Монгол төрийг гутаасан учир би Х.Тэмүүжинг өргөн барихаас татгалзсан
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АТГ-аас С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэсэн ч прокуророос хэрэгсэхгүй болгосон. Яагаад...? -
-Прокурорт хандсан асуудлаар чин яриагаа эхэлье?
-Өнөөдөр /өчигдөр/ 12:30 цагт Нийслэлийн прокурор бөгөөд хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Амгаланбаатар гэгч хүнтэй очиж уулзсан. Ер нь Монголын ард түмэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид хэвлэлийн мэдээгээр л юманд ханддаг болсон байна. Тухайлбал, С.Баярцогтыг офшор данстай, 1 сая орчим доллар нууж, түүнийхээ төлөө хариуцлага үүрэх гэж байгаа гэх мэдээлэл тарсан. Гэтэл бодит байдал дээр энэ бүхэн үнэн үү гэдгийг бид бүхэн мэдэх хэрэгтэй байна.
Уг нь эл асуудалд АТГ эрүүгийн хэрэг үүсгэчихээд явж байтал прокуророос татаж аваад хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл ямар учраас хэрэгсэхгүй болгосон, бас ямар шалтгаанаар хэрэг үүсгээд явж байсан гээд олон зүйл ойлгомжгүй үлдэж байгаа юм.
Аливаа хөрөнгийг хоёр түвшинд хувааж болно. Нэг нь буяны хөрөнгө бол нөгөөх нь бузрын хөрөнгө. Өөрөөр хэлбэл, татварын тогтолцоо, өнөөгийн нийгмээс болоод тодорхой ашиг орлогоо нуух, хөрөнгө орлогоо дутуу бичиж, татвараас зугтах гээд л янз бүрийн үйлдэл хийдэг. Энэ бүхэн уг нь буруу. Гэвч өнөөгийн тогтолцоо нь ийм учир бага ч гэсэн ойлгож болох юм.
Харин бузар мөнгө бол цэвэр авлига, албан тушаал, хээл хахуулиас олсон мөнгөө энд тэнд нуун дарагдуулж, зугтахыг хэлдэг. Тэгвэл бид өнөөдөр тэр яригдаад байгаа мөнгөнийхөө утгыг мэдэх ёстой. Хоёрдугаарт, үнийг нь болоод хоёр найз гэх хүнийг нь мэдэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бид тааж тоглох хэрэггүй.
Өнөөдөр жирийн албан хаагч хөрөнгөө нуун дарагдуулсан бол АТГ-аас мэдэгдэл явуулдаг. Харин байгууллага нь тэр мэдэгдэлд үндэслээд цалинг нь хувьдах, цаашлаад халах зэрэг шийдвэр гаргадаг. Түүнээс биш ажилчин нь бид сонголтоо хийе. Миний цалинг 20 хувиар хасаарай гэх зүйл ярьдаггүй.
Тэгвэл хүн бүрт хууль тэгш үйлчилдэгийн адилаар өөрөөр нь захиргааны шийтгэлийг сонгуулах бус бид тэр шийтгэлийг өгдөг байх жишиг тогтоох хэрэгтэй. Тэр утгаараа С.Баярцогтын асуудал дээр өнөөх яригдаад байсан мөнгөний дүн, хэн хамт оролцсон, ямар учиртай үнийн дүн байсан, яагаад АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн, яагаад эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэх бүх утгыг нь мэдэх ёстой учраас би прокурорт хандсан. Прокуроос хоёр хоногийн дараа хариугаа авна. Эцэст нь, хүмүүс зөв мэдээлэлтэй болсон нь дээр.
-Хүний газар зовж зүдэрч явахад нь тэр хүний боломжийг гаргаж өгөхийг л бодсон-
-Ажлаа хийж чадахгүй байгаа олон сайд бий. Тухайлбал, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг салбарыг унагаасан гээд л ярьж байдаг. Заавал яагаад С.Баярцогтыг өргөн барих болов?
-Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамба гэдэг хүнийг огцруулах ёстой гэдэгт би саналаа хэлэх эрт байна. Яагаад гэвэл би өөрийнхөө мэддэг салбар, мэддэг зүйлээ л хийхийг хүсдэг. Надад хуульзүйн салбар илүү ойр байсан. Тиймээс ч хууль зүйн шинэчлэл буруу байна гэж хэлж байсан. Улмаар хуульзүйн шинэчлэлийн алдааг засах ёстой гэсэн ч Х.Тэмүүжин алдаагаа засахгүй хувийн шинжтэй маргаан болгосон.
Ингээд Х.Тэмүүжинг огцруулах ёстой гэдгийг өргөн барьсан ч хуулийн байгууллагынхан болоод хувь хүмүүсийн янз бүрийн үндэслэлтэй, үндэслэлгүй мэдээллүүд гарч эхэлсэн. Тэр мэдээллээс болоод нэг хүүхний асуудал яригдсан. Эцэстээ төрийн байгууллага хийгээд албыг хэнд ч хамаагүй хүүхний асуудал болгосон нь Монгол төрийг гутаасан хэрэг учраас би ийм зүйлд оролцохгүй гээд өргөдлөө татсан.
Мэдээж үүнд намын даргын шууд нөлөөлөл байгаа. Яагаад гэвэл хүний газар зовж зүдэрч явахад нь тэр хүний боломжийг гаргаж өгөхийг л бодсон. Өөрөө ч тэгж хүссэн. Тиймээс би ядаж нэг удаа ч гэсэн тус болоё гэж үзэж өргөдлөө татаж байсан удаатай.
Ийм л хоёр шалтгаанаар би Х.Тэмүүжинг огцруулах саналаа татсан.
-Өнөөдөр Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёроо ялгахаа байчихаад байна-
-С.Баярцогт дээр?
-Би Өргөдлийн байнгын хорооны дарга. Хэрвээ би Эдийн засгийн байнгын хорооны дарга байсан бол Сангийн яамтай, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байсан бол Хөдөлмөрийн яамтай тулж ажиллах байсан. Тэд нарыг шахаж, ажил хий гэж үүрэг даалгавар өгөх байсан.
Гэтэл өнөөдөрӨргөдлийн байнгын хорооны дарга учир яах ч аргагүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай шууд холбогдоод байгаа юм. Учир нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь хоёр үндсэн үүрэгтэй. Нэг нь, УИХ, Засгийн газрыг холбох үүрэг. Харин хоёрт, төрийн албаны хүний нөөцийн бодлогыг барих үүрэг бий.
Нэг сайд солигдохоор бүхэл бүтэн яам бүтцээрээ өөрчлөгдөж байгаа талаар олон хүн хэлж байна. Үүнийг болих хэрэгтэй. Төрийн алба хаагчдыг тайван байлгамаар байна. Тэгэхээр өнөөдөр улс төрийн албан тушаалтан гэж тусдаа, төрийн жинхэнэ алба хаагч гэж тусдаа байх ёстой гэдгийг би хэлсэн. Үүнд шууд хөндлөнгөөс хэн ч нөлөөлөх эрхгүй гэдгийг хуулиар баталгаажуулж өгөх хэрэгтэйг ч тусгасан.
Миний хувьд С.Баярцогтод дөрвөн ажил хий гэсэн үүрэг өгсөн.
Гэтэл нэгийг нь ч хийгээгүй. Тухайлбал, хууль бус шийдвэр байгаа бол хуулийн дагуу болго. Хууль бусаар халагдсан хүн байвал ажилд нь ав. Мөн ажлаас халах асуудлаас болж улс 10 тэрбум төгрөгөөр хохирсон. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн алдаанаас төр хохирсон. Тэгвэл энэ хохирлыг төлүүлэх тал дээр хуулинд өөрчлөлт оруулж зохицуул гэсэн. Гэвч дээр хэлсэнчлэн эдгээрээс нэгийг нь ч хийгээгүй.
Ер нь Баасанхүү гэдэг хүн ярьж л байг, ямар хамаатай юм гэж үзэж болохгүй. Би Байнгын хорооны даргын хувьд ажлаа хийж байна. Ажлаа хийхийн тулд тэр хүнийг сахилгажуулж байна. Дараа дараагийн хүмүүс Өргөдлийн байнгын хороог авч явахдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ийм том толгойтой байдаггүй юм, яг ажлаа хийдэг гэдэг үүднээс хандмаар байна.
Манайд бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэхээр Ерөнхий сайдын зөвлөх шиг хандаад байна. Шадар сайд бол Ерөнхий сайдыг орлож болно. Хэрэг эрхлэх газрын даргад хийх ёстой ажлыг нь тодорхой заачихаад байхад өнөөдөр Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёроо ялгахаа байчихаад байна. Хэнийг нь огцруулах гээд байгааг ч мэдэхээ больчихоод байна. ТэгэхээрС.Баярцогт гэдэг хүн үүргээ ухамсарлаж ажлаа хийх ёстой.
-УИХ-д өмнө нь 25 жил суусан хүний үг үнэтэй, миний үг үнэгүй-
-Өөрийн чинь хувьд гишүүн болчихоод юу хийж амжуулсан юм бэ. Зарим хүн таныг юу хийж бүтээсэн юм хэмээн шүүмжилж сонсогддог?
-УИХ-д өмнө нь 25 жил суусан хүн 25 жил телевизээр нүд нь цавчихгүйгээр худлаа яриад сурчихсан учраас тэрний үг үнэтэй, миний үг үнэгүй юм шиг сонсогдож болох юм.
Гэхдээ улс оронд хийсэн юм гэдэг үнэлэгдэх ёстой. Би гурван жил болохдоо жил болгоныхоо тайланг гаргаж, гурван мянга болгон хэвлүүлсэн. Би 3 сая хэвлүүлж чадахгүй. Тиймээс хэрвээ хүсч байгаа сэтгүүлч байвал бүгд хүрч ирээд үзээсэй. Олон нийтэд дэлгээсэй гэж хүсч байна.
Би 26 хууль санаачилсан. Магадгүй хамгийн олон хууль санаачилсан ч байж болно. Гагцхүү батлагдсан нь цөөхөн. Тухайлбал, НӨАТ-ийн хуулийг 3 хувь болгоё гэж хэлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн татвартай холбоотой хууль санаачилж болохгүй гээд буцаасан.
Гэтэл өнөөдөр НӨАТ-ийн хууль 3 хувь болсон бол ард түмний нуруу яаж тэнийх байсан бэ?. Цаашлаад би бүх аймаг, нийслэлд хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлвэл бүгд эдэлбэр газар, хотын төсөв зэргээ шийдчихнэ гэж үзээд байгаа.
Тухайлбал, Увсад Улаангом гэж хот, Дорнодод Чойбалсан гэж хот байгаа ч ерөөсөө л нийслэл нь хоттой байх ёстой юм шиг ойлголт тогтчихож. Аймаг нь хотгүй байх ёстой гэх сумын сэтгэлгээгээр хандаад, үүнийг бүхэл бүтэн УИХ-ын тамгын газрын ажилчид ч ойлгохгүй байна. Ерөөсөө л Үндсэн хуулинд өөрчлөлт хийх ёстой юм яриад байна. Тэгвэл энэ бүхний эрхзүйн байдлыг зохицуулах хууль санаачлаад байгаа.
-90 тэрбумыг үргүй цацаж байгааг ард түмэн ойлгох хэрэгтэй-
-Төсвийн асуудал нилээн хурцаар яригдаж байна. Таны хувьд хэрхэн харж байна?
-Манай ард түмэн өнөөдөр хууль мэдэхгүйгээсээ болж дэндүү их хохирч байна. Ялангуяа төрийн албан хаагч нар. 2015 онд 90 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөн. Хэн ч тэрийг нэхэхгүй юм. Тэгсэн хэрнээ “Ажил олгогч эздийн холбоо”, “Үйлдвэрчний эвлэл” Засгийн газартай нийлээд 90 тэрбум яасан хэмээн асуухынхаа оронд бид чинь дампуурч байгаа юм байна гээд гарын үсэг зураад байх юм.
Бид дампуурч байгаа юм бол 17 тэрбум төгрөгийг Америкийн 2 иргэнд өгч яах юм. Мөн 200 саяаар “Ланд” авч яах гээд байгаа юм. Цаашлаад, Даншиг наадам хийж, уул тахиж яах юм бэ. Үүний оронд нэг хүний цалин нэмэгдвэл дээр биш үү. Тэгэхээр 90 тэрбумыг үргүй цацаж байгааг ард түмэн ойлгох хэрэгтэй байна.
-УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болоод миний нэр дээр жийп байхгүй-
-Таныг машинтай, машингүй гээд л Ч.Сайханбилэг сайд яриад байх юм. Танд 66-99 гэдэг “Ланд 200” байдаг юм биш үү?
- УИХ-ын Тамгын газрын нэр дээр нэг ширхэг ч машин байхгүй гэж бий ойлгож байгаа. УИХ-д хэрэглэгдэх машиныг УИХ-ын тамгын газар нь Засгийн газрын автобаазтай гэрээ хийж, дуудлагаар унуулдаг.
Орон нутагт явах шаардлагатай бол жийп, харин хот дотор явах шаардлагатай бол жижиг тэрэг аваад явдаг.
Өргөдлийн байнгын хороо 60 мянган өргөдөлтэй учир гэр хороолол, орон нутгаар байнга явдаг. ЗГХЭГ-ын даргаар Ч.Сайханбилэг ажиллаж байхад би Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг дагаж Хишиг-Өндөр сум руу явсан. Тэгэхэд сэтгүүлчидтэй явж байсан миний машин халзан дугуйтайгаас болж хоёр удаа аваар хийх шахсан. Цувааг гүйцэхгүй сандарсан. Тиймээс би ЗГХЭГ-ын дарга байхдаа та ийм машин өгсөн. Тэгэхээр дуудлагын машиндаа чанартай машин явуулж байгаарай гэдэг зүйлийг л хэлсэн. Үүнийг би хувьдаа машин авах гэсэндээ хэлээгүй.
Байнгын хорооны харьяалалд энэ машин байдаггүй. Байнгын хороо энэ машиныг аваад хэрэгтэй үедээ хэрэглээд км-ээр нь тооцоод бензиний мөнгийг нь тамгын газраас шилжүүлдэг учиртай. Тэгэхээр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болоод миний нэр дээр машин байхгүй. Энэ бол ЗГХЭГ-ын харьяа авто баазын машин.
Автобаазын өмчлөлийн машин О.Баасанхүүгийнх гэж хэлж буйгаараа хүн гүтгэж байгаа хэрэг. Зарим сэтгүүлчид бүр захиалгаар зураг авч, гэрийн хаягийг минь ч олонд зарлаж байна лээ. Тэгэхээр эд нар яг юу хийх гээд байна. Яасан их улайрч байна хэмээн би гайхаж байгаа.
Түүнээс биш тэд Баасанхүү гэдэг хүн жийпгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.