Хариуцлага алдсан хүнийг хаацайлах нь шударга ёсонд нийцэхгүй
МАН-ын дарга М.Энхболд
2015.10.15

Хариуцлага алдсан хүнийг хаацайлах нь шударга ёсонд нийцэхгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурлын үөэр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн горимын санал гаргалаа.

Тэрбээр “УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцох талаар Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлтийг хүлээж авахгүй гэдэг шийдвэрийг олонхиороо гаргасан. Шийдвэрийг хүлээж авахгүй гэсэнтэй холбоотойгоор Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцох тухай асуудлыг Цэцийн дүгнэлтийн дараа болно гэж байсан нь шийдэгдсэн гэж болно.

Тиймээс өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар О.Баасанхүү гишүүний гаргасан Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцьө гэсэн горимын санал гаргаж байна. О.Баасанхүү Цэцийн дүгнэлт гарахаас өмнө энэ асуудлыг өргөн барьсан. Байнгын хороогоор долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой байсан ч Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр халхавчлан сар гаруй хойшлууллаа.

Х.Тэмүүжин гишүүн ч үүнийг хуулийн талаас нь тайлбарлалаа. С.Баярцогтын асуудлыг УИХ дээр ярихдаа ажлын хэсэг гаргаж, шалгалт хийж Цэцэд хөрөнгө мөнгө өгсөн гэх эвгүй зүйл яригдсан. Ийм тохиолдолд өмөөрөөд хамгаалж суугаад байх нь шударга ёсонд нийцэхгүй. Өнөөдөр улс орны эдийн засаг, ард түмний амьдрал, Засгийн газраас УИХ-д өргөн барьчихаад байгаа төсөв, хийсэн боловсруулсан юмныхаа царайг хар.

Тиймээс хариуцлага тооцох асуудал байх ёстой. Тэгж байж бид цаашдаа явна. Болохгүй байгаагаа засч, эдийн засгийн хүндрэлтэй асуудлаа цаашдаа хамтраад шийдээд явах хэрэгтэй. Хариуцлага алдсан тохиолдолд хаацайлаад сууж болохгүй. Тиймээс горимын саналд санал хураалга гэж Байнгын хорооны даргаас шаардаж байна” гэлээ.