УИХ-ын чуулганы дэгд өөрчлөлт оруулах төслийг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хороо
2015.10.14

УИХ-ын чуулганы дэгд өөрчлөлт оруулах төслийг дэмжлээ

Хуулийн төслүүд батлагдсанаар хууль тогтоомжийн чанар сайжирна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цаг 44 минутад хувийн 52.6 ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Су.Батболд, Н.Батцэрэг, М.Батчимэг нарын санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцуулсан юм. Улсын Их Хурлаас гарах шийдвэрийг чанаржуулах үүднээс салбарын мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачаар судалгаа хийлгүүлэх, хуралдааны ирц хүрэлцэхгүйн улмаас Улсын Их Хурлын үйл ажиллагаа удаашрах, завсарлах, хэлэлцэж байгаа асуудлын ач холбогдол буурах зэрэг сөрөг үзэгдэл гарч байгааг шийдвэрлэх зорилгоор

Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн бүлгийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгохтой холбоотойгоор зарим зүйл заалтыг тодруулах, утга агуулгыг шинэчлэх болон зарим асуудлууд дээр шинээр зохицуулалт шаардлагатай болж байгаатай холбогдуулан эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. 

/NTV/

Нэр бүхий гишүүдийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 5 зүйлтэй, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 7 зүйлтэй юм. Хуулийн төслүүдэд Хууль тогтоомжийн эмхэтгэлийн цахим хувийг гаргах асуудлыг хуульчлах, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн талаар болон хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гаргасан хүсэлтийг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлж, шаардлагатай гэж үзсэн асуудлаар 

Улсын Их Хурлын захиалгаар салбарын мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачаар судалгаа хийлгүүлэх, хэлэлцүүлгийн шатанд гарч буй зарим тодорхойгүй зохицуулалтыг тодруулах, техник, технологийн дэвшил, хууль зүйн орчны өөрчлөлттэй уялдуулан нэр томьёоны зарим өөрчлөлтийг тусгажээ. Ингэснээр Улсын Их Хурлаас гарч буй шийдвэр нь судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хууль, тогтоомжийн чанарт сайнаар нөлөөлнө гэж төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа аж.

Н.Алтанхуяг гишүүний горимын саналыг төсөл санаачлагч гишүүд дэмжив

Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, С.Дэмбэрэл нар төсөл санаачлагч гишүүдээс асуулт асууж тодруулав.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей

Төсөл санаачлагчдын нэг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдгээр хуулийн төслүүд нь Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход чиглэж байгаа. Тухайлбал, урьд нь Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилтийг тус тусад нь өргөн мэдүүлж хэлэлцүүлэн ихээхэн цаг алддаг байсанд гишүүд шүүмжлэлтэй хандаж ирсэн тул эдгээр бодлогын баримт бичгүүдийг хооронд нь уялдуулах үүднээс хэлэлцүүлгийг хамтад нь явуулдаг байхаар төсөлд тусгасан.

Мөн ээлжит болон ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хураах санал хураалтыг Пүрэв, Баасан гарагийн 12.00 болон 16.00 цагуудад явуулдаг байх, ажлын зайлшгүй шаардлага гарвал хуралдаан даргалагч санал хураалтыг бусад өдөр зохион байгуулах зохицуулалт хийхээр тусгаслаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн-Засгийн газар гишүүд тусгайлсан суудал сууж, индэрт гарч гишүүдийн асуултад хариулт өгдөг байх зохицуулалтыг төсөлд суулгаж өгсөн.

Ингэснээр Засгийн газрын гишүүдийн ирц олон нийтэд ил тод байх, тэднийг хариуцлагажуулах сайн талтай гэж үзэж байгаа. Энэ мэтээр Улсын Их Хурлын тухай болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг тодотгох, утга агуулгыг ойлгомжтой болгох, нэр томьёог цэгцлэхийн зэрэгцээ зарим зүйл, заалтыг шинээр тусганаар хууль хоорондын уялдаа сайжирч, батлагдан гарч буй хууль тогтоомжийн чанарт ахиц дэвшил гарна гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

УИХ-ын чуулганы дэгд өөрчлөлт оруулах төслийг дэмжлээ

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, С.Баярцогт, С.Дэмбэрэл, Н.Алтанхуяг, М.Батчимэг нар саналаа хэлж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нэгэнт Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа ийм үед хуульд хэлбэрийн төдий өөрчлөлт хийх гэх нь цагаа олоогүй учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг мөр шийдсэний дараа түүнд зохицуулж органик хуулиудаа өөрчлөх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Л.Цог мөн ийм байр суурьтай байгаагаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-д Улсын Их Хурлын гишүүн нь “37.1.9. аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлгийн зүйлсийг хувиараа авах”-ыг хориглохоор заасныг бусад хуульд нийцүүлэх үүднээс “зургаан сарын” гэж өөрчлөхөөр тусгасныг төсөл санаачлагч гишүүд татаж авах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд энэ заалтыг татаж авахаа төсөл санаачлагч гишүүд илэрхийлэв.

Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 8 нь буюу 61.5 хувь нь дэмжлээ