АТГ-ын дарга 45-аас дээш настай байх ёстой
Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Өргөн барьсан огноо: 2014.01.09
Хууль санаачлагч: УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нарын нэр бүхий гишүүд
Авлигын эсрэг хуульд 2014 оны нэгдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус нэмэлт өөрчлөлтөд авлигатай тэмцэх байгууллагад хүнд нөхцөлд ажилладаг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэлд хамааруулах, мөн дээрх ажилтнууд тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэдэг байх, Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь 55 нас хүрсэн байх шаардлагыг 45 нас гэж өөрчлөхөөр хуульд тусгажээ.
Хуулийн төсөлд Үүний дагуу УИХ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан хугацаагаар баталдаг байхаар заасан.
Мөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг хуулиар дэмждэг болжээ. АТГ-аас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан ААН, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэг хүлээсэн байна.
Авлигын эсрэг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг сарын цалин хөлстэй тэнцэх ХОМ-ээ мэдүүлээгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулна.
Харин зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгөө мэдүүлээгүй тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулна гэж заажээ. Мөн АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, ажлын туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой гэж хуульд заажээ.
Хуульд эдгээр өөрчлөлтүүдийг хийснээр авлигын эсрэг хууль тогтоомж илүү боловсронгуй болж, байгууллага, ААН, иргэд хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэн, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хэвийн явагдана гэж үзсэн байна.