УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2015.10.15

Архины асуудал бидний хувьд гамшиг болчихоод байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 70.2 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дээрх хуульд өөрчлөлт оруулах болсон нь Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй холбоотой аж. Энэ нь хөнгөлөлттэй тариф хэрэглэх заалт юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хүрээнд аж ахуй нэгжүүд гаалийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Монгол улс өөрсдийн хууль дүрмийн дагуу үүнийг яих эсэхээ шийдэх ёстойгоос биш гадны шахалтаар шийдэж болохгүй. Архи тамхитай холбоотой асуудал дэлхий нийтийн асуудал болж байгаа учраас улс орны дотор үүсч буй нөхцөл байдалдаа зохицуулж татварын бодлогыг улс орон бүр гаргах ёстой. Архины асуудал бидний хувьд гамшиг болчихоод байна” гэлээ.

Одоо УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байгаа бөгөөд үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. Үдээс хойшхи хуралдаан Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнээр эхэлнэ.