Үндсэн хуулийн цэцэд харамсаж байна
УИХ-ын чуулган
2015.10.15

Үндсэн хуулийн цэцэд харамсаж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага хүсч, хурал даргалагч хүсэлтийг хүлээн авснаар завсарлага өгсөн юм.  

Үүний дараагаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг  танилцуулж, гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Өмнө нь завсарлага авсан асуудал дээр УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт завсарлага өгсөн нь УИХ-ын хувьд Үндсэн хууль зөрчсөн асуудал болж цэц дээр очино. УИХ Цэцийн дүгнэлтийг байн байн хэлэлцэж байгаа нь УИХ энэ мэтээр асуудлыг хүч түрэн явуулдагтай холбоотой”.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Иргэдийг орон сууцтай болгохын эсрэг шийдвэр гаргаж байна. Үндсэн хуулийн манаач байх ёстой хүмүүс ҮХ-ийг ашигладаг, зөрчдөг боллоо. Үүнийг УИХ авч хэлэлцэх боломж байдаг уу?  Нийслэлийн нийт айл өрхийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Орон сууцтай болох процесс иргэд, аж ахуй нэгж хоорондын гэрээгээр зохицуулагддаг асуудал. Дэлхий даяар мэддэг энэ асуудалд Үндсэн хуулийн цэц оролцож буй нь ямар учиртай юм бэ” .  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өмчтэй байсан нь дээр үү, үгүй юу гэдэг асуудлыг ҮХ-ийн цэц хэлэлцэж байгаа нь их эмгэнэлтэй харагдаж байна. Би Цэц-д их харамсч байгаа. Өөрсдийн заасан онолынхоо эсрэг зүйлийг ярьж байна. Өмч гэдэг зүйл шууд бий болдоггүй. Өмчийг бий болгохын тулд тодорхой хэмжээний процесс явагдана. Бас Сайд Баярцогтын асуудалд авилгал аваад сууж байгаа нь ямар учиртай юм бэ”.

 УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “ Хүний өмч хөрөнгөтэй байна гэдэг нь суурь эрх. Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөл очоогүй учраас тайлбарууд хангалттай хийгдээгүй байна. Тиймээс гишүүд энэ удаадаа ҮХ зөрчөөгүй гэж үзээд, дахин тайлбар хийх боломжийг ҮХ-ийн цэцэд олгох ёстой гэж үзэж байна” гэлээ.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.