УИХ бүрэн эрхийнхээ хамгийн хариуцлагатай хуралдааныг хийж байна
УИХ-ын нэгдсэн чуулган
2015.10.15

УИХ бүрэн эрхийнхээ хамгийн хариуцлагатай хуралдааныг хийж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн  С.Бямбацогт “ 2012 онтой харьцуулахад төрөөс цалин авдаг хүмүүсийн тоо 30 гаруй мянгаар нэмэгдсэн. Зөвхөн цалингийн зардалд 600 тэрбум төгрөг нэмэгдсэн байгаа.  Хэрэв төрийн албан хаагчдын тоо нэмэгдээгүй байсан бол тэдний цалинг 50 хувь нэмэгдүүлэх хэмжээний мөнгийг данхгар бүтцэд зарцуулж байна. Зөвхөн төрөө данхайлгасны төлөө нэг их наяд төгрөгийг зарцуулж байгаа. Энэ бол 1000 цэцэрлэг барих мөнгө. Бодлогын алдаа хэзээ засагдах вэ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төсвийн хүрээний орлого, зарлага өрийн хэмжээнд маш чухал бодитой тооцооллыг хийж байж төсвийн хүрээний төсөөллийг батлах ёстой. 2016 оны төсвийн тухай хуулинд хийсэн дүгнэлтүүдийг уншихад хөнгөн хандсан байдлууд харагдаж байна. Бид алдагдсан боломжийг огт тооцдоггүй. Хэрэгжсэн хөтөлбөр нэг ч алга. Ирэх жилийн төсвийг гэнэн өөдрөгөөр батлах юм бол ирэх жил 2,3 удаа дахин батлах шаардлага үүснэ”.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “УИХ бүрэн эрхийнхээ хамгийн хариуцлагатай хуралдааныг хийж байна. Эдийн засгийн гадаад орчин маш хүчтэй өөрчлөгдсөн. Түүнийг дагаад бид ч бас яаралтай өөрчлөлтийг хийх шаардлага тулгарсан. Уул уурхай дагасан супер циклийн үнэ дууссан. Уналтын үед хэдэн жил амьдарна.  Үүнтэй холбоотойгоор бид яаралтай төрийн алба болон өсөлтийн үед тэлсэн эдийн засгийн бодлогыг эргэн харж, бодлогын цоо шинэ иформыг хийхгүйгээр цаг алдвал Монгол улсад, ард түмэнд асар их хохирол ирнэ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Сүүлийн жилүүдэд төсвийн тодотголыг жилдээ 2-3 удаа хийдэг болсон. Энэ нь төсвийн хүрээний мэдэгдэл, боловсруулалтаа хийхдээ маш буруу хийж байна гэсэн үг. Орлого олж буй гол эх үүсвэрүүдийнхээ дэлхийн зах зээлийн ханшийг буруу тооцож байна. Хариуцлагагүй эрх барьж буй нөхдүүдийн алдаатай бодлогоос болоод төсвийн тодотголоо дахин хийх гэж байгаа. Тиймээс хариуцлагыг хэнд тооцох ёстой вэ? “ гэлээ.

 Гишүүд асуулт асуусны дараагаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 76.4 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.