Иргэн бүр цахимаар газар өмчлөх боломжгүй, Түүнийг бодолц...
УИХ-ын чуулганы Баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын цагаар үргэлжисэн юм.
Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотойгоор Ерөнхий сайдад хандан асуулга тавьсныг сонсож байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчилж байгаа тул асуулгын хариуг Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өглөө.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш олон жил өнгөрсөн ч улсын хэмжээнд хүн амын 13 хувь газраа өмчилж авчээ.
Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын Ц.Баярсайхан “Би нэг л зүйл асууя. Хот хоорондын зам болон Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон хурдны замын дагуу иргэд газар эзэмших эрхтэй байгаа юм. Тэгэхээр ялангуяа аймгуудыг холбосон энэ замуудыг худалдаа үйлчилгээний цогцолбор барих боломжийг нутгийн иргэдэд түлхүү олгох нь зүйтэй гэж бодогддог. Мэдээж янз янзын зүйл барьж болохгүй. Тиймээс стандарт гаргаад, түүнийхээ дагуу худалдаа, бинзен, шатахуун үйлчилгээ нь ямар байхын хоорондоо ямар зайтай байх зэргийг тооцох хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ засгийн газрын гол мөрийн хөтөлбөрүүдийн нэг зорилт бол иргэн бүрт газар өмчлөлийн асуудлыг нь шийдэж өгөх тухай. Гэхдээ хойшлоод байгаа нэг шалтгаан нь ерөөсөө газрынхаа хуультай багц хэлэлцэнэ гэж байгаа. үүнийг нь ч гэсэн бид хүлээн зөвшөөрсөн. Газрын тухай багц хуулийг өргөн бариад Засгийн газраас эргүүлэн татчихсан. Үүнийг хэзээ өргөн барих вэ” гэв.
УИХ-ын гишүүн А.Бакей “2015 оны гуравдугаар сарын байдлаар нийтдээ 70 мянган орчим орон сууцны зээлдэгч байгаа юм. Үүнээс 40 мянга орчим нь найман хувийн хүүтэй зээлэнд хамрагдсан байна. Энэ зээлдэгчид бүгд хотынх уу, эсвэл хөдөө орон нутаг байна уу. Ер нь найман хувийн зээл орон нутагт ямар байгаа вэ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 88340 иргэн буюу 26 хувиар газраа өмчилж авсан иргэд нэмэгдсэн байна зөв үү. Хоёрт нь оршин суултын бус буюу дэд бүтэцтэй талбай харьцуулсан байдлаар хэрхэн нэмэгдсэн зэргийг 2008-2012 он, 2012-2015 оны эхний гурван улирлыг харьцуулан хэлж өгнө үү.”
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Сайд мэдээллэхдээ нийт ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 70 гаруй хувь нь Нийслэлд, 20 гаруй нь аймагт байна гэлээ. Уг нь аймаг, орон нутагт зээл авах хэрэгцээ нь их байгаа. Иргэдийн өрхийн орлого, урьдчилгаа төлбөр, зээлийн хугацаа, эргэн төлөх хугацаанууд, зээлийн хүүнүүд зэргээр зээл авах гэж буй хүнд зориулсан шаардлага гэдэг нь нэг, сумын төвд өөр зэргээр иргэдэд тохируулсан бүтээгдэхүүн гаргахгүй бол нэг л нөхцлийг тавиад байвал хүндрэлтэй.”
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Богд уулыг тойрсон газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор тэнд амьдарч байгаа 700 гаруй иргэдийн газар эзэмших, өмчлөх эрхийн асуудлыг шийдвэрлээчээ гэж иргэд нь хүсэлт тавьдаг. Одоогийн Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулиар газар эзэмших, өмчлөх эрхийн асуудлууд шийдвэрлэгдэж чадаагүй.”
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Газар хувьчлал тодорхой хувьда өрнөж байгаа гэж хэллээ. Энэ амьдралын боломжтой, интернэтэд холбогддог нийгмийн давхрага хамрагдаад газар өмчлөлийн асуудлаа шийдчихсэн. Чингэлтэй дүүрэгт нөхцөл байдал арай өөр. Иргэд бүр та бүхний зохион байгуулж буй онлайнаар захиалаад газар боломж нь бага байгаа”
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Газрын тухай багц хууль өмнөх засгийн газарт орж ирээд буцсан. Нилээд ч маргаан дагуулсан. Таныг сайд болж очсоноос хойш энэ хуультай танилцац үзсэн үү. Учир нь тухай үед үүнийг улстөржүүлж байж буцаасан. Ялангуяа сөрөг хүчин байх үед маш хүчтэй эсэргүүцэж байгаад буцаасан. Энэ хууль үнэхээр муу хууль уу, хэлэцэж болохгүй хууль байсын муу гэдгийг тодруулмаар байна” гэлээ.
Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариу сонслоо.