21 тэрбум ам.долларын өртэй байна
Бие даагч гишүүдийн зөвлөл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн далд уурхайн гэрээний талаар тавьсан асуулгад хэрхэн хариулсан талаар мэдээлэл өгсөн юм. Тэд 2009 онд Оюутолгойн гэрээ хийгдэж байхад улс орон өргүй байсан. Гэтэл одоо улсын өр 21 тэрбум ам.долларт хүрч, цалин нэмэх байтугай хасах тухай ярьж байгааг буруутгасан юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Цалин хасч, агентлагуудыг татан буулгаад хоёр тэрбум ам.доллар л хэмнэж байгаа. Гэтэл энэ мөнгөө Америкийн хуулийн фирмд өгч буй юм. Өөрөөр хэлбэл, Америкийн хуулийн фирмээс 17.5 тэрбум төгрөгөөр зөвөлгөө авах гэж байсан. Үүнийхээ таван тэрбумыг нь шилжүүлчихсэн байгаа.
Тодотголоор хоёр тэрбумыг нь шилжүүлнэ. Үлдсэн 10 тэрбумыг нь ирэх оны төсөвт суулгасан. Энэ мэт олон асуудалтай зүйл төсөв дээр бий. Мөн Худалдан авах үйл ажиллагааны газар байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Өмнө нь яам бүр дээр худалдан авах үйл ажиллагаагаа явуулдаг байснаас болж маргаан гардаг байсан. Харин бусад яам, агентлагыг нийлүүлэх талаар сайн судалгаа хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын талаар тавьсан асуулгын хариуд Ерөнхий сайд харамсалтай хариу өглөө. 2009 оны анхны гэрээгээр Монгол Улс 2023 оноос цэвэр ашиг хүртэх байсан. Гэвч Дубайн гэрээгээр далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум ам.долларын санхүүжилт авснаас болж цэвэр ашиг хүртэх хугацаа 2037 он хүртэл хойшилсон гэдгийг Ерөнхий сайдын Ажпын хэсэг хэлсэн.
Оюутолгойн асуудал ийм хүнд нөхцөлд хүрээд байхад "Шударга ёс" эвслийн бүлэг яагаад энэ талаар дуугарахгүй, эсэргүүцэхгүй байна вэ. Мөн хаврын чуулган хаах үед МАН-ын бүлэг далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний талаар дүгнэлт гаргаж байгаа гэсэн ч чимээгүй л байна.
/ТВ5 телевиз/