Энэ тэгээд “ядарсан” төсөв мөн үү?
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нар танилцуулав.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, А.Тлейхан, С.Бямбацогт, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, Л.Болд, Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нарын тавьсан асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Сангийн сайд Б.Болор нар хариулт өглөө.
УИХ-ын гишүүн О.Содбилэг “2016 оны төсвөөс тойргийнхоо хөрөнгө оруулалтын ажлыг эхлээд харлаа. Гэтэл өмнө нь ярьж байсан Эрдэнэтийн асуудал байхгүй байна. Тэгсэн хэрнээ “ Угтах хаалга” гээд л шинэ ажлыг 2016 онд эхлүүлээд 2016 онд дуусгахаар заасан байх юм. Өмнөх онуудад эхлээд царцсан барилгууд бий. Огт хэрэггүй зүйлсүүд яагаад орсон юм бэ гэдгийг асуумаар байна” .
УИХ-ын гишүүн Л.Болд “Олимпод оролцох тамирчдаа төсвөөрөө дэмжээд явмаар байна. Энэ бол хэдэн тамирчдын асуудал биш, нийт монголчуудын эрүүл мэнд, эв нэгдлийн асуудал. Үүнийг шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Олон спортын холбоо байгаа. Тэд өөрсдөө хөөцөлдөөд ирэхээр эндээ хүнд суртал гаргачихдаг. Бид нар ирэх хавар гэхэд хөнгөн атлетикийн анхны замтай болох гээд тэмүүлж байна. Үүнийг засаг дэмжиж өгөөч.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Төсвийг ойлгож, зардлаа багасгая гэдгийг дэмжиж байгаа. Гэхдээ цалин хасна, тэтгэвэр нэмэхгүй гэсэн хэрнээ нөгөө талдаа 100 гаруй тэрбум төгрөгөөр шинэ объект барина гэдгийг гайхаад байна. Уучлаарай, зуун тэрбум биш урсгал завсар энэ тэрээ нэмбэл 900 тэрбум болно. Цалин хасна гэж хэлчихээд Эрдэнэт хотод өчнөөн мөнгөөр угтах хаалга барихаар ярьж байна. Тэтгэврийн насыг нэмнэ, тэтгэврийн мөнгийг нэмэхгүй гэсэн мөртлөө Нийгмийн даатгалаас 30 тэрбум төгрөгөөр барилга барьж өгч яах гээд байгаа юм бэ. Энэ тэгээд “ядарсан” төсөв мөн үү. 2016 онд хэзээ бүтээн байгуулалт явж байсан юм бэ... Тэр их хурлын цалингаа хасдаг юм байгаа биз. Би хувьдаа зөвшөөрч байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Миний үг хэлэх эрхийг та битгий за. Макро эдийн засгийн суурь үзүүлэлтийг зөв тооцоод, орлогоо бүрдүүлээд зөв хуваарилах ёстой. Ирэх оны төсвийг Монгол Улсын иргэн бүр анхааралтай хандаж байгаа. Экспортын чиг баримжаагаа буруу тооцсон. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиа буруу тооцсон.Данхайсан төрийн албан хаагчдаа цалинтай болгох гээд жирийн иргэддээ дарамт болсон төсөв оруулж ирж байна. Төсвөө алдагдалгүй батлаад ирэх онуудад өр төлөх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Санхүүгийн сахилга бат алдагдсан төсөв орж ирж байна. Ард түмнээ битгий хуур. Эдийн засаг дампуурч байгаагаа хэл, валютын нөөцөө шавхсанаа хэл. Оросод өргөн хэрэглээний үнэ асар хямдарсан. Шатахууны үнэ хямдарсан, үр тарианы үн хямдарсан, барилгын материал хямдарсан. Шатахуунаа нөөцөлсөн байх ёстой. Данхайсан төрөө тэжээх, зам, байшин барьж дундаас нь хувь авах явдал чинь байна. Баахан өр авлага хийсэн. Үүнийгээ засаач ээ
Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр нар үг хэллээ.
Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 73.1 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш хаалттай горимоор хуралдаж байна.