Малын генетик нөөцийн хуулийн тухай төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2015.10.14/ үдээс өмнө хуралдаж хоёр асуудал хэлэлцэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх шийдвэрлэлээ.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан. Малын генетик нөөцийн тухай хуулиар дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн мал, түүний генетик материалыг “малын генетик нөөц” гэж шинээр томьёолон, энэхүү нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, эрсдэл, хандлагыг үнэлэх, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэх, хадгалах, хамгаалах, ашгийг төвлөрүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцаах зохицуулах юм байна.
Малын генетик нөөцийн нэгдсэн бүртгэл байх бөгөөд энэ бүртгэлийг үндэслэн малын удам зүйг үнэлэх, малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлд малыг уугуул орчинд болон нутагшуулан, генетик материалыг тусгай орчинд хадгалж, хамгаалахын зэрэгцээ малын үржлийн ажил, үйлчилгээг итгэмжлэл бүхий нэгж эрхлэхээр, холбогдох мэргэжлийн холбоо малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, доройтол мөхлөөс урьдчилан сэргийлэх, хөгжүүлэх чиглэлээр санал гаргах, малын генетик нөөцөд нөлөөлж буй байгаль, орчин, нийгэм, эдийн засаг, соёлын хүчин зүйлүүдийг тодорхойлж, тэдгээрийг багасгах, арилгах арга замыг тодорхойлох, малыг ялган тэмдэглэж удам зүйн бүртгэл, мэдээллийн дэд санг бүрдүүлэх, үржилд ашиглах малыг холбогдох журам, дүрмийн дагуу хянан баталгаажуулах зэрэг ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэхээр тус тус тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлсэн. Гишүүдийн зүгээс монгол малын генетикийн үүлдэр угсааг хэрхэн хадгалах, монголын нөхцөлд тохирсон ямар мал байх ёстой, малын генетик удмын санг хамгаалах зэрэг асуудлыг хөндсөн юм. Мөн олон жилийн эрдэмтдийн судалгаагаар 40 гаруй төрлийн үүлдэр угсааг гаргаж ирсэн. Ингэснээр аль аймагт ямар үүлдэр угсаа тохирохыг шинжлэх ухааны үндэстэй гаргасан байгаа.
Иймд шинжлэх ухааны үндэстэй гаргаж ирсэн генетикийг хадгалж байгаа цөм сүргийг аймаг орон нутагт нь хадгалж үлдэх ёстой. Хуулийн төсөлд шинжлэх ухааны судалгаанд тулгуурласан үг өгүүлбэр харагдахгүй байна гэдгийг хэлж байв.Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт гарах эсэх асуултад одоо байгаа бүтэц хэвээр байх тул төсөвт нэмэлт хөрөнгө шаардагдахгүй гэсэн тайлбарыг өгсөн юм.
Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 70 хувийн саналаар дэмжлээ.
Мөн байнгын хорооны хуралдаанаар Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцууллаа. Жил ирэх тутам нэмэгдсээр байгаа их хэмжээний хог хаягдлын улмаас газрын хөрс, ус, агаар бохирдож, халдварт өвчин гарах нөхцлийг бүрдүүлж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаагаас дүгнэхэд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтөөс шалтгаалж тухайн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй, өнөөгийн шаардлага хангахгүй байна. Нийт хог хаягдлын 82 хувийг дахин боловсруулах боломжтой, үлдсэн 18 хувийг нь дахин ашиглах боломжгүй хог хаягдал эзэлдэг.
Гэвч дахин боловсруулах боломжтой хаягдлыг ангилан ялгалгүй, дахин боловсруулалгүй, ил хаях болон газрын хөрсөнд булж устгаж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, хүний эрүүл мэндэд бодитой аюул занал учруулж байна. Монгол Улс хог хаягдлын талаар баримталж буй НҮБ-ын бодлого, санал зөвлөмжийг харгалзан үзэж, олон улсын нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан талаар илтгэлд дурдав.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хууль батлагдсанаар иргэдэд эдийн засгийн дарамт бий болох эсэх асуудлыг тодотгосон. Түүнчлэн уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас бий болсон хаягдал бохирдлыг зайлуулах, цэвэршүүлэх, ямар хариуцлага тооцох талаар төсөлд тусгагдсан заалт байхгүй байгааг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл өгсөн тайлбартаа, хог хаягдлыг дахин ашиглах бизнесийг ямар ч зөвшөөрөлгүйгээр чөлөөтэй хэрэгжүүлж болохоор төсөлд тусгагдсан. Хог хаягдлыг сэргээн ашиглах технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд орон нутгийнхаа засаг захиргаанаас зөвшөөрөл аваад иргэд энэ бизнесийг хийж болохоор байгаа. Хог хаягдлын хувьд татварын хөнгөлөлтөөр байгуулах химийн технологи орсон нарийн үйлдвэр байгуулах бол тухайн үйлдвэрийн лицензийг Аж үйлдвэр хариуцсан төрийн захиргааны төв байгуулагаас олгоно. Мөн хог хаягдлыг тээвэрлэх зөвшөөрөл олгогдоно.
Энгийн хог хаягдлыг тээвэрлэх зөвшөөрлийг орон нутаг өгөхөөр байгаа бол аюултай хог хаягдлыг тээвэрлэх зөвшөөрлийг байгаль орчныг хариуцсан байгууллагууд өгөхөөр зохицуулагдсан. Эдгээр зөвшөөрлүүдийг авсны үндсэн дээр хог хаягдлын эргэн тойронд олон янзын бизнес бий болох нөхцөл бий болно. Аймаг орон нутагт гарч байгаа уул уурхай, үйлдвэрлэлийн бүх аюултай хог хаягдал заавал саармагжиж байж энгийн хог хаягдал руу орохоор зааж өгсөн. Энгийн хог хаягдлын байршлыг орон нутаг хурлаараа шийднэ. Аюултай хог хаягдлын байршлыг Засгийн газар шийднэ. Энгийн хог хаягдал руу хогоо нийлүүлэхийн тулд тухайн үйлдвэр, уурхай заавал саармагжуулах, цэвэрлэх үүргийг энэ хуулийн төсөлд оруулж өгсөн гэлээ.
Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих саналыг гишүүд 90 хувийн саналаар дэмжив.
Үүний дараа Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакейг баталлаа