Яамдыг цөөлөх нь зөв ч улстөрийн төвөгтэй нөхцөл үүснэ
Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төсөлд бүтцийн өөрчлөлтийг ирэх оны 8 дугаар сарын нэгнээс хийхээр тусгасан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас цомхотголын асуудлаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд цомхотголын асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн бүтэц данхар байгааг өнөөдөр хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм байдалд яагаад хүрсэн бэ гэхээр УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулиар аль ч нам олонхийн суудал аваагүй учраас намуудад суудал хуваарилах зарчмаар одоогийн Засгийн газар бүрдсэн. Иймээс нүсэр бүтэцтэй, олон яам агентлагтай болсон.
Үүнийг бүрэн эрхийн хугацааны төгсгөлд бүрэн засч сайжруулна гэхэд хэцүү. Гэхдээ Засгийн газраас зоримог алхам хийгээд агентлагуудыг нэгтгэх, давхардсан орон тоог танах асуудлыг гаргаж тавьсан нь зөв шийдвэр. Гэхдээ эдийн засаг хямралтай байгаа үед хэт хоморголоод олон орон тоог хасах, цалин 30 хүртэл хувиар бууруулах гэдэг бол хувь хүн талдаа хүнд тусч байна.
Ер нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбарыг боломжийн түвшинд дэмжээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тогтсон зүйлийг эвдэх нь зарим тохиолдолд муутгах ч тохиолдол бий. Зарим асуудлыг хэлэлцүүлгийн шатанд засах нь зүйтэй. Тухайлбал, Худалдан авах ажиллагааны газрыг цахим хэлбэрт шилжүүлээд нэгдсэн нэг хэлбэрт оруулаад явж байгааг буцаагаад яам, орон нутагт шилжүүлэхээр магадгүй одоогийн байгаагаасаа илүү орон тоо үүсэх, ажлын уялдаа холбоогүй болох, бүрдүүлсэн цахим систем нь ажиллахгүй болох зэрэг асуудал гарч болзошгүй гэж үзэж байна. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд энэ мэт асуудлыг ярих хэрэгтэй байгаа юм.
-УИХ-ын зарим гишүүд бүтцийн өөрчлөлтийг оны эхнээс хийх хэрэгтэй гэж байгаа. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?
-Аль ч нам олонхийн суудалгүй учраас өнөөдрийн улс төрийн хүндрэлтэй байдалд хүрсэн. Цомхон бүтэцтэй болгоё гэж байгаа ч хүссэн санаснаар болно гэхэд хэцүү.
-Яамдыг цомхотгож, агентлагуудыг нэгтгэснээр хэдий тооны хүн ажилгүй болно гэсэн тооцоо гарсан бэ. Ажлаас халагдсаны тэтгэмжийн дараагаар эдгээр төрийн албан хаагчид хаачих вэ?
-Сангийн яамнаас гаргасан урьдчилсан тооцооллоор 3000 орчим хүн цомхотголд хамрагдах юм байна. Энэ бол бага тоо биш. Юуны өмнө гэнэт халагдсаны тэтгэмжийг нь олгох хэрэгтэй. Хувийн хэвшил рүү шилжүүлэх хувилбар байвал түүнийг ч гэсэн эрэлхийлэх ёстой. Ер нь Засгийн газраас бүтцийг оновчтой болгоё гэж байгаа ч улстөрийн талын хүндрэлтэй байдлыг даван туулж чадах уу гэдэг дээр эргэлзэж байна. Засгийн газрын дэвшүүлсэн зарчим нь зөв ч улстөрийн шийдвэр гаргахад төвөгтэй нөхцөл үүснэ.