Ээлжит бус хуралдаанаар зургаан сайд огцорох уу ?
УИХ-ын чуулган 8-сарын 3-нд хуралдана
2015.07.16

Ээлжит бус хуралдаанаар зургаан сайд огцорох уу ?

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын 3-нд хуралдана. Хаврын чуулганаар 33 хууль батлах байсан ч бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг хэлэлцэж баталснаар чуулганыг өндөрлүүлсэн.

Тодруулбал, Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг” болон эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлийн хууль баталлаа.

Түүнчлэн Төрөөс аж үйлдвэр, эрчим хүчний талаар баримтлах бодлого, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудыг шинээр баталж, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойлсон зэргээр дурьдаж болно.

Харин хаврын чуулган эхлээд нилээд хүлээлт үүсгээд байсан Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж чадсангүй. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл өргөн баригдаагүй учраас мөн л хэлэлцэлгүй орхисон ордны гадна үлдлээ.

2016 оны УИХ-ын сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн учир “Сонгуулийн нэгдсэн хуульдаа яаралтай өөрчлөлт оруулах шаардлага буйг хэн хэн нь мэдэж байгаа.Түүнчлэн Сонгууль болохоос зургаан сарын өмнө батлах хуулийн заалттай учаас зайлшгүй намрын чуулганаар батлах хэрэгтэй. Хэрвээ цаг хожино үзвэл ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх, эсэхийг нь шийдээд арван сараас зүтгүүлэх байх.

Гэхдээ уг хуулийг батлахаас өмнө “эцэг” хуульдаа гар хүрэх ёстой гэж парламентийн олонх үзэж байгаа юм. Ядаж л Үндсэн хуульд 2000 онд оруулсан дордуулсан долоо гэх өөрчлөлтийг өөрчлөх ёстой гэж үзэх гишүүд олон байгаа. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг ирэх есдүгээр сард ээлжит бус чуулган зарлаж тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзсэн.

Харин наймдугаар сард хуралдах ээлжит бусаар хуралдаж Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлаж магадгүй юм. Учир нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль батлагдахын даваан дээр буцсан билээ.

Нөгөөтэйгүүр Ардчилсан Нам, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-г цуцлахаа АН наадмын өмнө мэдэгдэж, улстөрийн хүрээнд бужигнаан үүсгэсэн. Энэ асуудлаар Ерөнхийлөгч парламентад суудалтай намуудын удирдлагууд болон Ерөнхий сайд, УИХ дахь бүлгийн дарга нартай уулзаж, Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой явах ёстой, эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд засгийн бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэх байр суурь илэрхийлсэн юм.

Тэрхүү “мэдэгдлийн” дараа засгийн бүтцэд халаа сэлгээ хийх талаарх яриа намжаад байсан ч АН-ынхан наадмын өмнөхөн өмнөх байр суурь дээрээ бат зогсохоо мэдэгдсэн. Үүнийг УИХ-ын дарга хаврын чуулганыг хааж хэлсэн үгээрээ ч бататгаад байна.

Тодруулбал, хоёр намын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаж байгаатай холбогдуулан МАН-ын 6 сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор ирэх сарын 3-нд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган зарлахаар болсноо хаврын чуулганыг хааж үг хэлэхдээ хавчуулсан.

Бас Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлдөг, халдаг буруу жишиг тогтсоноор төрийн албаны дархлаа суларч, боловсон хүчний чадавхи доройтож байгаа учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэх эсэхийг шийдсэн.

Засгийн газрын бүтцэд халаа сэлгээ хийж байгаа гол шалтгаан нь МАН төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр хоморголон халж, гэрээнд заасан чухал хууль, тогтоолын төслүүдийг гацаасан гэх тайлбарыг АН зүгээс хэлж байгаа. Тиймээс ч Ерөнхийлөгчийг өргөн мэдүүлсэн дээрх хуулийг яаралтай баталснаар засаг солигдох бүрт төрийн албан хаагчид “хөдөлгөөнд” орох байдлыг үгүй хийх юм.

Хаваржингаа Оюутолгой, Тавантолгойн асуудлаар маргалдсаар гол хуулиудаа баталж чадаагүй гэх шүүмжлэл хүлээгээд буй парламент ээлжит бусаар хуралдаж, ийнхүү гол хуулиудаа баталж, засгийн бүтцэд ч өөрчлөлт оруулах төлөвтэй байна.