Төсвийн тодотголыг чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ
Төсвийн байнгын хорооны хуралдаанаа 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж дэмжлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Зарим яам дэд сайдтай, зарим нь дэд сайдгүй байгаа. Иймд 2015 оны төсвийн тодотголоор энэ асуудлыг нэг мөр шийдэх нь зөв. Төрийн байгууллагуудын конторт их мөнгө зарцуулж бна. Аймгуудад очиход хэлтэс болгон нэг байшин эзэгнэсэн харагддаг” гэв.
/МҮОНТВ/
Сангийн сайд Б.Болор “Дэд сайд нарын асуудлыг тодотголтой хамт оруулж ирсэн. Монголын төр сүүлийн жилүүдэд маш олон конторын барилга барьсан нь үнэн. Үүнийг цэгцлэх нь зөв. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд, гааль, татварын газар нэгдсэнээр нэг том байшин суларна” хэмээн хариуллаа.
Мөн ирэх жилд цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар “Өнөөгийн нөхцөлд цалин нэмэх хүндрэлтэй. Эдийн засаг сайжраад ирэхээр цалинг нэмж болно. Гэхдээ ил зарлахгүй” гэсэн мэдээлэл өглөө. Ингээд санал хураахад гишүүдийн олонхи нь 2015 төсвийн тодотголыг чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж санал өглөө.
Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төслүүдийн танилцуулгыг Сангийн сайд Б.Болор хийлээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 2015 онд 3.1 хувь, 2016 онд 4.1хувь, 2017 4.6 хувьтай байхаар тооцсон. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ хувь 2015 онд 6.128.0 тэрбум, 2016 онд 6.981.4, 2017 онд 7.121.0 тэрбум байхаар тооцсон байна. Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2015 онд 7.307.2 тэрбум, 2016 онд 7.083.0 тэрбум 2017 онд 7.121.0 тэрбум байхаар тооцжээ. Хуралдаан үргэлжилж байна.