Агентлагийг цомхотгох ухаангүй л үйлдэл
УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2015.10.19

Агентлагийг цомхотгох ухаангүй л үйлдэл

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн хуулийг сөрөг хүчин шүүмжилж байна. Хэдэн хүнийг ажилгүй болгох нь сайхан байна уу гэж... Үнэхээр ч хямралын үед хүмүүсээ ажилгүй болгох нь оновчтой шийдэл биш л болов уу. Дээр нь зардлыг бууруулахдаа оновчтой шийдэж чадсангүй юу гэж харагдах. Таны байр суурь?

-Сөрөг хүчинд таалагддаг юм гэж байдаг юм уу. Төр данхайлаа, орон тоог цомхотго гэж шүүмжлэх хэрнээ түүнийг нь оруулаад ирэхээр таалагдахгүй. Чухамдаа төр данхайсан нь дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өндөр байх үеэс эхтэй. Энэ үеэс олон байгууллагыг шинээр байгуулж, орон тоог нэмсэн. Төр данхайхын хэрээр хувийн хэвшилд очих хөрөнгө оруулалтын хэмжээ л буурсан. Хэдий өнөөдөр нөхцөл байдал амаргүй ч реформын шинжтэй хэмнэлтийн төсөв орж ирсэн нь сонгуулийн өмнө асар их зориг гаргаж байгаагийн илэрхийлэл.

Өнгөрсөн хугацаанд улс төрийн хүчнүүдээс зардлаа бууруулах төсөв оруулж ирсэн удаагүй. Сонгогчдод таалагдахын тулд цалинг нэмэх, орон тоог нэмэх төсөв өргөн барьдаг байсан. Одоо бол хөрсөн дээрээ бууя, зарим агентлагаа нэгтгэе, заримыг татан буулгая гэж байгаа нь зөв. Төр хэр цомхон байна тэр хэмжээгээр зардал буурна.

-Гэхдээ УИХ Засгийн газрын өргөн барьснаар 2016 оны төсвийг баталж чадах уу. Улс төрийн албан тушаалтнуудын цалинг 30 хувь бууруулахыг эсэргүүцэх гишүүд цөөнгүй байна. Жишээ нь, УИХ-ын гишүүн А.Бакей “Туслахуудын цалин 30 хувь буурах болоод байна. Эргэж хараач” гэх байр суурь илэрхийлж харагдсан. Сөрөг хүчнийхэн ч бас тэр санг ч татан буулгаж болохгүй, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгавал Сангийн сайдыг огцруулна гээд л “шантаажилж” байна?

-Засгийн газрын өргөн барьснаар УИХ 2016 оны төсвийн хуулийг эцэслэн батлахад их төвөгтэй. Нэг талдаа тэрийг хас, энийг тана гэж хэлэх мөртлөө цомхотгох чинь буруу, татан буулгах чинь оновчгүй гээд хоёр талтай юм ярьдаг байхгүй юу. Хэдий амаргүй ч гэлээ УИХ-ынхаа төвшинд эрх баригч хүчин, сөрөг хүчин гэж талцалгүйгээр ирэх оны төсвөө зөв баталчих юм бол төрийн бүтэц зөв болно.

-Сонгууль дөхсөн үед халтай юм биш үү?

-Нэг талаасаа зоримог ч нөгөө талдаа сонгууль дөхсөн үед ухаангүй л үйлдэл. Гэхдээ үүнийг хийхээс өөр аргагүй учраас зориглож байна.

-Шинэ он гарангуут Засгийн газар 9 яамтай ажиллаж болдоггүйн шалтгаан юу юм бэ. Сонгуулийн дараах Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг одоогийн УИХ ярих нь зөв юм уу?

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт

-2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газрын бүтцийг өөрчилбөл танхим унана. Үүний чинь цаана Засгийн газрыг унагах сонирхол л явж буй байхгүй юу. Одоо бол Засгийн газраа унагаж тогломооргүй байна. Тогтвортой ажиллуулаад шахаж, шаардаад ташуурдаад, ажил хийлгэх нь хамгийн зөв алхам. Сайд солигдоод юу дээрдэх юм, энэ богинохон хугацаанд юуг ч өөрчилж чадахгүй. Цаг ч алга. Тийм учраас Засгийн газрын бүтцээ 2016 оны наймдугаар сарын 1-нээс цомхон ажиллахаар болгож УИХ хуулиа батлаад, Ерөнхий сайдад нь 1-2 яамыг нэмэх, хасах эрхийг нь өгөөд зохицуулчихад л болно.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бүтцээр зөндөө л “тоглолоо”. Яамдаа салгалаа, шинээр байгууллаа. Янз бүрээр л үзлээ. Дээрдсэн үү, харин ч үрэлгэн л байгаа. Тийм учраас УИХ дараагийн Засгийн газраа 9 яамтай ажиллахаар болгож, бүтцийг нь батлаад өгчих л хэрэгтэй. Дахин хэлье, ирэх оны нэгдүгээр сараас 9 яамтай ажиллахыг шаардаад байгаа нөхдүүд бол Засгийн газрыг унагах л сонирхол юм шүү.

-Танай байнгын хороонд эрүүл мэнд, боловсрол гээд хэл ам ихтэй салбарууд хамаардаг. Ирэх онд эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх вэ. Аминд тулсан шийдвэл зохих ямар асуудлууд байна. Хамгийн тэргүүнд Хавдар судлалын үндэсний төвийн барилгын асуудал хөндөгдсөн. Хөрөнгийг нь шийдэх боломж байгаа юу. Хэдий хэмжээний зардал шаардлагатай байгаа вэ?

-Хавдар судлалын үндэсний төв нь улсын хэмжээний ганц эмнэлэг. Өргөтгөлийн барилга нь баригдаад 4-5 жил дамнаж байгаа. Улсын төсөвт 4 орчим тэрбум төгрөг суулгачих юм бол уг өргөтгөл ашиглалтад бүрэн орно. Компьютер томографийн аппаратыг шийдэх бололцоотой. Сангийн яам, Эрүүл мэндий яамны холбогдох хүмүүсийг суулгаж энэ асуудлыг ярилцсанаар хөрөнгийг шийдэхээр болсон. Мөн шийдэх чухал асуудал бол бөөрний дутагдалд орсон өвчтөнг диализын эмчилгээнд оруулах шаардлагатай байдаг. Өртөг өндөртэй, үүнийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх шаардлага бий.

Шийдэхийн тулд холбогдох хүмүүст үүрэг өгсөн. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол эмч нар амжилттай хийж байна. Гэвч Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгодоггүй. Үүнийг шийдэх шаардлага байгаа. Элэгний вирусыг устгах эм орж ирсэн. Түүнийг худалдан авч хэрэглэж чадах, чадахгүй хүн байна. Тийм учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргах ямар боломж бололцоо байна. Энэ тал дээр судалж танилцуул, УИХ-ын төвшинд шийдэх тал дээр анхаарч ажиллая гээд үүрэг өглөө.

Хөрөнгө оруулалтын тухайд аймгуудын бүсийн оношлогоо эмчилгээний төвийн тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарна. Тухайлбал Ховд аймагт Бельгийн Засгийн газрын санхүүжилтээр 6 сая еврогийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэнэ. Холбогдох хүмүүстэй нь уулзаж ярилцахад Монголын Засгийн газар өөрсдөөс шалтгаалах санхүүжилтээ нэмэгдүүлчих юм бол Бельгийн хувьд 80-90 хувийн хөрөнгийг суулгачихсан юм билээ. Тус оношлогоо эмчилгээний төв орчин үеийн тоног төхөөрөмжтэй болчихвол баруун бүсийнхэн зардал чирэгдэл болж, Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй болно. Үүн дээр байнгын хороо анхаарах шаардлагатай болж байна. Ер нь эрүүл мэндийн салбарт асуудал их байгаа, бага, багаар шийдэх гээд оролдож байна.

-Эмнэлгүүдийн эмийн төсвийг танаснаас өрөнд орсон гэх юм дуулдсан. Асуудлыг шийдэх бололцоотой юу?

-Энэ жилийн тухайд эмийн төсвийг нэмж батлуулаагүйгээс хөдөөний эмнэлгүүдэд өр үүссэн. 2015 оны төсвийн тодотголд тодорхой хөрөнгө суулгасан, ирэх жилийн эмийн төсөв дээр 88 тэрбум төгрөг суусан учраас айлтгүй болно.

-Тэтгэврийн насыг хойшлуулах нь. Ингэснээр эрэгтэй 65, эмэгтэй 60 хүрч байж тэтгэврээ тогтоолгох нь. Ардчилсан намынхан ч ард түмнээ чангалах нь гэх юм дуулдах боллоо. УИХ-ын хаврын чуулганаар Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого баталж байхад энэ асуудлыг судлахаар болоогүй бил үү?

-Тэтгэврийн насыг уртасгах нь 15 жилээс цааш ярих асуудал. Захын хар овоохой гэгчээр Ардчилсан намынхан л тэтгэврийн нас уртасгах гээд байна гэж улс төржиж асуудалд хандахаа болих хэрэгтэй. УИХ-аас өнгөрсөн хавар тэтгэврийн тогтолцооны бодлогыг баталсан нь 15-20 жилээ харах гэж л замын зургаа гаргасан хэрэг. Сонгууль дөхсөн учраас энэ асуудлыг мушгиж гуйвуулж байна. Тийм асуудал байхгүй.

-Малчид “Малчдын тэтгэврийн насыг татаж өгөөч ээ. МАН-ынхан их зөв хуулийн төсөл санаачилтал Ардчилсан намынхан нь хэлэлцэхгүй боогоод байна” гэж гомдоллох. Хуулийн төслийг нь яагаад хэлэлцдэггүй юм бэ?

-Сонгууль угтуулж улстөрчид популист хууль санаачилж, сонгогчдын саналыг татахыг чармайж байна. Тэр дундаа малчид зундаа халууцдаг, өвөлдөө даардагч учраас эрэгтэйг нь 55, эмэгтэйг нь 50 нас хүрэнгүүт тэтгэврийг нь тогтооё гэдэг асуудал ярьж байгаа нь зохисгүй. Хүнийг ажил мэргэжлээр нь ялгаварлаж болохгүй гэдэг дээр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байгаа.

Малчин хүн хүнд хөдөлмөр эрхэлж байгаа нь үнэн. Гэхдээ тэтгэвэрт гарах насыг нь богиносгох юм бол бусад ажил мэргэжил салбарынхан нь барьцаад ороод ирнэ. Энэ тохиолдолд улсаараа тэтгэвэр авдаг буруу тогтолцоонд шилжинэ. Тэр бүгдэд өгөх мөнгө нь хаа байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар тэтгэврийн санд өрөө төлөхгүй явсаар 8,8 их наяд төгрөгт хүрч, хүндэрсэн. Ийм үед ачааллыг авах юм бол хүмүүстээ тэтгэврийг нь олгож чадахгүй болох ч эрсдэлтэй тулахыг үгүйсгэхгүй. Мэдээж малчдын тэтгэврийн настай холбоотойгоор анхаарах зүйл байгаа юу гэвэл бий.

-Тэгэхээр энэ асуудлыг шийдэх гарц нь юу юм бэ?

-Тэтгэврийн насыг нь наашлуулахгүйгээр ажилласан жилийг нь нэмэгдүүлж тооцох хуулийн төсөл боловсруулж байна, удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ нь ажилласан жилийг нь 1.2-1.3 жилээр тооцож тэтгэвэр тогтоох тухай юм. Цэргийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь ажилласан жилийг нь 1.5 жилээр тооцдог. Түүнтэй л агуулга нэг зүйл юм.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өнгөрсөн жил УИХ-аар хэлэлцэгдэж байгаад чимээгүй болсон. Хаана очоод зогсчихов оо. Уг хуулийг батлах боломж байгаа юу?

-Орон нутагт ажиллахад ахмадууд энэ асуудлыг л их асууж, ярьж байна. “Амьдралын баталгаа улам байхгүй болж байна. Тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагатай. Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталмаар байна.

Горьдоосоор байгаад олон жил боллоо. Хүлээсээр байтал олон ахмад бурхны оронд одлоо” гэж... Энэ хууль батлагдвал тэтгэврийнх нь 70 хүртэлх хувийг өвлүүлэх боломжтой болно. Сүүлийн үед ямар маневр барьж байгаа вэ гэхээр эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, Засгийн газар дээрх хувь хэмжээг хөдөлгөх эрхтэй байх тухай ярьж эхэлсэн. Хэлэлцүүлгийн тухайд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон. УИХ-ын намрын чуулганаар батлуулахын төлөө ажиллана.

-Хууль батлагдвал хэрэгжих хугацаа нь хэзээнээс гэж заасан вэ. Эдийн засаг хүндрэлтэй үед үүнийг даагаад гарах боломж нь хэр юм бол?

-2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр хуулийн төсөлд тусгасан. Хэлэлцүүлгийн шатанд хугацааг өөрчлөх боломжтой.

-Тодорхой шалгуур тавигдах уу. Тэгэхгүй бол эцэг, эхийнхээ тэтгэврээр үр хүүхэд нь амьдралаа залгуулдаг буруу жишиг рүү оруулчихвий гэдэг болгоомжлол байгаа?

-Тодорхой шалгуур тавигдана.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулаач ээ гэдэг асуудал өнгөрсөн хавар УИХ-ын төвшинд их яригдсан. Энэ асуудлыг судалсан уу. Шийдэх боломж байна уу?

-Тэтгэврийн зээлийн асуудлаар эрх зүйн орчин бий болгохоор ажиллаж байна. Тэтгэврийнхээ тодорхой хувийг барьцаалж зээл авдаг, тодорхой хувь нь гар дээр нь очдог байх зохицуулалт юм. Харин тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлагын тухайд мөн л гишүүдийн иргэд, сонгогчдод таалагдах гэсэн оролдлого. Бид тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бололцоо байна уу гэдгийг байнгын хорооны төвшинд судлуулсан. “Бололцоогүй байна” гэдэг дүгнэлт гарсан. Гэхдээ бид тэтгэврийн зээлийн тухай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хүрээнд шалгуур тавьж, хүүг бууруулахыг оролдоно.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх тухай сонсогдох боллоо. Ирэх оны төсөвт энэ асуудал туссан уу?

-Удахгүй Засгийн газар Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Түүнтэй танилцсаны дараа л наад асуудал чинь тодорхой болно.

-Төсвийн байнгын хороогоор 2016 оны төсвийн хуулийг хэлэлцэх үеэр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулах үеэр хүүгээс нь олон тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх зүйл яригдаад өнгөрсөн. Танд мэдэж байгаа зүйл байна уу?

-Батлагдаж нотлогдоогүй зүйлийг тэгсэн мэтээр ярих нь буруу. Хөрөнгө мөнгө нь дундраад идээд уучихсан юм байхгүй. Харин ч сүүлийн жилүүдэд Нийгмийн даатгалын хөрөнгө арвижиж байгаа. 2014 онд 78 тэрбум төгрөгөөр энэ сан өсч арвижсан. Асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд “Сангийн хөрөнгийг өсгөх тал дээр зөв менежмэнт барьжээ” гэж дүгнэсэн.

Хардлага бол байдаг, гэхдээ баримтгүйгээр гүтгэх асуудал байж болохгүй. Энэ асуудлыг байнгын хороо анхаараагүй биш анхаардаг. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Та дээр Засгийн газар Нийгмийн даатгалын санд 8 их наяд төгрөгийн өртэй тухай ярьсан. Үүнийг яаж барагдуулах вэ. Байнгын хорооны төвшинд анхаарч, судалж байгаа зүйл бий юу?

-Засгийн газар тэтгэврийн санд 8.8 их наяд төгрөгийн өрийг барагдуулах ёстой. Үе үеийн Засгийн газрын үүсгэсэн өр. Бид л болж байвал дараагийнх нь хамаагүй гэдэг зарчмаар явснаас болж ийм байдалд хүрсэн. Цаашдаа яах вэ гэхээр жил, жилийн улсын төсөв дээр Засгийн газар энэ санд тодорхой хэмжээний хөрөнгө суулгаж ирээ гэдэг шахалтыг тавина. Нэг дор шууд 8 их наяд төгрөгийг Засгийн газар барагдуулах боломжгүй. Шахалт үзүүлэх юм энэ жилээс эхэлнэ.