байдаг.
Тэр гэрээн дээр Эрдэнэт хотыг бүтээн байгуулахад, тэр дундаа Эрдэнэтийн иргэдийг ажилтай, орлоготой байлгахад энэ үйлдвэр хүчин чадал, ашиг орлогоороо дэмжинэ гэх утга бий. Энэ гэрээний утгыг шинэ субьектүүдэд тавьж, шаардана гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
-Сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ. Таны хувьд УИХ-д бүлэггүй ажиллах нь?
Эвтэй бол хүчтэй гэж үг бий. Харамсалтай нь эв түнжингүй байдал улс төрийн ихэнх намд харагдлаа. Ялангуяа АН доторх томоохон хагарал, МАХН-аас урвасан урвалтууд улс төрийн амьдралд савлагаа үүсгэсэн гэж харж байгаа. Зургадугаар сарын 11-нд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийхдээ иргэдэд иймэрхүү дүр зураг харагдаж байна гэдгийг хэлж баина. Тиймээс сонгуулийн дүнд цочирдоогүй.
Хамгийн гол нь энэ сонголт иргэдэд ашигтай юу, ашиггүй юу гэх асуудал л гарч ирж байгаа юм. Иргэдэд ашиггүй байлаа гэхэд нааштай хандуулахын төлөө дуу хоолойгоо хүргэж ажиллах болно. Тэр битгий хэл ажилчин ангийнхан надад нэг зүйл захисан. Хэрвээ таныг гомдоох, таны эсрэг ямар нэгэн алхам хийх юм бол бид бослого, жагсаал хийх болно гэсэн байгаа. Яагаад гэвэл бид таны ард бий гэсэн.
-Ирэх дөрвөн жилдямар хуулийн төсөл дээр голлон анхаарч ажиллая гэж бодож байгаа вэ?
Ард түмний баялгийг эрх баригчид эзэмшээд байдаг. Үүний эсрэг зогсоно. Зөвхөн эрдэнэтчүүд гэлтгүй Монголын ард түмний дуу хоолойг төрийн бодлогод хүргэж ажиллах болно.