Төсвөөр улс төр хийж болохгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2015.10.16

Төсвөөр улс төр хийж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хурлын тоймыг хүргэж байна.

Өнөөдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр

УИХ-ын гишүүн Я.Содбаатар  “Өнөөдөр зааланд найман сайд л орж гарч байна. Ардчилсан намаас танхимд есөн хүн л байгаа. Энэ асуудалд анхаарлаа хандуулж байж төсвөө батлах ёстой. Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ яагаад орох орлого орохгүй байгаа вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй. АН-ын бүлгүүдийн доторх фракцуудаас болж томоохон төслүүд зогссон. Төсвийн орлогыг тасалдуулсан, төсөв хэлэлцүүлэх хүрээнд хийгдэх ёстой ажлуудыг тасалдуулсан нөхдүүдэд яаж хариуцлага тооцох вэ?

УИХ-ын гишүүн С.БямбацогтЧуулганы хуралдаанд 31 гишүүн оролцож байна, та ирцээ хар. Эрх барьж байгаа бол ачаагаа үүрсэн шиг үүрээд ирцээ бүрдүүл. Та нарын өмнөөс ачаа үүрээд бид өчигдөр Төсвийн хүрээний мэдэгдлийг батлуулсан. Танай гишүүдийн ирц хангалтгүй, ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа учраас манай 15 гишүүн хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн юм.

Үүний дараагаар дэмжиж байгаа болон дэмжихгүй гишүүдийн саналыг сонслоо.

УИХ-ын гишүүн А.Бакей “Төсвөөрөө хүртэл утгагүй улс төр хийгээд байхаар улс орны нөхцөл байдал яах вэ?   Маш хүнд байдалд орж байна. Тийм учраас Засгийн газар өөрсдийн эрх мэдлийн хүрээнд төсвөө боломжийн боловсруулаад УИХ-д оруулж ирсэн. Тиймээс УИХ өөрчлөлт сайжруулалт хийгээд баталж гаргах л хэрэгтэй байна. Түүнээс биш төсвөөр улс төр хийж болохгүй”

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “ Төсөв гэдэг бол УИХ-ын хэлэлцэж буй асуудлууд хамгийн чухал нь. Төсвийн тодотголыг хэлэлцэж байгааг харахад маш хариуцлагагүй байна.  УИХ засаг төртэй хариуцлага тооцож чаддаг байгууллага. Хуулийн дагуу сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нар бүгд байж байх ёстой. Гэтэл хэн ч байхгүй байна. Төсөвт хандаж буй хандлагад нь хариуцлага тооцох ёстой болчихжээ. Ийм цөөхөн бүрэлдэхүүнтэйгээр төсвийг баталж байсан түүхийг би л лав мэдэхгүй.

 

 Уг асуудлаар санал хураалт явуулж, 38 гишүүн буюу 73 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараагаар гишүүд УИХ-ын даргын өрөөнд даргын зөвлөлийн хуралд оролцох юм. Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.