Хувийн хэвшилдээ орон зай өгөөч
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.10.16

Хувийн хэвшилдээ орон зай өгөөч

Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 13 хувтай байна. Тэр хэмжээгээр хадгаламж, зээлийн хүү зэрэгцэн өсч, мөнгөний олдоц ховордоод байна. Тэгвэл ирэх жилүүдийн инфляцийн өнгө, төгрөгийн өгөөжийг тодорхойлогч Төрийн мөнгөний бодлогын 2016 оны үндсэн чиглэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Энэ талаар тодруулахад.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

- Монголбанк төсөв алдагдалгүй байх ёстой гэж үзсэн байна. Гэтэл Засгийн газрын оруулж ирсэн төсвийн алдагдал ДНБ-ийн 3.6 хувьтай байна. Ингэхээр төсөв, мөнгөний бодлого яаж уялдаж байна вэ? Засгийн газрын дотоод бондын ачааллыг бууруулъя, 3 их наяд төгрөг боллоо. Дотоодын арилжааны банкууд хувийн хэвшилдээ зээлэх мөнгийг Засгийн газар зээлээд байна. Хувийн хэвшилдээ орон зай өгөөч.

Хувийн хэвшилд зээл өгөхөө больчхоод байна. Өргөн барьсан бодлого дээр маш тодорхой зүйлүүд оруулаад ирсэн байна. Валютын эх үүсвэр яаж олох вэ? Бидэнд хоёр сорилт байна. Нэгдүгээрт, валютаа яаж олох вэ гэдэг дээр уул уурхайн салбарынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ёстой. Хоёрдугаарт, уул уурхайн бус экспортод гаргах салбаруудаа зах зээлийн зарчимд нь тулгуурласан бодлогоор дэмжих ёстой.

Жишээлбэл, Мах экспортонд гаргах. Нэг тэрбум ам.долларын мах экспортод гаргана гээд баахан хүлээлт үүсгээд байна. Иймэрхүү мессежүүд маш том хүлээлтийг бий болгодог. Санал санаачлага нь зөв. Гэхдээ малчид малаа нядлах уу? Болих уу гээд шийдэж чадахгүй сууж байна. Экспортыг дэмжих энэ мэт хөтөлбөрүүд хэрэгжих юм уу, эдгээр нь Мөнгөний бодлого батлагдахад тодорхой байх ёстой. Хоёр дахь сорилт бол үндсэндээ Монгол Улс зээлээ яаж буцааж төлөх вэ гэдэг асуудал. Валют олж ирэх хөшүүрэг нь том төслүүд хөдлөх явдал.

Том төслүүд хөдлөхгүй бол валют олдохгүй. Гадаадын хөрөнгө оруулалт ойрын 2-3 жилдээ орж ирэхгүй. Магадлал муу байгаа. Тэгэхээр хүссэн хүсээгүй зээлийг зээлээр л солино. Зээлийг зээлээр солиход одооноос эхлээд чармайлт гаргах ёстой. Зээлжих зэрэглэлээ сайжруулахаас эхлэх ёстой. Ингэхийн тулд улсын нэгдсэн төсөв алдагдалгүй байх.