АСЕМ-аас бидэнд юу үлдсэн бэ?
Энэ сарын 15-16-нд Улаанбаатар хотноо АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт болж өнгөрлөө.
Уг уулзалтанд 11 орны төрийн тэргүүн болон 23 орны Засгийн газрын тэргүүн хүрэлцэн ирж Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.
АСЕМ-ын орнуудын 11 дэх дээд хэмжээний чуулга уулзалтыг Монгол улс эх орондоо зохион байгуулснаар бидэнд дараах боломжууд нээгдэж байна.
БНСУ-ын буцалтгүй тусламжаар Байгалийн түүхийн музей барина
БНСУ-ын улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн айлчлалын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо Байгалийн түүхийн музейн барилга барих, Мэдээлэл технологийн хамтарсан коллеж байгуулах, цаашид инженер техникийн мэргэжилтнүүдийг БНСУ-д тодорхой үе шаттайгаар бэлтгэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр тохирлоо.
БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн 19.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Ухаалаг боловсрол” төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Төслийн хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад смарт анги байгуулах, сургалтын арга зүйг сайжруулах, орчин үеийн смарт тоног төхөөрөмж дээр хичээл заах, багш нарыг чадваржуулах зэрэг олон төсөл хэрэгжих аж.
Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ салбар төслүүд нэмсэн дээрх баримт бичгүүд нь цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өргөн боломж олгох юм.
EDCF сангийн 25 сая ам.долларын зээлээр “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн 2 дугаар шатыг хэрэгжүүлэхээр болж, зээлийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан.
Соёлын салбарт хамтран ажиллах, цөлжилттэй тэмцэх болон эрчим хүч, эрүүл мэнд, мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ салбар төслүүд нэмсэн дээрх баримт бичгүүд нь цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өргөн боломж олгох юм.
Агаарын харилцааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар-Пүсаны чиглэлд энэ оны зургадугаар сараас эхлэн байнгын нислэг эхэлжээ. Ингэснээр хоёр орны иргэдийн зорчих урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтой аж.
Түүнчлэн соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, манай иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, гэрээгээр ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх талаар БНСУ-ын Засгийн газрын зүгээс цаашид ч анхаарч, дэмжлэг үзүүлэхийг монголын тал хүсэлт болголоо.
БНХАУ Монголын талын 38 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөллөө
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян долдугаар сарын 13-14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Хятадын тал хугацаа хэтэрсэн өрийн асуудал болох 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онд авч ашигласан зээлийн үндсэн төлбөр нийт 38 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлсөн хэлэлцээр байгуулсан юм. Түүнчлэн уг хэлэлцээний үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Үүний зэрэгцээ манай талаас тавьсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян оролцож, тус төвийн барилгын ажлын гэрээ бодитоор хэрэгжиж эхлэлийг тавьлаа.
Хоёр улс худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмын тохиролцоонд хүрч, нийтдээ 10 гаруй баримт бичиг байгууллаа.
Сингапур руу 30 хүртэл хоног визгүй зорчино
Бүгд найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүүний айлчлалын хүрээнд “Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих” баримт бичгийг холбогдох байгууллага хооронд байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ.
Япон улстай ЕБС-ийн жишиг сургууль барих асуудлаар хамтарна
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ Ерөнхий боловсролын жишиг сургууль барих, техник, технологийн дээд боловсролыг сайжруулах зэргээр боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдсэн. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн хамтран ажиллах санаачлагыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархан хүлээн авсан бөгөөд цаашид эдийн засаг, тээвэр, байгаль орчин, батлан хамгаалах, хөдөө аж ахуйн болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Вьетнам руу мах нийлүүлж, арьс шир боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийх үеэр Вьетнамын тал орны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхижүүлэх, цагаан будаа, хүнсний ногоо, кофе, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс гадна хорио цээрийн стандартыг харилцан тохирч, Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг урагшлуулахаа илэрхийлсэн. Түүнчлэн Монголын талтай ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллаж, бизнес, соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм”-ийг засварлахад туслах боломжтой гэдгээ мэдэгдсэн юм.
Мөн хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, нүүрс газрын тосны чиглэлээр хамтран ажиллах бололцоотойг илэрхийлсэн юм.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд арьс шир боловсруулах хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах Вьетнамын Аж үйлдвэрийн яамны саналыг дэмжиж байгаагаа онцолсон юм.
Монгол Улсад Итали улс Элчин сайдын яамаа нээв
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Итали улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилони, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хамтаар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нээлтэд оролцсон юм. Гадаад хэргийн сайд нар Элчин сайдын яамны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсч, тус Элчин сайдын яам нээгдсэнээр Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх нэгэн чухал алхам болж буйг тэмдэглэв. Ийнхүү Монгол Улсад Бүгд Найрамдах Итали Улсын ЭСЯ үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Монголчууд Казахстаны анагаах ухааны их, дээд сургуулиудад суралцана
Бүгд найрамдах Казакстан улсын Ерөнхий сайдын хамтаар манай улсад хүрэлцэн ирсэн тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд хатагтай Т.Дуйсенова болон Соёл, спортын сайд ноён М.Мухамедиулы нар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаатай уулзав. Уулзалтын үеэр Казакстан улсын хувьд зүрх судасны мэс заслууд, ялангуяа зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэж байгаа талаар танилцуулж, эдгээр болон бусад чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлсэн юм.
Өвлийн спортын салбарт Монгол Улстай хамтран ажиллах өргөн боломжтой талаар дурдав.
Эрүүл мэнд, спортын яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь Казахстан Улсын М.Айкимбаевын нэрэмжит Зоонозын ба хөл хориот өвчний эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллаж, био аюулгүй байдал, био хамгааллын чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтад эмч мэргэжилтнүүд хамрагдсан талаар дурдаж, хил дамнасан халдварт өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажиллах, мэдээлэл солилцох, мэргэжилтэн солилцох боломжтой талаар ярив. Соёл, спортын сайд ноён М.Мухамедиулы удахгүй болох гэж байгаа Рио-де Жанейрогийн зуны олимпод Казакстан улс нийт 104 эрх авсан талаар танилцуулж, спортын салбарт ялангуяа өвлийн спортын салбарт Монгол Улстай хамтран ажиллах өргөн боломжтой талаар дурдав.
Европын холбооны тарифын хөнгөлөлтийг бүрэн ашиглахыг хүсч буйгаа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ази, Европын дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс Европын холбооны тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, боловсруулах үйлдвэрлэлд Европын технологийг нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нийлүүлэх зэргээр тус хөнгөлөлтийг бүрэн ашиглах, уул уурхайн салбараас хэт хараат байдлыг сааруулах зэрэг шаардлага байгааг дурдаад, энэ чиглэлд дэмжиж ажиллахыг Европын комиссын ерөнхийлөгчөөс хүслээ. Мөн Монгол Улсад Европын Холбооны Дипломат төлөөлөгчийн газар нээх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал болохыг тэмдэглэлээ.
Казахстан Баян-Өлгийн иргэдэд 200 мянган ам.долларын хандив өгнө
Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор Засгийн газарт 200 мянган ам.доллартай (400 сая төгрөг) тэнцэх хэмжээний хандив өгөхөө илэрхийллээ.
Ерөнхий сайд Карим Масимов Улаанбаатарт ирэхээсээ өмнө Баян-Өлгий аймагт бууж нутгийн аж амьдралтай танилцан, иргэдийн санаа бодлыг сонссон байна.
Мөн Монгол, Казахстан хоорондын өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөрөнгө оруулалтын төслүүдээр баяжуулж, идэвхжүүлэн өргөжүүлэхээр талууд харилцан тохиролцжээ.
Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулагдана. Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаа ярилцаж, ажил хэрэг болгохоор төлөвлөж байна гэж талууд мэдэгдлээ.
Польш улс нэг сая еврогийн зээл олгоно
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдво уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулах боломжтой 1 сая еврогийн зээл олгохоо мэдэгдлээ.
Мөн Польшийн тал ойрын ирээдүйд Элчин сайдын яамаа Улаанбаатарт сэргээн нээхээр болжээ. Энэ нь хоёр талын харилцааг шинэ нөхцөлд өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болно хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэж буйгаа илэрхийлжээ.
Монгол Улс АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах хүрээнд 4400 хүнийг мэргэшүүлсэн сургалтад хамруулжээ. Эдгээрээс үйлчилгээний чиглэлээр 620 хүн, зочид буудал, менежментийн чиглэлээр БНСУ-д 15 хүн, хурлын менежерээр 50 хүнийг гадаадад сургажээ. Мөн олон улсын хурлын орчуулагчаар Энэтхэгт 14, Европын холбооны зардлаар 6 хүнийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, сайн дурын 1100 гаруй оюутан залуусыг сургалтад хамруулсан байна. Түүнчлэн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, тагнуулын 500 хүнийг сургаж, бэлтгэжээ.
Эдийн засгийн хямралтай энэ үед Монгол улсын эдийн засагт төдийгүй Монгол хүний мэдлэг оюунд хийсэн хөрөнгө оруулалтыг Монгол Улс АСЕМ-ыг зохион байгуулсны үндсэн дээр авах боломжтой болсон юм.
Мөн Ази Европын дээд түвшний уулзалт болон арга хэмжээнүүдэд оролцохоор Монгол улсад 5000 гаруй төлөөлөгчид иржээ. ASEM-ын зочдын худалдан авалтаас эдийн засагт 8-10 сая ам.долларын орлого үлдсэн гэх тооцоо бий.