2015.10.16

Алдаа, дутагдал оноог дэнсэлж үзсэн үү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимд шилжээд байна.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд “Засгийн газрыг 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхэлж есөн яамтай ажиллахаар тодорхой санал боловсруулаад оруулаад ирлээ. 1996-2000 онд ийм бүтцээр явж үзсэн. Алдаа, дутагдал оноог дэнсэлж үзсэн үү. Зарим яамд ачаалал нь ихдээд явчихдаг байсан. Эдгээрийг тооцож үзсэн үү гэдэгт хариулт өгөхийг хүслээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойшхи түүхээ харахаар Ерөнхий сайд нэг л удаа есөн яамтай ажилласан. Бусад үед 15-17 яамтай ажиллаж байсан. Үүнийг байнга шүүмжилж ирсэн. Болж өгвөл Үндсэн хуульдаа бүтцээ хийгээд оруулах нь чухал байгаа. Төсвийг хэлэлцэж байх үед яригдсан зүйл төрийн албаа цомхон болгох. Толгойноосоо эхлэх. Төрийн албаны 4 ангилал дотроос үйлчилгээний албаа төрийн албанаас гаргах тухай ярилцаад энэ хүрээнд эхний удаад яамдаа цөөлөхөөр оруулж ирсэн.

Судалгааны тухайд УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг дээр яригдсан. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг дээр мөн байсан санал. Энэ бүхнийг бодолцож, цомхон бүтцээр ажиллах санал мэдүүлсэн” гэсэн тайлбар хийлээ.