Дугуй түгжих журам зогсох уу, үргэлжлэх үү?
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ болон "Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо", "Шударга төрийн төлөө" ТББ-ууд хамтран ажиллаж хууль бусаар автомашинаа ачуулж, дугуйгаа түгжүүлсэн иргэдийг төлөөлөн шүүхэд хандсан тухайгаа мэдээллээ.
Тэд эхний ээлжинд автомашиныхаа дугуйг түгжүүлж, торгуулсан иргэдэд эрх зүйн туслалцаа буюу өмгөөлөл үзүүлж эхэлжээ. Учир нь тус хэргийг Захиргааны хэргийн шүүхэд хянаж байгаа юм. Шүүх маргааныг хянан хэлэлцэх хугацаанд хууль зөрчин хэрэгжсэн дугуй түгжих журмыг зогсоож өгөх хүсэлтийг дээрх байгууллагууд Захиргааны хэргийн шүүхэд гаргажээ. Харин маргааш буюу долдугаар сарын наймны өдөр ШӨХТГ-аас гаргасан дугуй түгжих талаар гаргасан актыг хүчингүй болгох эсэхийг шүүх хурал болно.
Зориулалтын зогсоолд машинаа тавиагүй, байрлуулаагүй жолооч нарын машиныг ачих, дугуйг нь түгжих нийслэлийн журам хэрэгжиж эхэлснээр 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70-80 мянган төгрөгөөр зөөж шилжүүлж, 648 мянга орчим төгрөгийн орлогыг хууль бусаар нийслэл төвлөрүүлсэн гэсэн тооцооллыг ШӨХТГ-аас гаргажээ.
ШӨХТГ-ын зүгээс авто машин ачиж журамлаж эхэлсэн үеэс 2014 оны арван нэгдүгээр сарын 23-н буюу ЦЕГ-ын даргын хууль ёсны шийдвэр гарах хүртэл хууль бусаар тогтоосон торгууль төлсөн иргэд торгуулиа бүтнээр нь эргэн нэхэмжлэх эрхтэй. Мөн НИТХ-аас дугуй түгжих журам гаргаж, хуульд зааснаас өөрөөр зохицуулалт хийсний улмаас 11 мянга 700 жолоочийг 234 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироосон гэж үзэж байна